Төрд “хариуцлагын зуд” нүүрлэсэн
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.04.15

Төрд “хариуцлагын зуд” нүүрлэсэн

Тухайн тойргийн нийт сонгогчдын 10-аас доошгүй хувь нь санал гаргасан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг авч хэлэлцэхээр хуульд тусгасан гэв

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай УИХ-д өргөн бариад байгаа Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийн хүрээнд ярилцлаа.

-Ерөнхийлөгч Сон­гогд­­сон болон томи­логд­сон төрийн өндөр албан тушаал­танд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төс­лийг УИХ-д өргөн барьсан. Төрийн байгуу­лалтын байнгын хорооны даргын хувьд албан тушаалтнуудад хариуц­лага тооцох бие даасан хуультай болох шаард­ла­гыг яаж харж байна вэ?

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцүүлэхээр төлөв­­лөж байна. Хууль санаачлагчийн танил­цуул­гад хариуцлагын гэсэн тодотголтой энэ хуулийг батлах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Одоогийн мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудад төрийн алба хаагчдад хүлээлгэх хариуцлага зарим талаар бүрхэг, тодорхойгүй гэж үзсэн. Жишээ нь, Төрийн албаны тухай, Авлигын эсрэг хууль, Нийтийн ашиг сонирхлын тухай зэрэг нийтдээ 70 орчим хуульд төрийн алба хаагчид хариуцлага тооцох асуудал ямар нэг хэмжээгээр тусгагдсан байдаг.

Гэхдээ эдгээр хуулиуд ихэвчлэн босоо тогтолцоотой буюу томилогддог төрийн алба хаагчдын хувьд илүү тодорхой мөртлөө ард нийтээс сонгогддог улс төрийн үйл ажиллагаа явуулдаг бүх шатны албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага ихэнхдээ бүрхэг гэж үзсэн байна лээ. Үүнтэй би ч хувьдаа санал нийлж байгаа. Нөгөө талаар хүлээлгэх хариуц­лагын үндэслэл, түүнийг ногдуулах журам, дэг нь холбогдох хуулиудад тодорхой биш гэсэн үзсэн. Тиймээс бие даасан хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзээд байгаа юм.

-Хариуцлага тооцох ямар ямар хэл­бэ­рүүд байж болох вэ?

Төрийн албан хаагчдад сахилгын, улс төрийн, ёсзүйн гэсэн хариуцлагын хэлбэрүүд байх ёстой. Сахилгын хариуцлага гэхээр ажлаас нь чөлөөлөх, цалинг хасах зэрэг хэлбэрүүд ямар нэг хэмжээгээр хэрэгжиж байна. Гэхдээ улс төрийн албан тушаалтнуудын хувьд хүлээлгэх хариуцлага нь улс төрийн хэлбэртэй байвал яасан юм бэ гэсэн санаа хуулийн төсөлд байгаа юм билээ.

Жишээ нь, улс төрийн албан тушаал хашиж байхдаа том алдаа дутагдал гаргавал тодорхой хугацаанд нэр дэвших, сонгогдох эрхийг хязгаарлах, тухайн албан тушаалд дахин томилохгүй байх, нэр дэвшүүлэхгүй байх, эргүүлэн татах, огцруулах зэрэг хариуцлагын хэлбэрүүдийг заасан.

-Ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал туссан. Ямар тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээх вэ?

Жишээ нь, төрийн алба хаагч ажлын байран дээрээ ёс зүйгүй үйлдэл, зан авир гаргаж, тэр нь нийтэд буруу сэтгэгдэл төрүүлсэн бол уучлал гуйх, зөрчилдсөн хүмүүстэйгээ эвлэрэх зэргээр зохицуулахаар тусгасан байна лээ. Энэ бол байх ёстой хариуцлагын нэг хэлбэр. Тухайлбал, Төрийн ордон дотор бие бие рүүгээ дайрч давшлах, зодолдох зэрэг үйлдэл байж болохгүй гэж үзэж жишээтэй.

-УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрхтэй. Одоогийн хуульд үйлдэл дээрээ бариг­даагүй бол УИХ-ын гишүүнийг шал­гах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжгүй байгаа шүү дээ. Хуулийн төсөлд УИХ-ын гишүү­нийг эргүүлэн татах асуудал орсон бай­сан. Үүнийг тайлбарлахгүй юу?

Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар бол УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, тэр нь нотлогдвол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна гэж байгаа. Харин одоо өргөн баригдсан хуулинд тухайн гишүүнд итгэл хүлээлгэж сонгосон сонгогчид нь эргүүлэн татах асуудлыг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн тойргийн нийт сонгогчдын 10-аас доошгүй хувь нь санал гаргасан тохиолдолд эргүүлэн татах асуудлыг авч хэлэлцэхээр тусгасан.

Гэхдээ үүнийг хэлэлцүүлгийн явцад олон талаас нь авч үзэх хэрэгтэй болов уу. Энэ заалт дээр гишүүдийн байр суурь ч өөр өөр байна. Зөв зүйтэй гэж үзэх хэсэг байхад Үндсэн хууль, УИХ-ын гишүүний бүрэн эрх талаасаа болгоомжтой хандах ёстой гэж үзэх хэсэг байна. Тиймээс энэ асуудалд одоохондоо шийдтэй зүйл ярихад эрт байна. Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх явцад тодорхой болох байх.

-УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэдэг ойлголт явж байгаа. Үүнд яаж нөлөөлнө гэсэн үг вэ?

Хууль санаачлагчийн хувьд иргэд сон­гож, итгэл хүлээлгэсэн хүндээ эргээд хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэдэг үүднээс ийм зохицуулалт оруулсан байх. Өөр хэлбэрүүд бас бий. Жишээ нь тухайн гишүүн сонгогчдынхоо итгэлийг даагаагүй, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд дараагийн сонгуульд итгэл хүлээлгэхгүй, нэр дэвшүүлэхгүй байх сонголт нь сонгогчдод бий. Гэхдээ Үндсэн хууль, холбогдох бусад хуулиудад УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалах заалт мөрдөгдөж байна.

Үүнийг хэрхэн ойлгож, яаж хэрэгжүүлэх тал дээр нэг мөр ойлголт алга. Хууль санаачлагчид бол сонгогчид хагас эрхтэй байна гэж үзэж байгаа. Сонгох эрх нь байлаа ч хариуцлага хүлээлгэх эрх алга гэж үздэг. Тиймээс энэ эрхээ бүрэн хэрэгжүүлэхийн тулд эргүүлэн татах эрхийг сонгогчид эдлэх ёстой гэдэг үзэл баримтлалаар хандсан юм билээ. Энэ заалтыг өс хонзон авах, таалагдахгүй хүнээ эргүүлэн татах зорилгоор хөдөлгөөн өрнүүлэхэд ашиглаад тэр нь улс төрийн акц болчихож мэднэ. Тэгэхээр одоогоор энэ заалтыг зөв, буруу гэж дүгнэхэд эрт байна.

-Ер нь төрийн алба шат шатандаа хариуцлагагүй, улстөрчид нь хариуцлага хүлээх сонирхолгүй байгаатай та санал нийлэх үү?

Өнөөдөр Монгол Улсын төрийн албанд ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйл бол хариуц­лага. Нэг ёсондоо манай төрд “хариуцлагын зуд” нүүрлэсэн. Төрийн албан хаагчид тангар­гаа өргөөд, шат шатандаа эрхэлсэн ажлаа хариуц­лагатай хийж чадвал төрийн алба цаашаа­ явна. Гэтэл төрийн албан хаагчид нь хариуцлага алддаг, үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Манай улс цөөн хүн амтай. Бие биенээ тань­даг, холбоо сүлбээ нь хуулийг хэрэг­жүүлэхэд төвөг учруулж байхыг ч үгүйсгэхгүй.