Мэндчилгээ
Монгол орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа нийт казах иргэддээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа олон улсын Наурызын баярын мэндийг хүргэж, гэр бүлээрээ, айл хотлоороо аз жаргалтай эрүүл энх, сайн сайхан амьдрахыг хүсэн ерөөе.
Казах түмэн маань өвөг дээдсээсээ уламжлан ирсэн нарны буюу Наурызын баярыг өдөр шөнө тэнцдэг өлзий билэгтэй сайн цагт тэмдэглэж, шинэ оны анхны өдрөө ахан дүүс хотол олноороо учран золгож, буянтай буурлуудыхаа сургаал айлтгалыг сонсдог уламжлалтай.
Наурызын баяр бол урин хавартай золгосныг угтан улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирж буй жилийнхээ өнгө төлвийг билэгдэн тодорхойлдог казах түмний үндэсний соёл, ёс заншил, найрамдал нөхөрлөлийн салшгүй хэсэг билээ. Энэ ч утгаараа Нэгдсэн Үндэсний Байгууллага Наурызыг Олон улсын баяр болгон тэмдэглэж байхаар зарлан тунхагласан түүхтэй.
Тиймээс казах түмэн минь үеийн үед уламжлан ирсэн ёс заншил, соёл иргэншлээ наурызын баяраар дамжуулан дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, таниулах онцгой ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөрийг тодорхойлон хэрэгжүүлэгч салбарын сайдын хувьд онцлон хэлмээр байна.
Түүнчлэн Казах түмэн дундаас Монгол Улсын Гурван сая дахь иргэнтэй үе чацуутан мэндэлсэн баярт мөчийг эргэн дурсахад таатай байна. Та бүхэн домборын уянгат аялгуу, мөнх хөх тэнгэрт дүүлэн нисэх бүргэдийн хийморь дор Наурыз баяраараа айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