Мотоцикль унах соёл гэж юу вэ ?
Урин дулаан цаг ирж, моторт дугуйнуудаа хүлэглэн унах залуучуудын тоо гадуур нэмэгдэж байгаа. Тиймээс уншигч та бүхэндээ мотоциклоо хэрхэн арчилах, зөв соёлтой уна бусдад саад болохгүй байх зэрэг асуудлын хөндөн “Total motors” компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнх-Оргил болон зөвлөх инженер Кочи сантай ярилцсанаа тоймлон хүргэж байна.
Мотоцикль унахад жудаг хэрэгтэй
Ямар ч тохиолдолд унаж буй хүн өөрийн аюулгүй байдлыг хангаж, эрсдлээ тооцохоос эхлээд мотоциклийн соёл яригддаг. Түүн өөрийнхөө буруугаас болж бусад хүмүүсийг авто осолд оруулахгүй байх нөхцлийг ч давхар хангах хэрэгтэй. Мэдээж хамгийн түрүүнд өөрийн аюулгүй байдлыг хангах нь маш чухал. Хувцас хэрэглэл талаасаа наад зах нь хамгаалалтын малгай, нөгөө талдаа мотоцикль унах эрхийн үнэмлэх гэсэн зүйлсийг хангасан байх шаардлагатай.
Заримдаа хүмүүс гудамжаар мотоциклоо чарлуулаад давхих залуусыг хараад нилээд бухимддаг. Яагаад тэр вэ ? Магадгүй мотоцикльтой холбоотой анхны сэтгэгдэл нь таагүй үлдсэн биз. Мэргэжлийн тамирчин тэмцээнд хэрэглэдэг төмөр хүлэгээ хэзээ ч хотын төвөөр унадаггүй. Зөвхөн зориулалтын газар нь л унах хэрэгтэй.
Энэ бол жудаг. Тухайлбал бартаат замын кросс мотоциклийг хотын төвөөр дугуйг нь гозойлгоод давхина гэвэл үнэхээр утгагүй. Мэдээж өөрт нь кайфтай, сайхан санагдаж болох ч түүнийг харж байгаа бусад залуучуудад буруу үлгэр дуурайлал болж мэднэ. Гэхдээ үүнийг зөвхөн нэг талаас нь биш уян хатах бодох нь зүйтэй.
Үнэхээр өөрийн бололцоондоо тааруулаад нэг мотоцикль л авах чадвартай учраас хоёр дугуйтаа ажил, гэр, хөдөө гээд явсан газар бүртээ хэрэглэж байгааг шууд л энд унахгүй, тэнд болго гэх зэргээр хувь хүний эрхэнд нь халдаж болохгүй. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцож байгаа машины жолооч нар гудамжаар чарлууллаа, сүлжиж давхилаа гэх зэргээр мотоцикльчдод нэлээд дургүй ханддаг.
Гэхдээ бусад улс орнуудад ч гэсэн эхэндээ ийм л байсан. Сүүлийн үед залуучууд хоёр дугуйтыг нилээдгүй унах болсноор хобби, стресс, ажлын ядаргаагаа тайлах нэг хэлбэр болчихож. Миний хувьд ч гэсэн ялгаагүй. Амралтын өдөр болонгуут хэдэн найз руугаа залгаад мотоциклоо асаагаад давхих үед үнэхээр надад амралт болдог.
Бусдад таалагдахын тулд үнэтэйг битгий сонго
Та хичнээн мөнгөтэй ч өөртөө ахадсан том хөдөлгүүртэй мотоцикль худалдан авах нь эхний ээлжинд зохимжгүй. Үнэндээ тухай техникээ бүрэн эзэмшиж чадахгүй асуудал гарах учраас өөрийн хэмжээндээ таарсныг л авах хэрэгтэй. Дөнгөж унаж эхлэж байгаа хүмүүст моторын багтаамж нь 120 байвал тохиромжтой. Түүнийгээ унаж сурчихаад түвшингээ ахиулж 250, цаашлаад 450 гэх мэтчилэнгээр мотороо томсговол унаж байгаа мотоциклийнхоо хүчин чадлыг бүрэн мэдэрч, өөрөө ч гэсэн кайфаа авах болно. Харин тэгэлгүй бусдад таалагдахын тулд үнэтэй мотоцикль авчихаад хэрэглэж чадахгүй байсаар хаячих тохиолдол бий.
Сүүлийн үед хөдөө, орон нутагт мотоциклийн хэрэглээ маш их өссөн. Адуу, хониндоо явахдаа бараг морь унахаа байчихсан . Түүнчлэн монгол хүүхдүүд багаасаа морь унаж сурдаг шиг мотоциклийн хувьд ч ялгаагүй залуухан хэрэглэгчтэй болчихсон. Үүний нэг сайн тал нь тухайн техник эвдэрлээ гэж бодоход багаасаа унаж байгаа хүн чинь түүнийгээ засах гээд техниктэй ойр өсдөг.
Үүгээр дамжуулж өөртөө нэг зүйл сурч авдаг. Харин аюулгүй байдлын тал дээр ингэ,тэг гэж хэлэхэд хэцүү. Гол асуудал хурд хэтрүүлэх явдал. Угаасаа хурд ихсээд эхлэвэл аюул улам л өндөрсөнө. Тиймээс аюулгүй байдлаа хангахын тулд наад зах нь гутал, малгай хоёрыг зайлшгүй өмсөж дадах хэрэгтэй.
Гэтэл хөдөө орон нутагт байгаа хүмүүс хайлшан обудтай мотоциклийг ихээр унаснаас болж авто осол ихээр гардаг. Тиймээс импортоор оруулж ирдэг худалдаачид ч худалдан авагчиддаа аюулгүй байдлын талаас зөвлөгөөг өгдөг байх хэрэгтэй.Уг нь Ямаха, Хонда, Сузуки зэрэг брендийн мотоцикль унаад үзчихсэн хүмүүс техникийн чанар, аюулгүй байдлыг үнэхээр мэдэрчихсэн байдаг. Гэтэл хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй мотог унаад байвал амь насаа юунд даатгаад байгаагаа бодох л ёстой. Жишээ нь хэрэглээ талаас гэвэл дугуйны хигээс гэдэг зүйл чинь зөвхөн шороон заманд, хигээсгүй хайлшан обудтай бол засмал замд л унах ёстой.
Хамгийн чухал нь аюулгүй байдал
Гадны орнуудаас монголын замаар мотоцикльтой давхиж үзэхийг хүссэн жуулчид маш их ирдэг. Тэр ч утгаараа үүнд тулгуурлаад авто төрлийн соёлыг хөгжүүлэхэд нэлээд тохиромжтой. Гэхдээ цогцоор нь хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд аюулгүй байдлаа бүрэн хангах хэрэгтэй. Магадгүй цуваат аялалын үед нэг нь осолд орлоо гэж бодоход тэнд байгаа бүх хүмүүс сонин байдалд орчихдог. Энэ нь томорвол нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж болно. Харамсах хүн олон болох тусам авто спорт хөгжихөд хүндрэлтэй.
Жишээ нь хүүхэд мотоцикль унахыг хүссэн ч эргэн тойронд нь осол гараад байвал эцэг эх нь зөвшөөрөхгүй. Ингэхийн бол мото соёл түгэн дэлгэрэхэд тушаа болно. Түүнчлэн наад зах нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, замын хөдөлгөөн соёлтой оролцож, түгжрээтэй үед машин сүлжихдээ хурдаа багасгах зэргээр өөрсдийгөө бусдад зөвөөр таниулах нь бусдад эерэг хандлагыг төрүүлдэг.
Одоохондоо клубын түвшинд өөрсдийн гэсэн дүрэм, журам гаргаад ажиллаж байна. Нэг талдаа ингэж нэгдсэнээр адал явдалт аялал жуулчлалын төрлийг хөгжүүлэх боломжтой. Жишээ нь Хагын хар нуур гэдэг газар бий. Тэнд машин бол зундаа очиж чадахгүй маш их шавартай бас голтой. Зарим хүмүүсийн хувьд тэнд очиж үзэхийг маш их хүсдэг. Мэдээж түүнийг даваад гарчихын бол авч байгаа сэтгэлийн таашаал нь үгээр илэрхийлэшгүй.
Хүнийг бодож мотоцикль унах нь чухал
“Total motors” компанийн зөвлөх механикч Кочи сан
Бид машин, мотоцикль хоёрын ялгааг сайн мэдэх хэрэгтэй. Машин бол А-аас Б цэг хүртэлх замыг тав тухтай байдлаар зорчих, эсвэл аливаа эд зүйлсийг зөөхөд ашигладаг бол мотоциклийг ямар ч шалтгаан, нөхцөл харгалзахгүйгээр унадаг. Зөвхөн тухайн хүний дур сонирхол анхдагч шалтгаан болдог гэсэн үг. Түүнчлэн гадуур нь ямар ч бүрхүүл, хаалт байхгүй учраас байгальтай илүү ойртож чаддаг нь бүх мотоцикль сонирхогч залууст адилхан.
Жишээ нь машинтай давхиж байгаад байгалийн сайхныг үзэх, мотоцикльтай аялаад харах хоёрын мэдрэмж тэс өөр. Японд зөвхөн төмөр хүлэгчдэд зориулсан хоолны газар, кафе, кофешоф зэрэг газруудад цуглаад хамтаараа хийж үйл ажиллагаа, хөтөлбөрөө төлөвлөөд ярилцдаг. Тэнд таны ямар төрлийн мотоцикль унасан нь хамаагүй. Зөвхөн нэгдээд аль нэг тийшээ аялах сонирхлоор цугласан бүлэг хүмүүсийн цуглаан гэх үү дээ. Би заримдаа Японы дээхэн үеийн мотоцикльчдийн төрхийг энд хардаг.
Анх мотоцикль унаж эхлэж байсан үед нэлээд муухай буюу хоёр дугуйтынхаа янданг сольчихоод чарлуулаад бүлэг, бүлгээрээ хотын гудамжаар давхидаг залуучууд байсан. Харин одоо тэр үе нь өнгөрөөд зөвхөн өөрийнхөө сэтгэлийн ташаалын төлөө биш хүнийг бодож мотоциклийг унах ёстой гэсэн соёл тогтчихсон.
