БНХАУ-аас 22 мянган тонн шатахуун авах хүсэлт тавилаа
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд
2011.06.29

БНХАУ-аас 22 мянган тонн шатахуун авах хүсэлт тавилаа

БНХАУ-аас эхний ээлжинд 22 мянган тонн АИ-92, цаашдаа сар бүр 10 мянган тонныг авч байх Засгийн газрын албан ёсны хүсэлтийг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд М.Энхболд БНХАУ-ын талд хүргүүллээ. Тэрээр өчигдөр БНХАУ-ын Элчин зөвлөх Ван Фү Каныг хүлээн авч уулзсан байна. Саяхан Улаанбаатар хотноо болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай болж, харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлыг шийдсэнд баяртай байгаагаа Шадар сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр 60 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээр гээд 10 баримт бичигт гарын үсэг зурсаныг тэрээр тэмдэглэв. Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар талууд мөн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн талаар нухацтай хэлэлцэж, шаардлагатай үед харилцан ярилцаж, шийдвэрлэж байх тохиролцоонд хүрчээ.

Энэ дагуу шатахуун авах хүсэлтээ Элчин зөвлөхөөр нь дамжуулан БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны яамны орлогч сайд Чэн Зяньд хүргүүлж байгаа нь энэ юм. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг нэн даруй уламжлахын зэрэгцээ ажил хэрэг болгохын тулд өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авч, нэн даруй хариу мэдэгдэнэ гэдгээ Элчин зөвлөх Ван Фү Кан илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.