Д.Сумъяабазар: ”Тавантолгой”-н гурван өөр гэрээний асуудал яригдсан
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.05.01

Д.Сумъяабазар: ”Тавантолгой”-н гурван өөр гэрээний асуудал яригдсан

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.

-Тавантолгойн гэрээний төслийг сайжруулах ажлын хэсэгт та багтсан байна. Ажлын хэсэгт ажиллахыг урьсан уу. Эсвэл та өөрөө саналаараа орсон уу?. Одоо байгуулагдаад буй ажлын хэсэг хэр эрх зүйн чадамжтай, дүрмийн  дагуу ажиллана гэж та ойлгож байна вэ?

Энэ асуудал хоёр талтай. Нэг хэсэг хүмүүс тус ордыг ард түмэнд ашигтайгаар явуулах ёстой гэж байгаа бол зарим нь тус гэрээг цөөн хэдэн хүний эрх ашигт зохицуулж явуулах гэж байна хэмээн ярьж байна. Намайг намын бүлгээс ажлын хэсэгт оруулсан. Би өмнө энэ асуудлаар намын бүлгээс гаргасан ажлын хэсэгт ажиллаж байсан юм. 

Тавантолгойн эхний гэрээ Гадаад хэргийн яаманд ирсэн байсан. Дараагийн гэрээ нь УИХ-ын гишүүдэд тараагдсан. Түүний дараагийн хувилбарыг УИХ-ын даргын зүгээс УИХ-ын гишүүдэд албан ёсоор тарааж өгсөн. Ингээд гурван шат дараалсан өөр гэрээний асуудал яригдсан.

Тавантолгой Монголын суурь эдийн засагт хэрэгтэй юу гэвэл маш их хэрэгтэй. Гэхдээ бид үүнийг хэрхэн ашигтай явуулахав гэдэг нь толгойны өвчин болчихоод байна. Энэ асуудалд намууд болон гишүүд өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа учраас  мэдээллийг нь зөв базаж дүгнэхээс эхлээд шат дараатай зохицуулахгүй бол болохгүй байна. Анх үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл ярьсан нь иргэдийг бухимдуулж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлсөн. 

-Тавантолгойн гэрээ урагшлахгүй болчихлоо гэж гишүүд ярьж эхэллээ?

Тавантолгойн ажлын хэсэг өчигдөр байгуулагдаад өнөөдөр анхны хурлаа хийх гэж байна. Мэдээж улс үндэстнээ бодсон шийдвэрийг гаргах гэж хичээнэ. Энэ гэрээг ашигтайгаар явуулахыг бодно. Хууль зөрчсөн юм уу улс оронд ашиггүй хувилбарыг дэмжихгүй. Энэ ажлын хэсгээс гарах шийдвэр, зөвлөмжийг харж байж эрх зүйн чадамжтай, чадамжгүйг ярих хэрэгтэй байх.