Тусламжийн цуваа 12 аймгийг зорилоо
Гамшигт өртсөн малчдад зориулж Япон Улсын Засгийн газрын “Төслийн бус буцалтгүй тусламжийн хуримтлалын сан”, “Өвсний үндэс” хөтө лбөрөөс 999 сая төгрөгийн үнэ бүхий малын тэжээл, гурил зэргийг буцалтгүй тусламжаар өгсөн байна.
Тусламжийн бараа ачсан цуваа 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө.
Тусламжийг Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн малчдад хүргэх юм.
Дээрх 12 аймагт тус бүр 100 тонн малын хорголжин тэжээл, 40 тонн гурил ноогдож байна. Мөн Япон Улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар аймаг бүрт 45 тонн хорголжин тэжээл, 10 тонн гурил илгээжээ.
Цувааг үдэх ёслолд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро болон албаны бусад хүн оролцов.
Хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгасан Япон Улсын Засгийн газарт Шадар сайд М.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.
Засгийн газар гамшигт өртсөн малчдад зориулж ээлж дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд хохирол багатай даван туулахын тулд нийт 6,8 тэрбум төгрөг зарцуулаад байна.
2010 оны 4 дүгээр сарын 09-ний байдлаар улсын хэмжээнд 6,2 сая толгой мал хорогдоод байна.