Нийслэлийн МАН-ын хороо 90 нас хүрлээ
Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой
2015.04.27

Нийслэлийн МАН-ын хороо 90 нас хүрлээ

Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо.

Ойн арга хэмжээний хүрээнд баярын хурал болж, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, мөн тус намын гишүүд дэмжигчид оролцсон юм. Баярын хуралд нийслэлийн МАН-ын хороог удирдаж байсан үе үеийн дарга нар илтгэл тавьсан. Тухайлбал, Нийслэлийн МАН-ын хорооны 29 дэх даргаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ажиллаж байсан бол 28 дахь Нийслэлийн МАН-ын хорооны даргаар МАХН/ МАН/-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Даш-Ёндон нар илтгэл тавилаа.

Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй ойн баярын мэндчилгээг дэвшүүлсэн юм.

Тэрээр “Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ Монгол улсын нийслэлд Монголын улс төрийн намын байгууллага нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 90 жилийн ой бол манай улсын нийт иргэдийн бүтээн байгуулалтын баяр, бахархалт өдөр юм. Хүрсэн түвшинг тодорхойлж, хүрэх өндерлөгөө тогтоосон 90 жил бол Улаанбаатар хот, дэлхийн түвшний хот болж хөгжихөд нийслэлийн иргэдийн хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл, мэдлэг оюун, хүмүүнлэгийн ёсны хувь нэмэр зүй ёсоор орсон бодит түүхэн цаг хугацаа юм.

Улаанбаатар хотын их бүтээн байгуулалтад нийслэлийн намын байгууллага намын онол, арга зүй, бодлого, төлөвлөлт, үр дүнгийн арвин их туршлага, сургамжийг хуримтлуулж, Монгол Ардын Намын үйл ажиллагаанд жинтэй байр суурь эзэлж ирснийг Та бид сайн мэднэ. Их ойн өдрүүдэд бид туулсан замын ололт амжилтаа дурсан санаж, одоодоо бодитой дүн шинжилгээ хийж, ирээдүйгээ оновчтой тодорхойлох нь бидний зорилт байлаа. Грек, Ромоос эхлэлтэй дэлхийн хотуудын хөгжил нь нэг өдрийн, хэсэгхэн хугацааны бүтээн байгуулалт биш олон зуун жилийн хөгжлийн үр дүн билээ. Монгол Улсын нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй юм, Улаанбаатар хотын бүтээн байгууулалтыг нийслэлийн Монгол Ардын Намын хороо 80 гаруй жил удирдан, намын олон мянган гишүүдийн нөр их хөдөлмөрийн үрээр урлан бүтээж, цогцлоон байгуулсан юм.

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ

Эрхэм хүндэт МАН-ын гишүүд, дэмжигчдээ Азай буурлууд, оюутан залуучууд, хүүхэд багачуудаа Та бүхэндээ Нийслэлийн Монгол Ардын Намын 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм. Мөн баярын арга хэмжээний үеэр Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй МАН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид, иргэд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.