Шадар сайдын ивээл дор ЭШХ зохион байгуулагдлаа
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” намтар судлалын эрдэм шинжилгээний хурлыг 12 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Шадар сайдын хувьд шинжлэх ухаанд суурилсан цэгцтэй бодлого хэрэгцээтэй байгаа нийгмийн шаардлагад үндэслэн тус хурлын өөрийн ивээл дор зохион байгуулсан байна.
Оюутан, багш-судлаач, эрдэмтдийн гэсэн 3 салбар хуралдаанаар явагдсан тус эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Турк улсаас эрдэмтэн багш, судлаач, оюутны төлөөлөл оролцсон бөгөөд өмнөх шатны шалгаруулалтанд тэнцсэн 60 орчим илтгэгч илтгэл хэлэлцүүллээ. Үүнд: Их засаг олон улсын их сургуулийн бүрэлдэхүүний сургуулиуд болон Буриадын их сургууль, Төвд, Будда судлалын институт, Өвөр Монголын их сургууль, Монгол улсын их сургууль, МУБИС, Рояаль ОУДС, Батлан хамгаалахын их сургууль, Монголын үндэсний их сургууль зэрэг 10 орчим их, дээд сургуулийн төлөөлөл оролцлоо.
Уг эрдэм шинжилгээний хуралд Буриадын их сургуулийн профессор, Түүхийн шинжлэх ухааны доктор Дугаров Владимир Доржиев, Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэнгийн профессор, доктор Нолев Евгений Владиморович, Бураева Светлана Валерьевна, Сундуева Екатерина Владимировна, Монгол Улсаас Их засаг ОУИС-ийн I проректор түүхийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Ж.Цэцэгмаа, МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч доктор /Ph.D/ С.Отгонжаргал, Улаанбаатар их сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Түүхийн ухааны доктор Д.Баярсайхан, Хархорин нийгэмлэгийн тэргүүн доктор Д.Хоролдамба, Түүхийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Ж.Заанхүү нарын зэрэг эрдэмтэд сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлын шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны хүндэтгэлийн танхимд амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдсан тус хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар нар оролцож илтгэгч нарт баяр хүргэж амжилт хүслээ.
Багш-судлаачдын ангиллын тэргүүн байр: ИЗОУИС-ийн багш Х.Төмөрбаатар “Хабул хааны намтар судлалын зарим асуудал” сэдвээр, дэд байр: Өвөр Монголын их сургуулийн докторант Б.Мягмаржав “Тататунгатай холбогдох зарим эх сурвалжийг нягтлах нь” сэдвээр, гуравдугаар байр: Их Засаг лицей сургуулийн багш Х.Бат-Эрдэнэ“Академич Ц.Дамдинсүрэнгийн “Орос-монгол толь” соёлын өв болох тухай” сэдвээр,
Оюутны ангиллын тэргүүн байр: Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн оюутан П.Цэнднасан “Монголын түүхэнд Г.Чагдаржавын гүйцэтгэсэн гавьяаг үнэлэх нь” сэдвээр, дэд байр: МУБИС-ийн оюутан Б.Цогзолмаа “Хүннү судлалд Г.Сүхбаатарын оруулсан хувь нэмэр”, гуравдугаар байр: Буриадын их сургуулийн оюутан Баяртуев Аюша Лувсанович “Эрдэнэ Батхаан” (Никита Федорович Батуханов) сэдвээр тус тус эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал хүртлээ.