Энэ байдал хэвээр үргэлжилбэл төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.04.03

Энэ байдал хэвээр үргэлжилбэл төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй

Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ ханш унасантай холбоотойгоор төсвийн орлогын бүрдэлт муу байгаа ажээ. Ийм дүр төрхтэй явбал цаашид төсөвт тодотгол хийхээс өөр сонголт үлдээгүй гэх. 

Нийгмийн халамж талдаа цалин тэтгэврийг нэмснээс болж нийт төсвийн 60 хувь нь зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмжид зарцуулагдаж байна. Бид өнөөдөр хөрөнгийн зардалд 50 хүрэхгүй хувийг зарцуулж буй. Энэ нь тухайн эдийн засгийн мөчлөгийн үед байгаа боломжоо зөв ашиглах ёстой байсныг харуулуж буй хэрэг ажээ. Одоо эдийн засгийн уналтаасаа хэрхэн гарах вэ гэдэг нь хамгийн чухал. Манай эдийн засгийн өсөлт 7.8 хувьтай байна гэж ярьж байгаа. Үүний таван хувь нь уул уурхайн өсөлт аж. Уул уурхайн таван хувийн өсөлт дотроо дөрвөн хувь ганцхан Оюутолгойнх байгаа нь эргээд эдийн засагт өгч байгаа өгөөж нь маш бага байгааг харуулж байгаа юм. 

Энэ асуудлаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийлэхдээ “Яг ийм нөхцөл байдал цаашид хэвээрээ байвал бидэнд төсөвт тодотгол хийхээс өөр арга зам байхгүй. Төсөвт орлого оруулдаг уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээ буурлаа. Дэлхийн зах зээл дээр манай эскпортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, нефтийн үнэ буурснаас төсвийн орлогын хэмжээ буурч байна. Орлогын хэмжээ буураад ирвэл бид төлөвлөсөн зарлагаа санхүүжүүлж чадахгүй болно. Төсөв гэдэг чинь өөрөө хууль. Хуулийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Ингэхдээ бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх шаардлага тулгарна. Өнгөрсөн гурван сарын байдал хэвээр үргэлжлбэл ирэх намраас төсөвт тодотгол хийхээс өөр сонголт алга. Бид хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гаргасан. Энэ хүрээнд тодорхой хэмнэлт хийгээд явбал төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Эсрэгээрээ болохгүй байвал хийх хувилбарыг санал болгоно гэсэн үг” хэмээн ярьжээ.