С.Мөнхжаргал: Нийслэлийн шинэ түүх бол МАН-ын түүх
Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй
2015.04.27

С.Мөнхжаргал: Нийслэлийн шинэ түүх бол МАН-ын түүх

Нийслэлийн МАН-ын 90 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Нийслэлийн МАН-аас 26 өдрийн турш олон арга хэмжээ, тэмцээн, уралдаан зохион байгуулжээ. Өнгөрсөн баасан гаригт л гэхэд ахмад зүтгэлтнүүдийнхээ хийсэн ажил, хөдөлмөрийг үнэлж 90 жилийн ойн медаль гардуулав. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Мөнхжаргалтай  цөөн хором ярилцсан юм. Тэрээр нийслэлийг хамгийн олон жил буюу 12 жил удирдаж байжээ.

-Та хэдэн оны үед нийслэлийг удирдаж байв. Тухайн үеийн хотын хөгжлийн талаар ярьж өгнө үү?

Би нийслэлийн 23 дахь дарга. Хамгийн олон жил буюу 12 жил хотын даргын албыг хашсан. Энэ үе хотын хөгжлийн эрчимтэй үе байсан юм. 360 мянган хүн амтай байсан хот 500 мянга гаруй хүн амтай болсон. Улсын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг нийгэм, соёлын төв хот байсан. Хотын оршин суугчдын 20 гаруй хувь нь тохилог орон сууцанд амьдардаг байсан бол бараг 50 хувь нь орон сууцанд амьдардаг болсон юм.

-Хотын хөгжилд МАН-ын оролцоо их байх. Энэ талаар товч дурдвал?

Хотын хөгжлийн түүхтэй МАН салшгүй холбоотой. Улсын нийслэл гэдэг Монголын ард түмний бахархал, гал голомт нь гэж үздэг. Их хотыг анх бүтээн байгуулахаас эхлээд Нийслэлийн МАН хамт байжээ. Үүнийг намын 90 жилийн ой харуулж байна. Аливаа хот нэг өдөр байгуулагддаггүй. Үе үеийн дарга нарын хүсэл эрмэлзлэлийг нөгөө дарга нь залгамжилж явдаг. Нийслэлийн хөгжлийг ч харсан өнгөрсөн түүхээ мэдэж байж өнөөдөр хөгжүүлдэг. Өнөөдрөө мэдэж байж ирээдүйгээ төлөвлөж, сэтгэдэг.

-Нийслэл хотын өнөөгийн өнгө төрх, ирээдүйн хөгжлийг та юу гэж харж байна вэ?

Одоогийн       удирдагчид нийслэлийн хөгжлийн төлөө их юм сэтгэж, бодож байна. Нийслэл хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулсан. Нийслэл 20 дэд төвтэй, дагуул хоттой, хотыг тойрсон ачааны төмөр замтай болох ийм л сайхан ирээдүй харагдаж байна. Одоогийн төмөр замыг цахилгаан тээвэрт ашиглавал зүгээр гэсэн бодол байна. Одоо үүний хөрөнгийг хэрхэн босгох вэ гэдэг асуудал гарна. Энэ нь зөвхөн хотын төсвөөр хэмжигдэх зүйл биш.

Хотод ажиллаж амьдарч буй хүн бүхний хүчин зүтгэлээс хамаарна. Бүх хүн л хөрөнгө, хандив босгох хэрэгтэй байгаа юм. МАН-ын нэг онцлог нь өөрийнхөө гишүүдээр дамжуулж намын бодлогоо хэрэгжүүлдэг байсан. Өнөөдрийн хотын өнгө төрх, бодит байдал нийслэлийн иргэд, МАН-ын гишүүдийн итгэл найдварыг хүлээсэн олон боловсон хүчний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн дүнд бий болсон. Миний хувьд ч гэсэн манай нам, гишүүд дэмжигчдийн итгэл найдварыг хүлээн ажиллаж байлаа., Энэ үүднээс л амжилт гаргаж, үүнийг төр засаг үнэлсэн гэж бодож явдаг юм.

-Хотод эмх замбараагүй газар олголт их байгаагаас олон асуудал үүсч байна. Таныг нийслэлийг удирдаж байх үед хэрхэн газар олгож байв?

Тэр үед ерөнхий төлөвлөгөөгөө, хороо хөгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөөг хатуу барьдаг байсан. Яг төлөвлөгөөний дагуу л газар олгодог байлаа. Миний үед орон сууцны хороолол гурав дахин нэмэгдэж байсан. Шинээр 15 хороолол бүрэн буюу хагас барилгажиж, нийт 24 хороололтой болж байлаа. Одоо нэг зүйлийг сайн харах хэрэгтэй. Хөдөө орон нутагт дэд бүтэц сайн хөгжүүлэхгүй байгаагаас хотод шилжин ирэгсдийг зогсоож чадахгүй байна. Орон нутгийн хөгжлийг анхаарвал шилжин ирэгсдийн тоо багасч болно шүү дээ. Үүн дээр л их зүйл хийх хэрэгтэй гэж боддог юм. Газар олголтын хувьд гэвэл өнөөдөр дөрвөн уулын хонхорт чөлөөтэй газар хаана байна тэнд нь хамаагүй бууж байна.

Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, ерөнхий төлөвлөгөө байгаа эсэх нь хамаагүй өндөр байшин барилга барьж байна. Саяхан л гэхэд 12 давхар барилгаас зургаахан метрийн зайтай 18 давхар орон сууц барих гэж газар ухсан байна. Тэр 12 давхар байшингийн доод хөрс нь яаж дийлэх вэ. Үүнээс болж ард иргэд, улс их хохирол амсч болохоор байна. Ийм будлпиантай юм их байна. Нийслэлийг дөрвөн уулын хонхорт багтаахын тулд хот дүүргийнхэн боломжтой газар зөвшөөрөл олгох хэрэгтэй. Барилгажилт хотын гуравны нэгийг л эзлэх нь зүйтэй гэж үздэг. Нэг барилга нөгөөгөөсөө 1.5 дахин их зайтай, нар салхийг хаахгүй байвал зүгээр байгаа юм.