Жуулчдыг татахад энтертайнмент бизнес нөлөөтэй
2015 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах уу? Ийм боломж бидэнд бий юу? Ер нь аялал жуулчлалын салбарт бодлогын ямар өөрчлөлтүүдийг оруулж байна. Энэ салбараас мөнгө олох боломж Монгол Улсад байгаа юу зэрэг асуудлыг хөндөж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогыг зохицуулах газрын дарга Б.Маргадтай ярилцлаа.
-Сүүлийн 10 жилийн байдлаас харахад жил бүр 400 мянга гаруй жуулчин Монголд ирдэг гэсэн тоо байна. Тухайлбал, 2014 онд 390 мянган жуулчин иржээ. Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах зорилготой байгаа.Бидэнд одоогоор ийм боломж байгаа юу?
Эхнээс нь яагаад энэ жил нэг сая жуулчин хүлээж авна гэж төлөвлөсөн бэ, энэ тооцоолол хаанаас үүдэлтэй вэ гэдгийг тайлбарлая. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод 2015, 2016 он гэхэд Монгол Улсыг зорьж ирэх жуулчдыг нэг саяд хүргэнэ гэсэн зорилт байдаг юм.
Тэгэхээр бид бүхэн нэгдүгээрт, Мянганы хөгжлийн зорилтот суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтыг биелүүлэх, нөгөө талаасаа Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хангах үүднээс ажиллаж байна.
Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын анхны алхам бол гадаад харилцаа, Монгол Улсаа дэлхийн тавцанд сурталчлах асуудал юм. Бид саяхан Монгол Улсаа жуулчдын зайлшгүй зорьж очдог улс орнуудын нэг болоосой гэсэн зорилгын үүднээс “ITB Берлин 2015” үзэсгэлэнд оролцоод ирсэн. Олон улсын хандлагыг харахад энэ үзэсгэлэнд түнш орноор оролцсоны үр дүнг нэг, хоёр жилийн дараагаас манайх хүртэх боломжтой.
-Тэгэхээр энэ жил нэг сая жуулчин хүлээж авч амжихгүй гэсэн үг үү?
Ямар ч байсан өмнөх жилд ирсэн 390 мянган жуулчны тоог энэ жил өснө гэж харж байгаа. Жуулчны тоог яг нэг саяд хүргэнэ гэдэг бол их хүч хөдөлмөр, олон жилийн дараалсан маркетингийн үйл ажиллагаа, ирж байгаа жуулчдаа хүлээн авах хүчин чадал, дэд бүтцээ сайжруулах зэрэг ажлуудын огтолцлолоос хамаарах асуудал.
-Тэгвэл жуулчдын тоог нэмэгдүүлэх, нэг саяд хүргэх ажлын хамгийн эхний алхам юу байх вэ, одоо?
Эхний удаа гадаад сурталчилгаагаа дорвитой сайн хийж байна. Сая бид Европын холбооны улсуудын зах зээлд Монгол улсынхаа аялал жуулчлалын сурталчилгааг “ITB Берлин” үзэсгэлэнгээр дамжуулж хийлээ.
Харин одоо Монгол Улсыг зорьж ирэх жуулчдыг хүлээж авах дотоодынхоо бэлтгэл ажил буюу дэд бүтцийн асуудалдаа анхаарч байна. Ажилдаа ханцуй шамлан орсон. Тухайлбал, нислэгийн тоо давтамж, авиа компаниудын өрсөлдөөнийг сайжруулахад одоогоор илүү анхаарал хандуулж байна.
-Нэг ёсондоо жуулчдыг тээвэрлэх асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт хариулт олох шаардлагатай юм байна, тийм үү?
Энэ жил тээврийн асуудал маш хэцүү байна. Ирэх онд бол олон улсын шинэ онгоцны буудал ашиглалтад орох болохоор хүссэн хүсээгүй нислэгийн давтамж ойртож, агаарын тээврээр зорчиж ирэх хүний тоо нэмэгдэнэ гэж бид тооцож байгаа. Нөгөө талдаа бууж байгаа онгоцны суудлыг дүүрэн байлгах асуудал дээр бид агаарын тээврийн авиа компаниудтайгаа хамтран ажиллах шаардлагатай болж байгаа. Дараа нь улирлын хамаарлыг бууруулах аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох хэрэгтэй болж таарна.
-Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гэхээр юу байх вэ?
Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтай. Тиймээс ялангуяа өвлийн улиралд жуулчдыг татах объект бий болгох хэрэгтэй байгаа юм. Товчхондоо нэг барилга байгууламжид тэднийг татах, үндэсний хэв маягаа хадгалсан зүйл байгуулах гэх мэтчилэн. Эвсэл улсдаа цорын ганц байгаа Sкуresort буюу цанын баазаа дэлхийн хэмжээнд болгох ч юм уу, иймэрхүү л том цар хүрээтэй массыг хамарсан ажлыг сэтгэж олж, байгуулахгүй бол өвлийн улиралд аялал жуулчлал хэцүү байдалд ордо.
-Тэгвэл яг одоо хамгийн түрүүнд бодитоор гарт баригдаад хийгдэх бүтээгдэхүүн юу байна.
Одоогийн байдлаар ганц нааштай байгаа зүйл нь УИХ-д өргөн барьсан Казиногийн тухай хуулийн төсөл. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал тоглоомын орчин бий болно гэж ойлгохоос илүү үүнийг дагаад жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг олон төрлийн энтертайнмент бизнес хөгжинө. Адаглаад урд, хойд хөршийнхөө иргэдийг татах боломж бий болно. Ер нь энтертайнмент бизнес аялал жуулчлалын салбарт чухал нөлөөтэйг бид анхаарах ёстой.
-2014 онд аялал жуулчлалын салбар 2 тэрбум 538 сая ам.долларын ашиг олжээ. Тэгвэл 2015 онд энэ салбараас хэдэн төгрөгийн ашиг олно гэж тооцоолсон бэ?
Өнгөрсөн онд олсон аялал жуулчлалын ашгаас бол өсөх боломжтой. Яагаөд өснө гэж харж байна вэ гэхээр одоо бидний энэ салбарын орлого, зарлагын өртөгийг тооцож байгаа судалгаа маань өөрөө учир дутагдалтай байгаа. Аялал жуулчлалын салбар бол дайвар маягаар хөрөнгө оруулалт хийж байдаг, дайвар маягаар олон салбарт мөнгө өгч байдаг онцлогтой салбар.
Иймээс энэ салбарын ашиг, орлогыг суурь судалгаа, тооцоолох аргачлал дээрээс нь яг эдийн засагт оруулж байгаа үр нөлөөллийг нь салбар болгоноор гаргаж, тооцоход учир дутагдалтай байдаг. Гэхдээ энэ жил аялал жуулчлалаас олох орлогыг шууд, шууд бус утгаар нь харахад Монгол Улсын эдийн засагт өгөх үр өгөөж нэмэгдэнэ гэж харж байгаа.
-Манай улсын аялал жуулчлалын салбар дэлхийн 140 гаруй орноос өрсөлдөх чадвараараа 99-д эрэмбэлэгдэж байгаа гэсэн судалгаа байна. Энэ Эрэмбийг урагшлуулах боломж байна уу?
Бидний хамгийн гол тавьж байгаа зорилт бол дэлхийд өрсөлдөх энэхүү чадвараа 2020 он гэхэд 95, бүр цаашлаад 80 руу дөхүүлэх эрмэлзлэл байна. Саяхан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. Хөтөлбөр бол хоёр үе шаттай явагдана.
Эхний шат нь улсынхаа аялал жуулчлалын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх. Дэлхийд өрсөлдөх чадварын индекс урагшилна гэдэг нь өөрөө Монгол улсын нийт эдийн засаг, хөгжилд аялал жуучлалын салбарын эзлэх байр суурь нэлээн жинтэй болсон ийм дүр зураг харагдана.
-Бид нарт бол дэлхийн жуулчдыг эх орондоо татах нөөц нь уг нь байгаад байдаг?
