Үр могой адил Монголын төр
“Төр засгийг ард түмэн сонгож, аж ахуй нэгжүүд тэжээдэг” Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
2015.04.15

Үр могой адил Монголын төр

Бид үндэсний компаниудадаа итгэх хэрэгтэй

“Төр засгийг ард түмэн сонгож, аж ахуй нэгжүүд тэжээдэг” Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүү удирдлагын тэнхмийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай “Барилгын салбар тэргүүлэгч байр сууриа хадгалж чадах уу” http://vip76.mn/forum?id=21 хэлэлцүүлгээс хувийн хэвшлийнхний зүгээс гаргасан эдийн засгийн бодлогын шинжтэй асуудлаар ярилцлаа.

-Барилгын материал үйлдвэрлэгчид болон компаниудын зүгээс дотоод зах зээлээ хамгаалах бодлого хамгийн их дутагдаж байгааг хэлж байна. Манай улс өнгөрсөн жил гэхэд хөнгөлөлттэй зээлээр 70 гаруй барилгын материал үйлдвэрлэгчдийг бий болгосон ч, импортын хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадалгүй бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрээд байна?

Дотоод зах зээлийг дэмжинэ гэдэг нь хэрэглээг дэмжиж хэрэглэгч талын худалдан авах чадвар гэж ойлгож болно. Дотоодын бизнес эрхлэгчид тэрхүү хэрэгцээг хангахын төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг бид хоёуланг нь дэмжиж хамгаалах нь чухал.

Хямралын үед хэрэглэгчдийг аль болох худалдан авах чадвараар нь дэмжих, чадварыг нь сулруулахгүй байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж, бууруулахгүй  эрэлхийлэх чиглэлийн бодлогыг явуулах учиртай. Өнөөдөр ард түмний худалдан авах чадвар буурч, бизнес эрхлэгчид бий болгосон бараа үйлчилгээгээ борлуулахад хүндрэлтэй байдал үүсээд байна. Үүний нэг жишээ нь барилгын салбар.

Хоёрт нь аль болох үндэсний хэмээх тодотголтой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бууруулахгүй, дампууруулахгүй байх бодлогыг цаг зуурын болон үргэлжилсэн байдлаар явуулах хэрэгтэй. Ингэж байж монгол улс хямралыг давж цаашид урт удаан хугацаанд дахин хямрахгүйгээр эдийн засаг тэлэх сууриа бүрдүүлж чадах юм.

Өнөөдөр бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хамгаалах асуудлыг орхигдуулсаар ирсэн. Тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн боловч тэдгээр нь үндэслэлтэй бодлого, тооцоо судалгаагүй цаг зуурын, тохиолдлын шинжтэй, хэрэгжилтийг зөв шийдвэрлээгүйн улмаас нийгэм эдийн засагт зохих үр дүнгээ өгч чадахгүй байна.

Тухайлбал газар тариалангийн салбар Атрын гуравдугаар аянаас хойш гайгүй сэргэж байтал гаднаас улаанбуудай импортолж, нэг хэсэг асуудал үүсгэсэн. Төмс хүнсний ногоочдыг ч гэсэн импортын хямд ногоотой өрсөлдүүлэхийн тулд ядаж намрын цагт гаалийн татварын бодлогоор зохицуулж дотоодын борлуулалтыг дэмжих хэрэгтэй шүү дээ.

-Барилгын материал үйлдвэрлэлийг зөвхөн нийлүүлэлт талаас нь дэмжээд хөнгөлөлттэй зээл өгөөд байгаа ч худалдан авах талаас нь дэмжихгүй бол цогц дэмжлэг болж чадахгүй.

Борлуулалтыг нь дэмжих бодлого явуулах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ дэмжих нь тодорхой цаг хугацаатай, зорилготой, эрсдэлийг харгалзан үзсэн байх шаардлагатай.

-Эдийн засгийн уналттай холбоотойгоор бүхий л салбарт хямрал нөлөөлж байгаа. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах нь хамгийн чухал гэж экспертүүд хэлж байна шүү дээ. Яаж хамгаалах вэ?

Санал нэг байна. Мөн л дээр хэлсэнчлэн тодорхой бодлоготой хэнийг юунаас хэрхэн хамгаалах тооцоо судалгааг хийж үр дагаварыг нь тооцсон байх учиртай. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн гээд баахан төсөлд зээл өгсөн. Гэтэл экспортын гол бүтэц, нэмэгдүүлэх боломж, монголын давуу тал, гадаад зах зээлтэй өрсөлдөх салбар нь аль вэ гэдгийг зөв тодорхойлохгүй бол бодлогогүйгээр хөрөнгөө цацаж болохгүй.

