Дэлхийн эдийн засаг дахь их өрийн сүлжээ
Өнөөдөр Германы эдийн засаг ямар ч өө хэлэхийн аргагүй амжилттай явж байна. Ажилгүйдэл түүхэндээ байгаагүйгээр буурч, ажил эрхлэлтийн түвшин рекорд тогтоов. Улсын төсөв илүүдэлтэй гарч, инфляци хамгийн бага түвшиндээ очив. Хүмүүсийн цалин тогтмол өсч байна. Үүнээс илүү хүсээд байх юм алга.
Бусад оронтой харьцуулахад Германы эдийн засаг үнэхээр атаархмаар. Германаас өөр аль ч томоохон эдийн засагтай орныг аваад үзэхэд эдийн засаг нь муудсаар байна. АНУ, Хятад, Их Британид өсөлт удаашрав. Францад өсөлт ч алга. Төв банкнуудын мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх бодлого дэлхийн эдийн засагт тус болно гэсэн найдлага талаар өнгөрөв.
Дэлхий дахины өрийн сүлжээ
Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь энгийн иргэд, засгийн газрууд, аж ахуй нэгжүүд, банкуудын нуруун дээр ирсэн өрийн дарамтаас үүдэлтэй. Хөрөнгө оруулалт хийж, түүнээсээ үр шим хүртэхийн оронд олсон орлогоо хуучин өрөө дарахад ашиглах болов. Сүүлийн 10 аад жилд хуримтлагдсан их өр бүхэл бүтэн өрийн давалгааг бий болгов. Эдгээр өрийг дарж дуусахад нэлээд хэдэн жил шаардлагатай.
Дэлхийн өрүүд хэр их болохыг McKinsey Global Institute судалж үзжээ. Нийт өрийн хэмжээ 200 их наяд долларт хүрсэн бөгөөд Дэлхийн ДНБ-ий 286 хувьтай тэнцэж байгаа аж. Санхүүгийн хямралаас хойш өрийн хэмжээ 57 их наядаар өсчээ. Хямралын дараа өр багасах ёстой ч эсрэгээрээ огцом өссөн нь судлаачдын гайхшлыг төрүүлээд байна. АНУ-д иргэд, банк, компаниудын өр 2007 оноос хойш багассан ч төрийн гадаад өр өссөн байна. Бүх салбарын өр нийлээд ДНБ-ий 269 хувьтай тэнцэв. Сүүлийн үед иргэд, компаний өр ч дагаад өсөв. Бага хүүтэй ч гэсэн ашгаа хадгалахын тулд банкууд эрсдэлтэй, эргэлзээтэй их хэмжээний зээлүүдийг олгож байна.
АНУ-д 2015 оны эхний гурван сард нефтийн компаниуд идэвхтэй цооногийнхоо 25 хувийг хаасан.
Өнгөрсөн онд АНУ-д хэрэглээний зээлийн 41 хувийг төлбөрийн чадвар муутай хүмүүст олгожээ. Санхүүгийн хямрал болохоос өмнө иргэд голдуу орон сууц худалдан авахын тулд зээл авдаг байсан бол одоо машин худалдан авч байна. 2010 оноос авто машины зээл хоёр дахин өсчээ. Энэхүү зээлд хувийн шугамаар олгож буй зээлүүд ч голлох жин дарж байна. Энэ мэтээр хуучин дээр шинэ өрүүд нэмэгдэх болов.
Нэг хувьд ч хүрээгүй өсөлт
Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл тогтвортой өсөлтийн талаар яриад ч хэрэггүй. Эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт болдог үйлдвэрлэлийн өсөлт сүүлийн гурван жилд дунджаар нэг хувьд ч хүрсэнгүй. Энэ нь юун түрүүнд АНУ-ын үйлдвэр, заводуудын тоног төхөөрөмжүүд хуучирсантай холбоотой. Занарын үйлдвэрлэл эрчимжсэн нь өсөлт гаргах болов уу гэсэн найдлага төрүүлсэн ч зээлээр “бордсон” занарын салбар хичнээн хэврэг болох нь харагдаж байна. Газрын тосны үнэ унасан нь олборлогч компаниудын хувьд үхлийн цохилт болов. 2015 оны эхний гурван сард нефтийн компаниуд идэвхтэй цооногийнхоо 25 хувийг хаасан. Commerzbank банкны судалснаар энэ алхам АНУ-ын эдийн засаг оны эхний улиралд 0,5 хувийн өсөлттэй гарахад хүргэжээ.
Олонхи судлаачдын үзэж буйгаар энэ онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 2 хувиас хэтрэхгүй аж.
Хөгжиж буй орнууд дарамтанд оров
Хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог Хятадын эдийн засгийн байдал ч сайнгүй байна. Нэгдүгээр улирлын өсөлт ердөө 7 хувьтай гарав. Хөгжингүй орны хувьд 7 хувь гэдэг том тоо ч хөгжиж буй Хятад улсад дэндүү чамлалттай. Дараагийн жилүүдэд өсөлт улам удаашрах төлөвтэй байгаа. Яагаад гэвэл Хятадууд Барууны орнуудын адил өрийн дарамтан дор байгаа. Хятадын эдийн засаг дахь өрийн хэмжээ ДНБ-ий 282 хувьтай тэнцэж байна. Орон сууцны зах зээлийн хөөс хагарч байрны үнэ буурч байна. Энэ нь хөрөнгө оруулалтыг сааруулав. Түүнээс гадна газрын худалдаанд гуравны нэг нь зарцуулагддаг орон сууц ашиглалтын компаниудын орлого буурав.
2016 оноос өмнө доллар дахин үнэд орж магадгүй.
Хятадын бизнес эрхлэгчид жинхэнэ ёсоороо өрөнд баригдаж, өтөнд идэгдэж тэдний өрийн хэмжээ ДНБ-ийн 125 хувьтай тэнцжээ. Дампуурахгүйн тулд олсон ашгийнхаа ихэнх хэсгийг өрөө дарахад зориулж байна. Үүнээс болж хөрөнгө оруулалтад мөнгө хүрэлцэхээ болив. Хятадын Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлж магадгүй. Барууны төв банкнуудын адилаар төрийн үнэт цаасыг худалдан авахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ ингэснээр аль нь ч тогтвортой өсөлтийг хадгалж чадахгүй.
Хөгжиж буй орнуудын хувьд мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх нь гарц бус, төөрөгдөл болоод байна. Хөгжиж буй орнуудын компаниуд өнгөрсөн хугацаанд гадаад валютаар хямдхан зээл авахын тулд барууны капиталыг ашиглаж байсан. 2007 оноос хойш дэлхийн эдийн засагт хуримтлагдсан өрийн бараг тал нь хөгжиж буй орнуудад ногдож байна. Тэдний гадаад валютаар авсан өрийн хэмжээ үндэсний орлогын 25 хувьтай тэнцэж байна.
Экспортлогчдод таагүй мэдээ
Хэрэв 2016 оноос өмнө АНУ-д бодлогын хүү өсвөл доллар дахин үнэд орж магадгүй. Ингэсэн тохиолдолд өр тавьсан орнууд долларын өрөө дарахын тулд үндэсний валютаар улам их мөнгө зарцуулж, шинэ өрөө өндөр хүүтэй дарах хэрэгтэй болно.
Германы экспортлогчдын хувьд ч энэ бол муу мэдээ. Яагаад гэвэл Германы экспортын 40 хувь хөгжиж буй орнууд руу чиглэдэг.
Европын эдийн засаг хөгжиж буй орнуудын өсөлтийн удаашралыг нөхнө гэдэг тун эргэлзээтэй.
Бодлогын хүүг бууруулж инфляцийг өсгөе
Хэрэв эдийн засаг өсч эхлэхгүй бол Хоёрдугаар дайны дараах өрийг дарсан жишгээр одоогийн өрийн асуудлыг шийдэх боломжгүй. Яагаад гэвэл дайны дараа нийт үндсэн капиталыг улс орнууд хамтын хүчээр тэгээс нь эхэлж бий болгосон нь цаашдын өсөлтийн үндэс суурь болсон. Харин өнөөгийн нөхцөл байдал тэс өөр. Үнэндээ Хятад болон бусад аж үйлдвэржсэн томоохон орнуудад хүн ам нь хөгширснөөр үйлдвэрлэлийн хэмжээ буурчээ.
Тиймээс өрийг багасгах хамгийн боломжтой хувилбар нь өрийг тэглэх, хэмнэлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, инфляцийг өсгөх, бодлогын хүүг бууруулах. Өр тэглэх гэдэг хүссэнээр болохгүй, хэмнэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь тун төвөгтэй ажил учраас бодлогын хүүг бууруулах, инфляцийг өсгөх аргыг хослуулахаас өөр аргагүй болж байна гэж эдийн засагчид үзэж байна. Гэвч энэ арга бас л эргэлзээтэй. Яагаад гэвэл үүнээс болж хүмүүс мөнгөнд итгэхээ болих аюултай. Тиймээс энэхүү өрийн хямрал валютын хямрал болон хувирч магадгүй.