Балканы хойгт ахиад л хямрал ...
Европын холбоо Балканы хойгт шинэ дайн гарах вий гэдгээс эмээж байна.
2015.05.15

Балканы хойгт ахиад л хямрал ...

Македонид улс төрийн хямрал нүүрлэв. Бүх зүйл Куманова хотод цагдаа, албаны дайчдын хооронд буудалцаан болсноос эхлэв.

Орон даяар гурван өдрийн эмгэнэл зарлав.  Засгийн газрын тэргүүн хэд хэдэн хүнийг ажлаас нь халсан ч Македончууд ерөнхий сайдыг өөрөө ажлаа өгөхийг шаардаж байна. Ирэх ням гарагт Засгийн газрыг огцруулах үндэсний хэмжээний эсэргүүцлийн жагсаал болно.

Хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Македоны хямрал улам гүнзгийрч байна. Өнгөрсөн бямба гарагт цагдаа нар улсын хойд хэсэгт байрладаг Куманово хотод албаны дайчдыг дарах ажиллагаа явуулав.  Буудалцааны явцад 22 хүн амь үрэгдсэний 8 цагдаа, Косовогийн чөлөөлөх армийн гишүүд гэгдэх14 Албаны хүн байна.

Балканы хойгт шинэ дайн дэгдэж болзошгүй.

Македоны ерөнхий сайд Никола Груевскийн хэлснээр улс оронд эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор олноор алан хядах ажиллагаа төлөвлөж байсан Албаны дайчдыг баривчилсан аж.  Гэхдээ македончууд Засгийн газрын үгэнд эргэлзэж сөрөг хүчинд илүү итгэж байна. Сөрөг хүчний хувьд Засгийн газар авлигын хэргүүдээ нууж олны анхаарлыг өөр зүгт хандуулахын тулд буудалцааныг өдөөн хатгасан гэж үзэж байгаа. 

Никола Груевский

Ерөнхий сайд хүмүүсийг тайвшруулахыг оролдож гурван ч сайдаа зэрэг ажлаас нь халав. Харин сөрөг хүчин өөрийг нь огцрохыг шаардаж байна. Сөрөг хүчин болох Социал демократ намын дарга Зоран Заев Груевскийн Засгийн газар ажиллаж буй цагт парламентыг бойкотлохыг уриалсан. 

Тэрээр Ерөнхий сайдын нэгэн булхайг дэлгэжээ. Груевскийн утасны ярианы бичлэгээс харахад тэр хэвлэл мэдээлэл, шүүхийн ажиллагаанд нөлөөлөхийг оролджээ.

Македонид болж буй үйл явдлыг НҮБ сэтгэл түгшин ажиглаж байна.  Сербийн Ерөнхий сайд Александр Вучич Euronews-д өгсөн ярилцлагадаа Македоны хямрал Балканы хойгийн орнуудыг хамарч магадгүй учраас Серби улс хөршүүддээ чадах ядахаараа тусална гэж мэдэгдэв.

Куманово нь Косово, Сербийн хилээс 40 орчим км-т оршдог. Энэ газрыг “Косовогийн гурвалжин” гэж нэрлэх нь бий. Энд Баруун Европт героин нийлүүлдэг Албан үндэсний гэмт хэргийн бүлэглэлүүд байдаг.

Македоны хүн ам 2 саяас хэтрэхгүй.  Гуравны хоёр нь үнэн алдартны шашинтай македончууд. Хүн амын дөрөвний нэгийг эзэлдэг албанчууд лалын шашинтай. Түүнээс гадна Македонид үндэсний цөөнх болсон серби, турк, цыган, босничууд амьдардаг.