"Хөтөлийн Цемент Шохой" ХК

Жишээ нь өнгөрсөн онд цементийн үйлдвэрийг  маш хүчтэй дэмжиж, бараг монголын хэрэгцээг хангахуйц түвшинд хүргэсэн атал цемент нь өмнөд хөршийнхтэй өрсөлдөж чадахгүй, түүнийг нь төр засгийн зүгээс тодорхой бодлогоор дэмжиж чадахгүй бол үр ашиггүй болж, үйлдвэр хүнд байдалд орох эрсдэлтэй.  

Тиймээс өрсөлдөх чадвартайг л дэмж. Эдийн засагчийн хувьд шууд дэмжлэгүүдийг таатай бус хүлээж авдаг. Шууд дэмжлэгүүд нь эдийн засгийн дархлааг сулруулж өрсөлдөх чадварыг бодитойгоор бий болгох боломжийг бууруулдаг.

-Нөгөө талаас барилгын материал үйлдвэрлэлийн зайлшгүй гаднаас авах шаардлагатай түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх хэрэгтэй гэх юм.  Энэ боломжтой юу?

Ер нь тодорхой бүтээгдэхүүнийг гаалийн татварыг тэглэх арга хэмжээг бид өмнө нь ч хэрэглэж ирсэн. Жишээ нь нефтийн бүтээгдэхүүн, шатахуун, болон зарим тоног төхөөрөмжүүдийн хувьд хэрэгжүүлж байсан. Хамгийн гол нь тухайн салбарын оршин тогтнох боломж, өрсөлдөх чадвар, бүтээмж нь ирээдүйд монгол улсад хэрхэн нөлөөлөх вэ, ард түмний амьжиргааг сайжруулах боломжтой юу гэдгийг харгалзаж үзээд үнэхээр боломжийн байвал татвараас чөлөөлж болно шүү дээ.

Ерөнхийдөө жижиг бөгөөд хувьсамтгай зах зээл дээр бие даасан байдлаар бизнес эрхэлнэ гэдэг хэцүү.

Барилгын салбарын хувьд ард түмнээ худалдан авах чадварт нь тохирсон хямд орон сууцаар хангах шаардлагатай, түүнд нь нөлөөлөх зарим түүхий эд материалыг гаднаас авах нь зайлшгүй, тэр нь эдийн засгийн сөрөг үр дагаваргүй бол чөлөөлөх нь зүйтэй.

-Барилгын мэргэлжийн байгууллагууд, үйлдвэрлэл, угсралт зураг төсөл гээд тодорхой хэмжээгээр нэгдэж, хамтын удирдлагатай болох байдал ажиглагдаж байна. Энэ нь хэр зөв алхам бэ?

Тухайн салбар хүндрэх нь өөрөө шинэ зүйлийг эрэлхийлэх, оршин тогтнохын тулд зохион байгуулалтын өөр хэлбэрийг шаардах, нэгдэн нийлэх, нэг нэгнийгээ худалдан авах гэх мэт өөрчлөлтийг хийх нөхцөл, шаардлагыг тулгадаг.

Энэ бол жам ёсных. Мэдээж хэрэг бизнес сайхан байхад тус тусдаа хийгээд байж болж байсан бол өнөөдөр тэрхүү бүтцээр явах боломжгүй учир зарим нь үүд хаалгаа барьж, бусад нь гарцыг эрэлхийлж, бусадтайгаа нийлэх, хамтрах байдал руу орж байгаа нь буруу зүйл биш. Ерөнхийдөө жижиг бөгөөд хувьсамтгай зах зээл дээр бие даасан байдлаар бизнес эрхэлнэ гэдэг хэцүү.

-Дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компаниудыг улс нь бодлогоор дэмжиж, тэднийг эдийн засгийн хувьд дархалж өгдөг жишээг БНСУ-аас харж байгаа. Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 50-90 мянган аж ахуй нэгж байгаа?

Эргэн харахад манай улс үүнийг аль эрт л хийх ёстой байсан. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гэдэг зүйлийг орхисоор өдийг хүрсэн гэж би түрүүн хэлсэн.

Үндэсний томоохон компани, хөрөнгөтнүүд, баялаг бүтээгчдийг бий болгох алхамыг аль дээр хийх байсан. Гадаадын зах зээл дээр батлан дааж гаргаж, хүчирхэг болгох хэрэгтэй.

