Грекийн эдийн засаг дахь эмгэнэлт хошин жүжиг
Грек улсыг өрийн хямралаас гаргах асуудал дараагийн шатандаа шилжив. Грекийн тэрслүү Засгийн газар сүүлийн саруудад буулт хийхэд бэлэн гэдгээ харууллаа. Сонгогчдод өгсөн амлалтаа зөрчихгүйн тулд Грекийг Евро бүсээс гаргах эсэхийг сонгогчдоор өөрсдөөр нь шийдүүлж магадгүй. Өөрөөр хэлбэл бүх ард түмний санал асуулга явуулах хувилбар гарч ирэв.
Гурван долоо хоногийн өмнө Латвийн нийслэл Ригад болсон Европын холбоо, Грекийн хооронд болсон хэлэлцээр бүтэлгүйтэж ажиглагчид Грекэд мөнгөний уналт болох тухай таамаг дэвшүүлэв. Европын холбооны дургүйг хүргээд буй Грекийн Сангийн сайд Яннис Варуфакис Грекийн Засгийн газар грекчүүдийн өмнө хүлээсэн хариуцлагаа зээлдэгчдийн өмнө хүлээсэн хариуцлагаас дээгүүр тавина гэж хэлсэн нь Брюсселийн уурыг тун ч их хүргэв. Алексис Ципрасын Засгийн газар сайдаа хамгаалж байгаа.
Янис Варуфакис Фото: Michael Debets / Zumapress / Global Look
Ямартаа ч гутрангүй үзэлтнүүдийн таамаг зөрж Грек улс 4,5 дугаар сард өгөх байсан өрөө дарж дуусав. Мөнгөний уналт эхэлсэнгүй. Засгийн газар өрөө дарахын тулд ОУВС дахь дансаа хоосолжээ. Түүнээс гадна парламент хэрэг гарвал орон нутгийн төсвөөс мөнгө татах хууль батлав. Орон нутаг мөнгө багатай ч яаж ийгээд аргалахад хүрэлцэнэ.
Грек болон түүний зээлдэгчдийн хэлэлцээр үндсэн хоёр сэдвийг хамарна. Нэгдүгээрт одоо хэрэгжиж буй санхүүгийн туслалцаа хүргэх хөтөлбөрийг дуусгах. Хөтөлбөрийн хүрээнд өмнөх өрийг дарахад зориулагдах 7,2 тэрбум еврог 10 дугаар сараас өмнө Грекэд шилжүүлнэ. Хоёрдугаарт энэ хөтөлбөрийг дуусангуут дараагийн хөтөлбөрийг эхлүүлэх. Яагаад гэвэл тэртэй тэргүй Афинд өөрийн мөнгө байхгүй.
Европын холбоо, ОУВС Грекэд үргэлжлүүлэн зээл олгоход бэлэн. Гэхдээ өргөн хэмжээний эдийн засгийн шинэчлэл явуулах, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх нөхцөлтэйгээр. Ципрасын багийнхан үүнийг үндсэндээ зөвшөөрч байгаа ч нарийн ширийн зүйл дээр санал зөрж байна. Үндэсний зүүний хүчнээс бүрдсэн Засгийн газар нийгмийн хамгаалалд их хэмжээний мөнгө хэмнэхэд бэлэн бус. Учир нь сонгогчдод өгсөн амлалтаа зөрчих хэрэг гарна. Гэхдээ төрийн өмчийн багагүй хэсгийг хувьчлахаас өөр аргагүй гэдгийг сайдууд ойлгож байгаа.
Удаан хугацаанд үргэлжилж буй Грекийн энэхүү эмгэнэлт хошин жүжиг Европын холбооны зарим гишүүд, ялангуяа Германы дургүйг ихэд хүргэж байгаа бөгөөд тэд Афины өмнө ямар ч буулт хийх санаагүй байна. Сүүлийн үед Брюссельд “хэрэв грекчүүд Европын холбооноос гарах гээд байгаа юм бол хүссэнээрээ болог” гэсэн өнгө аяс ажиглагдах болов. Энэ нь байдлыг улам ч түгшүүртэй болгов. Хөрөнгийн зах зээл дээр Грекийн үнэт цаас унасаар байна. Грекчүүд үүнд эмзэглэхгүй байгаа. Яагаад гэвэл тэртэй тэргүй ойрын ирээдүйд найдлага байхгүй. Хөрөнгө оруулагчид Грек улсад мөнгөний уналт болохгүй гэдэгт итгэхгүй байна.
Грекэд өрийн хямрал нүүрлээд 5 жил болжээ.
Европын комисс удахгүй зээлдэх 7,2 тэрбум еврог бүхлээр нь биш, хэсэгчлэн өгье гэсэн санал гаргасан. Гэхдээ бүх зүйл Грекийн Засгийн газар шинэчлэл хийх эсэхээс хамаарна. Харин Афин бүгдийг нь нэг дор авахыг хүсч байна. Европын холбооны хүчээр шахуу тулгаж буй нөхцөл Грекийн эрх баригч СИРИЗА намын байр суурь нэлээд ганхуулав. Хоёрдугаар сард иргэдийн 82 хувь нь намын бодлогыг дэмжиж байсан бол өнөөдөр энэ тоо 54 болжээ.
Грекийн Засгийн газар ямар нэг шийдвэртэй алхам хийхээс өөр аргагүй болсон учраас Грекийг Европын холбоонд үлдээх эсэх талаар бүх ард түмний санал асуулга явуулах хувилбар цагаа олсон хэрэг боллоо. Одоогоор энэ нь хамгийн боломжит хувилбар. Сонгогчид гаргасан шийдвэртээ өөрсдөө хариуцлага хүлээнэ.
Европын холбоо энэ санааг эсэргүүцэхгүй байна. Тухайлбал Германы Сангийн сайд Вольфганг Шойбле бүх ард түмний санал асуулга явуулах нь илүү ухаалаг шийдвэр гэжээ. Өмнө нь 2012 онд грекүүд санал асуулга явуулах тухай асуудал яригдахад Герман, Франц хоёр хориг тавьсан билээ.
Энэ хооронд Грекийн эдийн засаг ёроолдоо хүрэх болоогүй байгаа нь статистик үзүүлэлтээс харагдаж байна. Оны эхний улиралд Грекийн ДНБ дахин 0,2 хувиар буурчээ. Тэгэхээр Грекийн эдийн засаг уначихаагүй, зогсонги байдалд хэвээр байна гэсэн үг. Энэ байдал ард түмэн Засгийн газрыг улам шахаанд оруулахад хүргэж байна.
Грекийн өрийн хямралд зориулж босгосон хөшөө
Грек Европын холбооноос гарч болзошгүй гэсэн чимээг батлах нэгэн мэдээлэл Афинаас 10 мянган километрын зайд орших Канадын Ванкувераас иржээ. Юу гэвэл Канадын үнэт цаасны компани Fortress Paper Европоос нэгэн сонирхолтой захиалга авчээ. Захиалга нь мөнгө хэвлэх. Багахан хэмжээний эдийн засгийг эргэлтэд оруулахаар их мөнгө. Албан бус ярианаас сонсоход энэ нь Грекийн үндэсний мөнгө тэмдэгт болох драхма ажээ. Хэрэв үнэхээр ийм захиалга ирсэн бол Грек үнэнээсээ Европын Холбооноос гарахаар бэлдэж байна гэж ойлгохоор. Хамгийн сүүлд бүтэлтгүйтсэн Европын холбоо, Грекийн төлөөллийн хэлэлцээрээс гарахад үүнд гайхаад байх зүйл алга.