Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг нийслэлийн хэдэн нөхөр хийчихдэг юм биш
УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар
2015.03.23

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг нийслэлийн хэдэн нөхөр хийчихдэг юм биш

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулах 24 байршилд одоогийн байдлаар 16109 нэгж талбар бүхий 1547.8 га 75 хэсэгчилсэн талбайд ундэсний 34 аж ахуйн нэгж төсөл хэрэгжуулж байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлын багагуй хэсэг нъ гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой.

Тиймээс ч тус Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, өнгөрөгч долоо хоногт нийслэлийн холбогдох албан тушаалтнуудаас гэр хорооллын нөхцөлийг сайжруулах, дахин төлөвлөх, орон сууцжуулах асуудлаар мэдээлэл сонссон. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар зарим энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Мэдээллийн үеэр та нийслэлийн холбогдох албан тушаалтнуудын ярьж буйтай зарим талаар санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

Дээрх чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа бүх ажлыг үгүйсгээгүй юм шүү. Гагцхүү энэ ажил тухайн газар, байршилдаа хэр зэрэг амжилттай хэрэгжиж байна вэ гэдэгт эргэлздэг. Учир нь энэ сарын 3-10-нд миний бие сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүрэгт ажилласан. Дүүргийн 5, 6, 7, 9, 10, 28 дугаар хороо дахин төлөвлөлтийн байршилд хамаарч буй. Иргэдийн хүлээлт асар их байгаа.

Гэвч төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд иргэдийн өмчид хууль бусаар халдаж байгаа талаар хүмүүс хэлж байна. Компаниуд өмчийг нь үнэлдэггүй, ямар нэг байдлаар гэрээ, хэлцэл байгуулсан ч түүнийгээ биелүүлдэггүй, хуурч залилах гэж оролддог талаар олон иргэн ярьж байсан. Үүнийг хууль, эрх зүйн талаас нь зохицуулах шаардлагатай байгаа юм.

Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, өмч хөрөнгөд нь зүй бусаар халдахгүй байх гэсэн Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөөр байх уу гэдэг нь энэхүү асуудлын гол болчихоод байна. Төр энэ ажилд инженерийн байгууламж зэрэг томоохон, суурь дэд бүтцийн асуудлыг нь л шийдээд өгчихвөл бусдыг нь бизнесийн зарчмаар явуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тухайн байршилд орон сууц барих гэж байгаа төсөл хэрэгжүүлэгч хийгээд эд хөрөнгө, газраа үнэлүүлэх гэж байгаа иргэдийн аль алинд нь чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллах боломж олгосон нь дээр гэж бодож байна.

-Монгол Улсын эдийн засаг гэр хорооллын дахин төлөвлөлт гэж том ажлыг төсөөлөх тэнхэлгүй хүндхэн байна шүү дээ.

Хийхийн тулд юуны түрүүнд бидэнд хөрөнгө, санхүү хэрэгтэй. Хөрөнгөө босгож, араас нь боддогоо гаргаж ирэх хэрэгтэй. Тухайлбал, нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг 2009 онд анх тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар санаачилж, Сүхбаатар дүүрэгт Долдугаар хороолол нэртэйгээр эхлүүлсэн. 2009 онд иргэдэд ам метрийг нь 100 мянган төгрөгөөр тооцож нөхөн олговор өгч байсан.

Тэгэхэд ам.долларын ханш 1200-1300 төгрөг буюу ам метр нь 90 орчим ам.доллар байв. Одоогийн үнэлгээ ердөө л 35-40 ам.доллар болж байна. Тухайн үед газраа ийм хямдхан өгч болохгүй, битгий өг гэж эсэргүүцэж байсан хүмүүс одоо ИТХ-д сууж байгаа. Харин өнөөдөр тэд газрыг ам метрийг нь 70-80 мянган төгрөгөөр үнэлж байна. Ингэж хандах хэрэггүй. Санхүүгээ босгохын тулд улстөржилтөө хойш тавих ёстой.

-Нийслэлийнхэн УИХ-д ирүүлсэн өргөдөл, гомдлуудад тодорхой тайлбар хийсэн үү?

Ерөнхийд нь Хотыг дахин хөгжүүлэх тухай хуультай болох ёстой гэсэн тайлбар хэлсэн. Энэ хүрээнд дахин төлөвлөлтөд хамрагдах тухайн байршилд оршин суух иргэдийн 75 хувь нь гарын үсэг зурж зөвшөөрсөн тохиолдолд асуудлыг үргэлжлүүлэхээр ярьж байгаа юм.