Нар дагуулсан Наурызын баярын мэнд хүргэе!
Наурыз бол өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр. Жил болгоны гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцдэг. Улмаар гуравдугаар сарын 23-наас өдөр уртасч эхэлдэг. Тийм болохоор гуравдугаар сарын 22-ны өдрийг казах түмэн маань нарны баяр, хаврын баяр гэж бэлэгшээн тэмдэглэсээр ирсэн. Жил ирэх бүр улам өргөн дэлгэр тэмдэглэж байгаа билээ.
Залуучууд энэ өдөр өндөр настандаа золгож, ахмад буурлуудынхаа сургаалыг сонсдог уламжлалтай билээ. Ингэснээрээ ахмадуудаа хүндэтгэн хайрлаж, тэднийхээ үг, сургаалыг ёсчлон хэрэгжүүлэх өндөр хариуцлага залууст өвлөгддөг.
Мөн байгаль, экологид ач холбогдолтой баяр. Баяраа угтаж хүн бүр орчноо төдийгүй ахуйн ариун цэврээ дээд зэргээр сахина. Хир буртагтай, хог новштой юу ч хаана ч байж болохгүй. Эрчүүд шинийн нэгний өглөө булаг шандны эхийг тордож, цэвэр ус уудаг уламжлалтай. Бас хүн бүр жил болгон мод тарих учиртай гэж үздэг юм билээ.
Долоон гарагаар төсөөлөн долоогийн тоог чухалчилж зочдоо мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгүй нэр төрлийн хоол, амттанаар дайлдаг.
2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар "Наурызыг Олон улсын өдөр" хэмээн тунхаглаж, тогтоол гаргасан. Тус тогтоолд Наурызыг сонирхож буй гишүүн орнууд, НҮБ болон түүний холбогдох мэргэжсэн комиссууд, сан болон хөтөлбөрүүд, ялангуяа НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн хороо, сонирхож буй олон улсын болон бүсийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд Наурыз тэмдэглэдэг орнуудаас зохион байгуулж буй арга хэмжээнд оролцож, дэмжиж байхыг уриалсан юм.
Нар дагуулсан Наурызын баяр бол эх орон нэгт Монгол түмний баяр юм. Халуун элгэн нутгийнхаа газар бүрт аж төрж буй казак түмэндээ нарны илчит Наурызын баярын мэндчилгээг нийслэлийн МАН-ын хорооны өмнөөс болон хувиасаа дэвшүүльө. Хөхөгчин хонин жилд Та бүхний маань ажил үйлс, заяа хийморь нь улам өөдрөг байх болтугай.
Нийслэлийн Ман-ын Хорооны Дарга Ц.Сандуй