Охиныхоо мөрөөдлийг биелүүлэхийн тулд Вант улс байгуулсан бизнесмений түүх
Иереми Хитон
2015.05.28

Охиныхоо мөрөөдлийг биелүүлэхийн тулд Вант улс байгуулсан бизнесмений түүх

Олон эмэгтэйчүүд хүүхэд насандаа гүнж болно гэж мөрөөддөг байсан. Гэхдээ энэ мөрөөдөл нийгэмд маргаан үүсгэж, арьс өнгөний үзэлд буруутгах шалтгаан болно гэж бодсон нь ховор. Доор өгүүлэх түүх Умард Суданы Вант Улсын гүнж, Disney компаний шинэ киноны баатар америк охин Эмили Хитонд тохиолджээ. Энэхүү киноны тухай мэдээлэл цацагдангуут Африкийн гүнжийн дүрийг цагаан арьст охиноор гаргасан хэмээн киночдыг буруутгахын зэрэгцээ колончлолыг дэмжсэн гэж үзэв. 

Чухам юун тухай түүх гэдгийг ойлгуулахын тулд Умард Суданы Вант Улс гэж юу болох, яагаад америк охин энэ улсын гүнж болсныг тайлбарлая.

Газрын зураг дээр тэмдэглээгүй, аль ч улс орон хүлээн зөвшөөрөөгүй байгаа энэ улсын үүсэл АНУ-ын Виргини мужийн фермер Иереми Хитонтой холбоотой. Дэлхийн олон аавын нэгэн адил “Би гүнж болмоор байна” гэсэн үгийг охиноосоо сонсчээ.  Гэхдээ дэлхийн бусад аавуудаас ялгаатай нь ямар ч үнээр хамаагүй охиныхоо мөрөөдлийг биелүүлэхээр шийджээ.  Үүний тулд тэр өөрөө Вант Улс байгуулж хаан болох хэрэгтэй байв. Колонийн эзлэн түрэмгийлэл, шинэ газрын эзэмшлийн эрин дууссан өнөө үед Хитон газрын зураг дээрээс хэний ч биш газар нутаг байгаа эсэхийг хайж эхэлжээ. Аль нэг улсын харъяалалд байдаггүй ийм газар нутгийг олон улсад “terra nullius” гэж нэрлэдэг.

Түүний эрэл хайгуул амжилттай болов. Африкийн зүүн хойд хэсэгт Египт, Судан хоёрын дунд жижигхэн саарал толбо илрүүлэв.  Энэ нь хүн амьдардаггүй, “Бир-Тавилийн гурвалжин” гэж нэрлэгддэг цөл газар байв.

Египт, Судан хоёрын хил орчим “Бир-Тавил”, “Халаиба” гэсэн хоёр гурвалжин байдаг. 1902 онд англичууд хоёр улсын хилийг өөрчилж Суданд Египтийн “Халаибын гурвалжинг”, харин Египтэд Бир-Тавилийн гурвалжинг өгчээ.  Гэвч 1958 онд Египт улс тусгаар тогтносныхоо дараа Бир-Тавилийг голж, Халаибын гурвалжинг буцааж өгөхийг шаарджээ.

Суданчууд Халаибыг өгөхөөс татгалзав.  Үр дүнд нь сонирхолтой нөхцөл байдал үүсч хоёр улс Халаибын гурвалжинг өнөөг хүртэл булаацалдсаар байгаа. Харин Бир-Тавил хэний ч сонирхдоггүй газар нутаг болж хувирав.

Эмили Хитон

Үлгэрт гардаг, охиндоо гал улаан цэцэг хайж олдог худалдаачны адилаар Хитон охиныхоо мөрөөдлийг биелүүлэхийн төлөө Африк руу нисэв. Египтэд буугаад Бир Тавил руу машинаар очив.  2014 оны 6 дугаар сарын 12 нд 7 настай охиныхоо төрсөн өдрөөр Умард Суданы Вант улс байгуулснаа мэдэгдэж, төрийнхөө далбааг хатгаж өөрийгөө Бир-Тавилийн удирдагч, харин охиноо гүнж хэмээн зарлав.

Энэ түүхийг дэлхийн хэвлэлүүд тэр дор нь шүүрч авав. Жил гаруйн дараа Disney компани энэ түүхээр кино бүтээх болсон талаар мэдэгдэв.  “Умард Суданы гүнж” нэртэй уг киноны өгүүлэмж ер бусын адал явдалтай учирч буй аав, охин хоёрын харилцааны талаар байх юм.

Уг явдал зарим хүнийг уярааж, заримынх нь уурыг хүргэв. Америкийн зүүн либерал үзэлтнүүд Хитоныг колончлогч, арьс өнгөний үзэлтэн гэж нэрлэв. Тэдний үзэж буйгаар кино зураг авалтыг зогсоож, Хитоныг Бир-Тавилаас амбаардаж хөөж гаргах хэрэгтэй аж. 

Бир-Тавилийн гурвалжин

Хитон өөрөө энэ бүхнийг үгүйсгэж, тэр зөвхөн хаягдсан газар нутгийг авсан гэсэн тайлбар өгч байна. 

Хитон охиныхоо мөрөөдлийг биелүүлэхээс гадна өөр нэгэн том санаа өвөрлөж яваа. Тэрээр эзэн суусан цөл нутгаа цэцэрлэгт хүрээлэн болгох бодолтой байна. Эмили охин нь өлсгөлөнд нэрвэгдэж буй хүүхдүүдийг хараад энэ санааг аавдаа хэлжээ. Урам нь хугарсан охин том цэцэрлэг байгуулж, дэлхийн бүх өлсгөлөн хүүхдүүдийг тэжээх хүсэлтэй байгаа аж.

Хитоны амбиц зөвхөн цэцэрлэгт хүрээлэнгээр хязгаарлагдахгүй.  Тэр Египт, Суданы эрчим хүчний гачигдлыг арилгахын тулд өөрийн Вант улсдаа сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг цахилгаан станци барих санаатай.  Мөн уур амьсгал, цэвэр ус, хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдэхийн тулд эрдэмтдийг урьж Бир-Тавилд барих судалгааны төвдөө ажиллуулахыг зорьж байна.