С.Бямбацогт:  Монгол улс хүнээ л хөгжүүлэх ёстой
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.04.03

С.Бямбацогт: Монгол улс хүнээ л хөгжүүлэх ёстой

Эдийн засгийн чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Үдээс өмнө “Монгол улсын алсын хараа” сэдвээр чуулсан.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, нарын хэлсэн үгийг хүргэж байна.

Монгол Улсад өнөөдөр алсын хараа алга. Тийм учраас энэ удаагийн УИХ Монгол Улсыг алсын хараатай болгох ажлын хэсэг байгуулж жил гаруй хугацаанд ажиллаж байгаа. Монгол Улсаа урт хугацаанд хөгжүүлэх, алсын хараатай болох ТУГ бодлоготой болъё. Монгол Улсын төрийн бодлого тодорхой биш байна, тогтвортой биш байна. Өнөөдөр бидэнд алсын хараа байхгүй, алсын хараатай болох хууль, эрхзүйн орчинг бүрдүүлээгүй учраас төрийн бодлого намын мөрийн хөтөлбөр болчихсон.

Ийм байдлаар өнгөрсөн 20 гаруй жил болчихсон. Улс төрийн бодлого нь төрийн бодлогоо татаж чангаадаг биш төрийн бодлогодоо тохируулж мөрийн хөтөлбөрөө гаргадаг болох хэрэгтэй. Энэ үед хүнээ яаж өсгөх вэ, хөгжүүлэх вэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал. Хүн дээрээ тулгуурлаж газрын баялаг, байгалийн нөөцөө ашигламаар байгаа юм. Ерөнхийлөгч “Монгол хүний хөдөлмөрийн хөлс цагт 5 доллар байна. Харин гадныхны хөлс цагт 120 доллар байна” гэж хэлсэн. Тэгэхээр яаж хүнээ хөгжүүлж, чадвар чадамж, боловсрол мэдлэгийг нь дээшлүүлж энэ нөөцөө удирдан зохион байгуулж эдийн засгийн эргэлтэд оруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, нэмүү өртөг шингээх экспортод гаргах талаараа ярих ёстой. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь хүнээ хөгжүүлэх. Монгол улсыг 50 сая малтай гэж ярьдаг. Бельги 2.7 сая малтай. Үүнээс экспортын орлого гэж 10 гаруй тэрбум доллар олдог. Чех улс 3 сая малтай. Түүнээс  1 тэрбум доллар олдог. Гэтэл 50 сая малнаасаа бид хэдийг олж байгаа билээ. Бидэнд нөөц байна. Харин түүнийгээ удирдаж зохион байгуулах хүн маань хөгжихгүй байна. Хүнээ хүн хөгжүүлэх нь гол асуудал.