“Хүүхдийн ногоон карт” аянд идэвхтэй оролцоорой
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар
2015.06.11

“Хүүхдийн ногоон карт” аянд идэвхтэй оролцоорой

 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өргөн барьсан Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан байгуулагдсан УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн тэргүүлж буй УИХ дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллыг дэмжих лобби бүлгээс санаачлан дээрх хоёр хуулийн төсөлд иргэд олон нийтээс санал авах “Хүүхдийн төлөө ногоон карт” 14 хоногийн аяныг энэ сарын 11-25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болжээ. 

“Хүүхдийн төлөө ногоон карт” аяны зорилго нь дээрх хоёр хуульд иргэдийн санал, бодлыг авахад орших юм. Тэгэхээр дээрх хуулиудтай холбоотой санал хэлэх хүсэлтэй хүмүүс оршин суугаа хорооныхоо нийгмийн ажилтан, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газруудад хандана. Харин хөдөө орон нутгийн иргэд аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдэд хандах юм байна. Иргэд бичгээр болон цахим хэлбэрээр саналаа өгөх боломжтой.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих лобби бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ “Аливаа хуулийг 76 гишүүнээр л хэлэлцүүлдэг байдлаасаа хальж илүү өргөн хүрээтэйгээр буюу олон нийтийг хамарсан байдлаар хэлэлцэх гэсэн бодол маань “Хүүхдийн төлөөх ногоон карт” аяныг эхлүүлэхэд хүргэсэн. Олон хүний саналыг авснаар илүү боловсронгуй хууль болно. Тиймээс нийт иргэд хүүхдийн төлөөх тус аянд идэвхтэй оролцоорой” гэсэн юм.

Тэрбээр мөн хүүхдийн эрх, хамгааллын талаарх эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага зайлшгүй байгаа талаар дурьдаад “Хоёр жилийн дотор бусдад зодуулснаас болж 5129 хүүхэд гэмтлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Мөн 2014 онд гэмт хэргийн улмаас 1576 хүүхэд хохирч, тэдний 817 гэмтэж, 101 нас барсан. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 81 хүүхэд хохирч, 3 хүүхэд нас барсан, зам тээврийн осолд 1212 хүүхэд өртөж, 48 хүүхэд амь насаа алдсан байна” гэлээ.

Тиймээс Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг орон даяар хэлэлцүүлэх болсон гэдгийг онцолсон юм. Дээрх хуулиуд нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх төрийн байгууллага, иргэн аж, ахуй нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийн хяналтын тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хангах дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулахад орших аж.

Мөн хүүхдийг аливаа дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдал болон мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх нийгмийн хэм, хэмжээ хуулиар тогтоох аж. Судалгаанаас харвал 2-14 насны нийт хүүхдийн 465 хувь нь судалгаанаас өмнөх нэг сарын хугацаанд гэр бүлийн гишүүдийн зүгээс сэтгэл зүйн болон бие махбодийн шийтгэлийг ямар нэгэн байдлаар амссан байна. Дээрх хуулиуд батлагдсанаар дээрх нөхцөл байдал эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

Мөн энэхүү хэвлэлийн бага хуралд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес оролцсон юм. Тэрээр хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлаар хүүхэд хамгааллын тухай 2 хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь чухал үйл явдал юм. Тэр дундаа олон нийтээс санал авах гэж байгаа нь эдгээр хуулиудыг улам сайн болгоход хувь нэмэр болно. Иймд Монгол Улсын нийт иргэд, эцэг эх, асран хамгаалагчид гээд хүүхэд багачуудынхаа төлөө сэтгэл зовинодог хүн бүхэн энэ аянд идэвхтэй оролцож, саналаа өгнө гэдэгт найдаж байна гэв.