Гадаад өр ДНБ-ий 45.5 хувьтай дүйж байна
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.06.08

Гадаад өр ДНБ-ий 45.5 хувьтай дүйж байна

Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас дараах зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэхүү өөрчлөлтөөр төмөр зам, эрчим хүчний салбарт авах зээлийг Засгийн газрын зээлд хамаарахгүй байхаар заасан байсан. Ингэснээр өрийн босгын хэмжээнд өөрчлөлт орох уу?

Засгийн газрын бүртгэлээс. Хасагдах өр гэж байхгүй. Эрчим хүч болон төмөр замын салбарт урт хугацааны зээл авч дэмжвэл үйл ажиллагааны зардлаас зээлээ төлөх боломжтой. Өнөөдрийн байдлаар эдгээр салбарт 20 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй зээл авахаар яригдаж байна. Хэрэв энэхүү зээлийг авбал үйл ажиллагааны зардлаас зээлийн эргэн төлөлтөө хийнэ.

Мөн Монгол Улсад хамгийн хямд өртөгтэй тээврийн хэрэгсэл болох төмөр замд хөрөнгө, оруулснаар бизнес эрхлэгчдэд өртөг зардал буурах ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр, манай улс эрчим хүч импортлогч орон. Импортын хэрэглээ гэдэг нь валютын гадагшаа урсгалыг нэмэгдүүлдэг.

Иймээс өрийн босгын хэмжээндээ баригдаж, ашигтай ажиллах хоёр салбартаа хөгжлийн зээл авах бололцоогүй байснаас Засгийн газрын зээлийн бүртгэлээс хасч, ашигтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Засгийн газрын зүгээс бүх салбарыг хамруулаагүй. Хэрвээ автозамын салбарыг хамруулбал үр ашгаа урт хугацаанд өгнө. Харин эрчим хүч болон төмөр замын салбар богино хугацаанд өгөөжөө өгөх бололцоотой гэж үзсэн.

-Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан байхад зарим салбарын өрийг Засгийн газрын зээлийн бүртгэлээс хасаж байгаа нь буруу гэж зарим гишүүн шүүмжилж байсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

Санхүүгийн тооцооны бүх тоо, үзүүлэлт ил тодорхой байдаг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Засгийн газрын өрийг улсын өрд тооцдог байсан. Харин өнөөдөр Засгийн газраас гадна Монголбанк болон хувийн хэвшлийн өр бүгд хамаарч байна.

Мөнгөний бодлогын хүрээнд улсын өрийн эргэн төлөлтийн мэдээлэл тодорхой байж, гадагш урсах валютын хэмжээ, нөөц ямар байх, мөнгөний ямар бодлого баримтлах зэрэг бүх тооцоо явагдана. Тиймээс хэт их хэмжээний өр үүснэ гэж ярьж байгаа хүмүүс санхүүгийн наад захын мэдээлэлгүй байна гэсэн үг.

-Хамтарсан Засгийн газар байгуулахдаа МАН, АН хоёр өрийн босгын хэмжээг нэмэхгүй гэсэн тохиролцоонд хүрсэн. Гэтэл бодит байдал дээр өрийн босгын хэмжээг нэмэхээс өөр аргагүй байгаа учир зарим салбарын зээлийг Засгийн газрын бүртгэлээс хасаж байгаа юм биш үү?

Өрийн босгын хэмжээ 58.3 хувьтай байна гэсэн хуулийн заалтаа мөрдөнө. Магадгүй 58.3 хувьд хүрэхгүй ч байж болно. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 45.5 хувьтай байгаа. Эдийн засаг урагшлахад санхүүжилт зайлшгүй хэрэгтэй. Энэхүү санхүүжилтийг аль салбарт зарцуулах нь чухал.

Өрийн босгын хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд арилжааны богино хугацаатай зээл авч, автозам болон гудамж, талбайн завсар шинэчлэлийн ажилд зарцуулж, эргээд Монгол Улс өрөнд орох ёстой юу, эвсэл эрчим хүч, төмөр замын салбарт урт хугацааны хөгжлийн зээл авч, төсөвт дарамт учруулахгүйгээр эргэн төлөөд явах уу гэдэг л сонголтыг хийж байгаа. Тиймээс энэ асуудлыг заавал улстөржүүлэх шаардлагагүй.

-Төсвийн тогтвортой байдлын    тухай  хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах хуулийн    төслийг    УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээшгүй саналаар хэлэлцдэг. Гэтэл хуулийн   төсөлд өөрчлөлт оруулж, зарим салбарын зээлийг Засгийн газрын бүртгэлээс хасч байгаа нь хэр зохимжтой вэ?

Шаардлагатай тохиолдолд бололцоотой салбараа  хасах хэрэгтэй. Өрийн босгын хэмжээ 58.3 хувьтай байна хэмээн V цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц болон төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхгүй байж болохгүй.