Тийм. Жишээлбэл Онгон, дагшин үзэсгэлэнт байгаль, дээр үеэс уламжлагдан ирсэн нүүдэлчин ард түмний ахуй соёл, адал явдал эрэлхийлэгч өндөр, сүрлэг уулс байж байна. Дээрээс нь Монголчуудын насжилт харьцангуй залуу, улс төрийн хувьд ямар нэгэн мөргөлдөөн, дайн, терорист халдлага байхгүй гэх мэтчилэн маш олон давуу талууд манайд байгаа. Үүнийг л үзүүлж, харуулж гадны иргэдэд гайхуулах, сонирхолтой аялалыг зохион байгуулах.
-Тэгвэл энэ сонирхолтой аялалыг зохион байгуулаад явах, аялал жуулчдыг адал явдалтай хөтөлбөрөөрөө өөртөө татах чадварлаг боловсон хүчин манайд өнөөдөр байна уу?
Хөтөч, тайлбарлагч, зочлох үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдийн ур чадварын асуудал зөвхөн манай улсад гэлтгүй олон улсад тулгамдсан асуудал болоод байгаа. Тэр дундаа академик түвшний сургалтын хөтөлбөр өнөөдөр ямар түвшинд байна вэ гэхчлэн хүний нөөцтэй холбоотой асуудал олон байгаа. Тухайлбал, Монгол Улсын аялал жуулчлалын салбар 100 хувь хувийн хэвшлийнхэний нуруун дээр явдаг.
Тэнд ажилладаг хүмүүс ихэвлэн түүхч, судлаач зэрэг дайвар мэргэжлийн боловсон хүчин байдаг. Өөрөөр хэлвэл одоогоор Монгол улсын их дээд сургуулиудад аялал жуулчлалын нарийвчилсан мэргэжлийн анги дутмаг байгаа юм. Иймээс хүний нөөц, боловсон хүчний асуудлыг олон улсын байгууллагуудтай хамтран хувийн хэвшлүүдийн санал, санаачлагуудыг тусгаж шийдэх хэрэгтэй байна. Мөн БСШУЯ-ны яамтай энэ чиглэлд хамтран ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Монголыг зорьж байгаа жуулчдын ихэнх нь БНХАУ, ОХУ-ын иргэд байдаг гэсэн судалгаа байна. Бусад улсуудын иргэд Монголд аялахаар хэр их зорьж ирдэг вэ?
Мэдээж манай аялал жуулчлалын голлох зах зээлийг эзэлж байгаа нь урд, хойд хөршийн жуулчид. Дээрээс нь БНСУ, БНХГУ, Япон улсын иргэд зорин ирдэг. Ерөнхийдөө БНХАУ-ын жуулчдын тооноос хамаарч Монголыг зорьж ирдэг жуулчдын тооны хэлбэлзэл явагддаг.
-Герман улсад зохион байгуулагдсан “ITB Berlin” үзэсгэлэнгийн түнш орноор манай улс анх удаа оролцсон. Энэ үеэр Ерөнхийлөгч Монгол улсад минь ирээрэй гэж уриалж байсан. Үнэхээр гадны жуулчдыг уриад байх нөхцөл манай улсад бүрдсэн үү?
Ирээдүйгээ өөдрөг л харъя л даа. Шүүмжлэх амархан шүү дээ. Ирэх жилүүдээс буюу 2016, 2017 он гэхэд бол жуулчдын тоо илүү нэмэгдэнэ гэж харж байгаа. Иймээс бид илүү хөдөлмөрлөх хэрэгтэй.
-Ойрын гурван жилд Германы 150 мянга гаруй иргэн манай улсад ирнэ гэсэн судалгаа гарсан байсан.
Энэ бол “ITB Берлин” үзэсгэлэнгээс өмнө гарсан судалгаа. Герман улсын 150 мянга гаруй иргэн зайлшгүй Монголд ирнэ гэсэн таатай мэдээлэл.
-Тэгвэл бусад улс орнуудаас хичнээн жуулчин ирэх бол? Ийм судалгаа байна уу?
Одоо яг тэд ирнэ гэж амласан зүйл алга. Харин салбар яамнаас нь голлох зах зээлтэй орнуудад аялал жуулчлалын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Эхний ээлжинд Япон, Хятад улсын аялал жуулчлалын зах зээлийг эрчимжүүлэх ажлын хэсгүүд байгууллагдаад аялал жуулчлалын компаниудын төлөөлийн хамтаар Д.Оюунхорол сайд Япон улсад ажлын айлчлал хийсэн.
Үүний хариу болгоод Японы төлөөллийн хамт 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид манай ирэх гэж байна. Дээрээс нь Зүүн хойд азийн аялал жуулчлалын том чуулганыг дотоод зохион байгуулах гэж байгаа. Ерөнхийдөө ингэж хурал, цуглаан, үзэсгэлэн, яармаг зохион байгуулах нь бизнес аяллын нэг төрөл. Дэлхийн нийтийн аялагчдын 27 хувь нь энэ аяллын төрөл рүү шилжин орж байна.
-ITB Berlin үзэсгэлэнгийн түнш орноор Монгол орон оролцсоны хувьд ямар дэвшилтийг гаргаж чадав?
Хамгийн гол нь дэлхийн нийтэд Монгол бол зорин очих газрын хувьд танигдаагүй л байсан. Харин энэ “ITB Берлин”-ий үзэсгэлэнд оролцсоноор Монгол гадаад дахь сурталчилгаагаа маш сайн хийсэн гэж бодож байна. Дараагийн алхам бол энэ үзэсгэлэнгийн мөрөөр зорин ирэх жуулчидаа яаж ая тухтай, аюулгүй аялуулах вэ? юу үзүүлж харуулах вэ, ямар маршрут зохион байгуулах вэ гэдгээ хийх боломж нээгдсэн. Нөгөө талаас хэрэв энэ үзэсгэлэнд их хөрөнгө зарцуулж ороогүй бол өмнөх шигээ л бид дотоодын асуудлаа яриад л нэг жилд 500 мянган жуулчнаа аваад суух байсан шүү дээ.
-Нөгөө төлөвлөсөн нэг сая жуулчнаа яг хэдэн он гэхэд авчирч чадах вэ?
Би бол яг 2017 он гэхэд авчирна гэж харж байгаа. 700, 800 мянга гээд л өсөх байх. Харин нэг жилд хүлээж авах жуулчны тоо нэг саяас хэтрээд ирвэл бид хүлээн авч дийлэхгүй байх аа. Тухайлбал, манай зочид буудлын ор хоног өдөрт хэд байгаа билээ, улирал ямар байгаа билээ гээд тулгамдсан олон асуудал гарч ирнэ.
-Жуулчдыг татан авчрах нэг гол зүйл бол тээврийн асуудал байгаа? Үүнийг яаж зохицуулах уу? Нөгөө л нэг дэд бүтцийн асуудлаа ярих болох нь?
Нислэг гэхээр авиа компанийн тоо цөөхөн. Нислэгийн давтамж муу. Нөгөө талаас газраар жуулчдаа тээвэрлэе гэхээр төмөр зам нь урд, хойд хөршрүү явахаас өөр боломж байхгүй. Мөн автомашинтай жуулчдыг нэвтрүүлье гэхээр одоогоор Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур гэсэн гурван боомт дээр л жуулчдад виз олгох боломжтой байгаа. Тэгэхээр автомашинаар шууд хил нэвтрэх боломжгүй байна гэдэг эргээд визний хөнгөлтийн асуудал хөндөгдөнө.
-Тэгвэл дэд бүтцийн асуудлаас гадна ойрын хугацаанд энэ салбарт ямар, ямар ажлуудыг хийх гэж байна вэ?. Эцэст нь аялал жуулчлалыг урагшлуулах эхний алхамуудыг дурдаач та?
Эхний ээлжинд голлох энэ салбарын зах зээлийг эзэлсэн улс орнуудруу чиглэсэн сурталчилгаа, маркетингаа идэвхжүүлнэ. Дараа нь дутагдалтай байгаа ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийднэ. Ялангуяа зам дагуух 00-ийн асуудлыг шийдэж, шинээр боловсон ариун цэврийн цэгүүдийг удахгүй барьж эхэлнэ. Аялал жуулчлалын улирлыг сунгах дээр орон нутгийн байгууллагуудын ажлуудыг дэмжиж ажиллана.