Өөр нэг зүйл нь төмөр хүлэгээ унаад гудамжаар салхи татуулан давхих нь хүний нүдэнд маш амархан өртөж, заримдаа гоё харагдаж хүмүүст таалагддаг ч тохиолдол бий. Гэтэл хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа зүйл нь өөрт нь буцаад сэтгэлийн таашаал өгдөг. Тэгээд түүндээ улам хөтлөгдөөд илүү сайн унаж сурах, гоё мотоцикль хэрэхглэх гээд мэрийдэг нь өөрт нь хобби болох том түлхэц болдог.
Унахгүй зургаан сардаа сайн арчил
Монгол жилийн зургаан сард нь мотоцикль унах боломжгүй эрс тэс уур амьсгалтай газар. Өөрөөр хэлбэл жилийн талд нь таны төмөр хүлэг зогсолтын байдалтай байна гэсэн үг. Хэдий тийм ч үүнийг давуу тал болгож болно.
Нөгөө сэлбэг нь ирэх гэсээр байтал дор хаяж сар болдог. Үүнээс болж унах хугацаа нь багасана. Нэг хөгжилтэй зүйл ярихад. Миний найзууд дунд мотоцикльд дуртай нэг нөхөр бий. Тэр өөрийн мотоциклоо гал тогооныхоо өрөөндөө оруулаад тавьчихдаг.Учир нь тэр хугацаанд мотоциклио оношлон, элэгдсэн сэлбэгийг нь солиод, хавар дөрвөн сард унахдаа бэлэн болгох хэрэгтэй. Энд байгаа хоёр дугуйтнууд тэгэхгүй байгаад нь миний хувьд их харамсдаг. Дулаан оронгуут л гэнэт ухаан орсон хүүхэд шиг шууд асаагаад л унах гэдэг. Гэтэл удаан хугацаанд зогсолттой байсан унаа нь асахгүй болвол шууд л сэлбэгийг нь захих гэдэг.
Үнэхээр дур сонирхолтой. Унахгүй үедээ маш сайхан цэвэрлээд дурсгалын зүйл шиг л гэрт нь байж байдаг. Зарим хүн бол дуртай мотоциклоо хараад кола уугаад суух нь өөрт нь кайф өгдөг гэдэг. Яг л монгол хүн морио хараад баясдагтай адил зүйл. Түүнчлэн төмөр хүлэгээ хадгалахдаа шууд л гараашд оруулаад хана түшүүлээд бүтээлгээр нөмрөөд орхичихдог. Гэтэл үүнээс болж дугуй нь муудах, тосоо хаях зэргийн эвдрэлүүд гардаг. Тиймээс хамгийн чухал нь хадгалахдаа наад зах нь газраас хөндийрүүлэх хэрэгтэй. Тэгсний дараагаар тосыг нь сольж, тормоз, консны тосолгоо зэргийн зүйлээр арчилах хэрэгтэй.
Том тэмцээнд түрүүлэхээс илүү замаа дуусгах нь чухал
Миний хувьд дэлхийн хамгийн том авто уралдаан “Дакар ралли”-д таван удаа “Мицүбиши” багийн механикчаар оролцож байлаа. Жилдээ нэг удаа болдог тэмцээнд манай компанийн 10 мянган механикчаас зөвхө таван хүн л шалгараад оролцдог. Үнэхээр гайхалтай тэмцээн. Мэдээж тэнд оролцоод түрүүлэх нь мэдээж бүх тамирчдын гол зорилго нь түрүүлэх ч хамгийн чухал нь замаа дуусгах явдал. Би азидаа хамгийн томд тооцогддог “Asian rally”-д долоон удаа дунд гарын жийпний төрөлд оролцож байсан.
Тэр үед замынхаа дунд машинаа эвдэлчихээд арай гэж бариандаа орж, шөнөжингөө машинаа янзлаад өглөө 08:00 цагт гараанаас гарч байсан тохиолд хүртэл бий. Тэр чинэгээрээ том тэмцээнд оролцдог хүмүүсийн хувьд сэтгэл зүйн хувьд ч маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байх хэрэгтэй санагдсан. Одоо миний хувьд монголд Yamaha motors компанид зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хажуугаар нь өөрийн мотоциклийн засварын газраа ажлуулж байна.
Миний засварын газарт ихэвчлэн Монголын дайран өнгөрч буй мотоциклтой жуулчид үйлчлүүлдэг. Мэдээж хэл ойлгоцохгүй зүйл их гарах ч сонирхдог зүйл нь мотоцикль гэдэг ганц зүйл байгаа учраас маш амархан ойлголцдог. Хэдий би мэргэжлийн хүн ч гэсэн зарим зүйлийг мэддэгүй тул тэдгээр зүйлээ ч гэсэн хоорондоо солилцдог. Тэр хүмүүс ч гэсэн өөрт хэрэгтэй зүйлээ олж авдаг.