Д.Оюунхорол Японы байгаль орчны дэд сайд Шигео Китамураг хүлээн авч уулзлаа
2015.05.05

Д.Оюунхорол Японы байгаль орчны дэд сайд Шигео Китамураг хүлээн авч уулзлаа

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Монгол Улсад айлчилж буй Япон улсын Байгаль орчны дэд сайд ноён Шигео Китамураг хүлээн авч уулзлаа.

Ноён Шигео Китамура найрсаг дотноор хүлээн авч буй сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан юм. Монгол, Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизмыг (JCM) хэрэгжүүлэх арга хэмжээг авах баримт бичигт 2013 оны нэгдүгээр сард гарын үсэг зуржээ.

Энэ механизмыг бий болгосон анхны орнуудын нэг нь Монгол Улс бөгөөд энэ хүрээнд хэрэгжих төслүүдийг дэмжиж ажиллахыг хүслээ. БОНХАЖЯ-ны захиалгаар “Агаар бохирдуулах бодисын ялгарлын тооллогын гарын авлага”-ыг Японы “Лохас Япон” ХК-иас боловсруулж, өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон хоёр яамны бодлогын зөвлөлдөх уулзалтын хүрээнд танилцуулжээ.

Уг гарын авлагыг сайд Д.Оюунхоролд хүлээлгэн өглөө. Байгалийн аялал жуулчлалын чиглэлээр тус улсын загвар төслийг 2012-2015 онд Булган аймгийн Бугат, Сүхбаатар аймгийн Хар ямаатын байгалийн нөөц газруудад амжилттай хэрэгжүүлсэн байна. Цаашдаа эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой төслүүд хэрэгжүүлж ажиллана гэдэгт найдаж буйгаа ноён Шигео Китамура хэлэв.

Түүнчлэн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан Цэнгэг усны нөөц менежментийн төвийн үйл ажиллагааг цаашид улам сайжруулахыг БОНХАЖ-ын сайдаас хүслээ. Уг төв нь ард иргэд, хүүхэд, залууст анхан  шатны болон ахисан түвшний экологийн сургалтыг явуулж ирсэн юм. Мөн ноён Шигео Китамура Монгол Улсыг “Азийн тусгай хамгаалалттай газар нутгийн түншлэл”-д нэгдэн орж хамтран ажиллах санал тавив. 2013 оны нэгдүгээр сард Азийн зургаан орон уг механизмыг бий болгожээ.

Япон улс Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний хөтөлбөрийг батлахаар ажиллаж байгаа тухай ноён дэд сайд хэлж, хоёр улсын Байгаль орчны яамд хамтран уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээг шинжлэх ухааны үндсэн дээр хийх шаардлагатай гэв. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг цаашид улам баяжуулах үнэ цэнэтэй саналууд хэлсэн ноён Шигео Китамурад талархал илэрхийлж, Монгол Улсад байгаль орчны олон асуудал тулгамдсан цаг үед айлчилж байгаа нь онцлогтой гэсэн юм.

Тэрбээр саяхан Япон Улсад аялал жуулчлалын чиглэлээр айлчлаад ирсэн бөгөөд тус улстай хөгжүүлэх аялал жуулчлалын хамтын ажиллагаанд эко аялал жуулчлал онцгой байртай, энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар томоохон зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэлээ. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, менежмэнтийг боловсронгуй болгох замаар эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьж байгаа гэв. Тиймээс   “Азийн тусгай хамгаалалттай газар нутгийн түншлэл”-д нэгдэн орж хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Японы Засгийн газрын байгаль орчны салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалтын нэг болох Цэнгэг усны нөөц менежментийн төвийн үйл ажиллагааг цаашид “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын боловсруулсан менежмэнтийн дагуу явуулна гэдгээ Д.Оюунхорол сайд хэлэв. Мөн  БОНХАЖЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас хамтран “Ус намгархаг газрын экосистемийг хамгаалах, зохистой ашиглах голын сав газрын менежментийн загвар төсөл”-ийг 2005-2010 онд хэрэгжүүлж, судалгаа, шинжилгээ, сургалт, мэдээллийн зориулалттай  төвийг барьж байгуулсан нь үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэлээ. Д.Оюунхорол сайд мөн хоёр улсын байгаль орчны салбарын мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг энэ оноос эхлүүлэх саналаа илэрхийлэв.

Уулзалтын дараа БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, Японы Байгаль орчны дэд сайд Шигео Китамура нар Монгол, Японы байгаль орчны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.