Нэр бүхий гишүүд Оюутолгойн асуудлаар ерөнхий сайдад асуулга тавилаа
Оюутолгой
2015.05.05

Нэр бүхий гишүүд Оюутолгойн асуудлаар ерөнхий сайдад асуулга тавилаа

УИХ-ын  бие даагчид гишүүд болох Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар болон УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ гэсэн гишүүд  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Оюутолгойтой холбоотой асуудлаар асуулга тавьжээ.

Тэд асуулгадаа, Ажлын хэсгийн дүгнэлтээр “Оюутолгой” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед ТЭЗҮ-д заасан  5,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардлыг 2 тэрбум ам.доллараар хэтрүүлэн зарцуулж, улмаар 1,4 тэрбум ам.долларыг ямар ч баримтгүйгээр илүү зарцуулсан нь тогтоогдсон. Түүнчлэн тус компанийн төлөх байсан 130 сая ам долларын татварыг ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөл 30 сая ам.доллар хүртэл бууруулсан асуудал өнөөдрийг хүртэл яригдаж байна.

Гэтэл Засгийн газар Рио тинто гэгчтэй “Эвлэрлийн гэрээ” байгуулж,  дээрх нотлогдохгүй байгаа 1,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт, татварын 30 сая ам.долларын өр зэргийг цайруулах саналыг тавьсан байгаа талаар дурьдаад  нийт дөрвөн асуулгад хариулт авахыг хүссэн байна.

Үүнд, Оюутолгой компани хичнээн төгрөгийн борлуулалт хийж,Монголын татварын албанд хичнээн төгрөгийн татвар төлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байна уу, эвлэрлийн гэрээг ямар үндэслэлээр хийв, Зэс цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажил ямар шатандаа явж байна вэ гэх зэрэг асуултууд багтжээ.

Мөн Шийдлийн Засгийн газрын үед  Оюутолгой нөөц ашигласны татвараа “Эрдэнэт”-ээс гурав дахин бага байгааг шүүмжилж тэнцүү болгох асуудал яригдаж байсан. Энэ асуудлыг шийдсэн үү хэмээн асуужээ.