БНГУ-ын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзав
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.03.17

БНГУ-ын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.16/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзав.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземанн Монгол Улсын Их Хурлын даргыг албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд Доод Саксон муж улсын Парламентын байрыг танилцуулав. Доод Саксон мужийн парламент 137 гишүүнтэй болохыг танилцуулан, Доод Саксон мужийн парламентын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурахыг хүссэн юм. 

Мөн тэрээр уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Доод Саксон муж улсын Ерөнхий Сайд Штефан Майлтай уулзах үеэрээ зөвхөн уул уурхайн салбарт бус бусад салбар тэр дундаа хөдөө, аж ахуйн салбарт хамтран ажиллах саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн тэрээр УИХ-ын даргад, Доод Саксон мужийн парламентын гишүүд хэрхэн үг хэлж саналаа хураалгах болон Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны талаар танилцуулж, дурсгалын зураг авахуулснаар уулзалт өндөрлөв.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзах үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав