Оросын хэвлэлүүд Монголын талаар
Шүрэнгийн усан цахилгаан станц баригдах уу?
Сүүлийн өдрүүдэд Оросын хэвлэлүүд, ялангуяа Эрхүү мужийн хэвлэлүүдэд Шүрэнгийн усан цахилгаан станцийн асуудлын талаар голдуу бичжээ. Байгаль далайн гол цутгал болсон Сэлэнгэ мөрний Шүрэнгийн УЦС барих төслийг оросууд төсөл бий болсон цагаас нь эсэргүүцэж ирсэн. Энэ нь Оросын сэтгүүлчдийн анхаарал хандуулдаг гол сэдвийн нэг. Энэ удаа тэд бичихдээ Монголын УИХ-ын гишүүн Л.Болд, М.Зоригт нар Байгаль далайн экологийн тэнцвэрт байдлыг алдагдагдуулах аюултай учир Шүрэнгийн УЦС баригдахаа больсон гэж мэдэгдсэн тухай онцолжээ. Тухайлбал «Байкал-Daily» сайтад “Сэлэнгийн УЦС баригдахгүй, оросууд монголчуудад итгэх хэрэгтэй” гэсэн Монголын парламентын үгнээс иш татсан гарчиг бүхий нийтлэл гарчээ.
Тус сайтад бичсэнээр УИХ-ын гишүүн Л.Болд: “Хэрэв байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүрвэл бид ямар ч төслийг дэмжихгүй. Учир нь Байгаль далай дэлхий дахниы үнэт зүйл, Монголын гол, мөрнүүд Байгалийн усны 80 орчим хувийг бүрдүүлдэг. Тиймээс бид асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй” гэж хэлжээ. Харин гишүүн М.Зоригт “Орос, Монгол хоёр муу харилцаатай байгаасай гэж хүсдэг хүмүүс бий. Гэхдээ Монголчуудын хувьд Байгаль далай үнэлэшгүй зүйл учраас Шүрэнгийн УЦС хэзээ ч баригдахгүй гэдгийг 100 хувь баталгаатай хэлж чадна” гэж мэдэгдсэн байна.
Гэвч энэ талаар өгүүлсэн нэг ч өгүүлбэр Монголын хэвлэлд байсангүй. УИХ-ын гишүүн Л.Болдын өрөө рүү залгаж энэ талаар лавлахад “Миний хувьд УЦС барихгүй гэж хэлээгүй, арай өөр зүйл ярьсан” гэсэн хариу өглөө.
Украйнчууд Монголын төрөөс нөхөн төлбөр шаардав
Өнгөрсөн долоо хоногт Оросын хэвлэлүүдээр Монголтой холбоотой нэгэн үндэслэлгүй мэдээлэл нэг хэсэгтээ Монгол, Орос, Украйны уншигчдын толгойг эргүүлж дөнгөв. Энэ сарын 11 нд "Русская народная линия" (Орос ардын эгнээ) нэртэй сайтад Украйны Дээд Рад 13 дугаар зуунд монголчууд Украйны ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн тухай тогтоол баталсан гэсэн материал нийтлэгдэв. Тэрээр Украйны Засгийн газар Бат хааны цэрэг Киевыг сүйтгэсний төлөө Монголын төр нөхөн төлбөр өгөх шаардлага хүргүүлсэн гэж бичжээ. Түүнээс гадна монголчууд мөнгө төлөхөөс татгалзвал Украйны эрх баригчид Монголыг “эзлэн түрэмгийлэгч” хэмээн үзэж, дэлхийн хамтын нийгэмлэгт хандаж Монголын эсрэг хориг арга хэмжээ авахуулах болно гэсэн “шувууг” нисгэжээ.
Долоо хоногийн дараа Newsfront сайт дээрх мэдээллийг дахин нийтлэв. Дараа “РЕН ТВ”, “Звезда” сувгууд энэ тухай мэдээлэв. РЕН ТВ мэдээлснээр Украйны эрх баригчид Бат хааны хийсэн үйлдлийн төлөө Монголын төрөөс нөхөн төлбөр авах тухай тогтоол гаргалаа гэсэн мөртөө тогтоолын дугаар, баталсан өдрийг мэдээлсэнгүй. Харин Оросын цэрэг дайны гол суваг болох “Звезда” энэ нь худал мэдээлэл гэдэг тайлбарыг дагалдуулжээ.
Зарим сайт Украйны шаардлагад Монголын парламентын дарга доромжилсон хариу өгч “Монголчуудын дайралтад өртсөн украйнчуудын зөвхөн ар гэр, үр хүүхдэд нь нөхөн төлбөр өгнө” гэж хэлсэн тухай мэдээллийг хүртэл зохиож бичжээ.
Харин 20-ны өдрөөс энэ дуулиан худал болох тухай Украйны сайтуудад мэдээлэв. Гэхдээ Украйны сайтууд бурууг Кремлийнхэнд тохож, Оросын хэвлэлүүд санаатайгаар Украйны эсрэг ийм мэдээлэл тараасан гэж бичжээ.