Буриадууд казиногоор монголчуудын хэтэвчийг хоослохыг зэхэж байна
Буриадын Засгийн газарт Байгаль далайн орчимд казиногийн бүс байгуулах санал оржээ
2015.05.18

Буриадууд казиногоор монголчуудын хэтэвчийг хоослохыг зэхэж байна

Буриадын Бүгд найрамдах улсад казино байгуулах тухай дахин яригдаж эхэллээ.

Буриадын Ардын хурлын Эдийн засгийн хорооны дарга Вячеслав Ирильдеев Засгийн газрын хуралдааны үеэр Байгаль далайн орчимд казиногийн бүс байгуулах саналыг авч хэлэлцэхийг санал болгожээ.

Түүний үзэж буйгаар Буриад нь Монгол, Хятадад газар нутгийн хувьд ойр учраас энэ боломжийг алдаж болохгүй аж. 2015 он гарснаар Хятадын хөрөнгө оруулагчид ч энэ талын асуудлыг ихэд сонирхож байгаа гэж хэллээ. 

Буриадын эдийн засагчид, маркетингийн мэргэжилтнүүд Хятадын хүн ам дотроос 60-аас дээш насны хүмүүсийг онцгойлж казинод тоглох гол үйлчлүүлэгчид гэж үзэж байна. 2015 оны эхний гурван сард Орост ирсэн хятад иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 2,5 дахин өсчээ. Хятадуудын хамгийн их очдог газар Москва, Амур муж, Приморскийн хязгаар.

Тэр байтугай хятадууд өөрсдөө Крымд казино байгуулах талаар зөвлөлдөхөөр Москваг зорьж иржээ.

Энэ байдлаас харахад ОХУ-ын мужуудад хөрш орнуудын үйлчлүүлэгчдэд зориулсан казино бий болох нөхцөл бүрджээ.

Хэрэв Буриадад казино байгуулагдвал энэ нь мөнгөтэй монголчуудын хэтэвчийг хоослох нэг хэрэгсэл болно. Хоёр улсын хооронд 30 хоногийн турш визгүй болсон нь тоглоомонд хорхойтсон хүмүүст бүр ч таатай нөхцөл юм.