Дотоодын хөрөнгөтнүүд баялаг бүтээгчдийг бий болгох, дэмжих тал дээр хойрго байгаа учир бизнес эрхлэгчид маш хүндрэлтэй байдалд орж, заримдаа төрийн бодлогын хамгаалалтад орохын тулд улс төр лүү ордог буруу тогтолцоо үүсчихсэн.

Жишээ нь уул уурхайн салбарт гэхэд хэт гадны хөрөнгө оруулагчдыг гэсэн бодлого баримталж үндэсний компаниудаа орхисон. Цөөхөн хэдийгээ тал талаас нь хавчиж дарамталдаг. Гэтэл Ухаа худагийг “Энержи ресурс” аваад тэнд юу хийж чадсаныг харах хэрэгтэй.

Үүнтэй адил олон монгол компаний уул уурхайн салбарт орох боломжоор дэмжсэн бол бид энэ салбарт өнөөдөр үндэсний гэсэн тодотголтой баялаг бүтээгчидтэй болох боломж байсан гэж хувь хүнийхээ хувьд үздэг. Бид итгэлцлийн тухай ярьж байгаа иймээс үндэсний компаниудадаа итгэх хэрэгтэй.

Гэтэл өнөөдөр Монголын төр өөрөө тэр өндөр хүүтэй дотоодын зах зээлд өрсөлдөгч нь болчихоод байж байна.

Өндөр хүүтэй зээлийн дарамтанд байгаа гадны зах зээлд хараахан гарч санхүүжилт авч чадахгүй байгаа өрсөлдөх чадвар бүхий төсөл, компаниудад төр батлан даалт гаргаж дэмжих ёстой.

Гэтэл өнөөдөр Монголын төр өөрөө тэр өндөр хүүтэй дотоодын зах зээлд өрсөлдөгч нь болчихоод байж байна. Энэ нь маш буруу бөгөөд төр өөрөө зээл авах нь, ялангуяа өнөөдрийн энэ нөхцөлд дотоодоосоо зээл авах нь буруу.

-Гэхдээ дэмжиж, хамгаалах нь битгий хэл татвар, шалгалт, хяналт, тусгай зөвшөөрлөөр дарамталдаг хэмээн Монголын эдийн засгийн чуулган дээр ярьж байсан. Энэ дэмжиж байгаа хэрэг мөн үү?

Худалдаа, үйлчилгээ, барилгын салбарынхантай уулзаж ярилцаж байхад бүгд төр засгийн зүгээс учруулж байгаа дарамт ихэсч байгааг хэлж байсан.

Шахалт дарамт, хүнд суртлын хүрээ улам тэлсээр байгааг шүүмжлүүштэй. Үнэхээр эдийн засаг суларч, хэцүү болсон үед төрийн зүгээс хувийн хэвшлийг хяхаж хавчих бус тэднийг дэмжих учиртай. Тэднийг дэмжиж аж ахуйн нэгжүүдийг хүндрэлийг даван гарах, цаашид урт хугацаанд оршин тогтнох боломжийг олгох шаардлагатай.

Энэ нь тэдэнд хөнгөлөлттэй зээл тусламж, бусад шууд дэмжлэгүүдийг олгох хэрэгтэй гэсэн үг биш бодлого, бизнесийн таатай орчин, эрх зүйн хүрээний зөв дэмжлэгүүдийг хэлж байгаа юм.

Өнөөдрийг хүртэл үе үеийн Монголын төр үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийн дэмжих ажлыг зөвхөн хэлбэрийн төдийн хэрэгжүүлсээр ирсэн.

Ийм байдлаар хандах ёсгүй. Бид урт удаан хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтад дулдуйдан амьдрах боломжгүй. Монгол улсын эдийн засгийн урт хугацааны үндэс суурь нь үндэсний үйлдвэрлэгч компаниуд, үндэсний хөрөнгөтөн, баялаг бүтээгчид л байх болно. Иймээс Төр үндэсний аж ахуй нэгжүүддээ үр могой шиг загнаж болохгүй. Хойд эцэг шиг байж болохгүй.

Төр ард түмэнд, бизнес эрхлэгчдэд үйлчлэх ёстой. “Төр засгийг ард түмэн сонгож, аж ахуй нэгжүүд тэжээдэг”. Хөл дээрээ зогсч, өсч дэвжих боломжийг олгоё.

-Ярилцсанд баярлалаа.