Оргүйгээс охинтой нь дээр
Манайх дэлхийн жишгийг дагадаг гэж хэлдэг хэрнээ эсрэгээр нь туудаг хүмүүс. Учир нь сонгуулиас сонгуульд яс, чанар муудаж, чөмөг нь дундардаг болсон төрийн томилгоог хараад уурлах, эгдүүцэх, инээх давхцлаа.
Дөрвөн жилд нэг удаа Олимп болдог. Хэрваа танай улс Олимпыг зохион байгуулах эрх авлаа гэж бодоход өмнө нь хийж байсан улсуудаас давхыг хичээдэг. Харин манайхан хэн нь хамгийн муу засаг байгуулах вэ гэж уралдаад байх шиг.
Гарсан сайд нарын оронд томилогдсон сайд нарыг хараад сууж байхад “Бурхан та нарыг арай гэж онгоцонд суулгалаа. Гэхдээ одоо живүүлнэ ээ” гэдгийн үлгэр шиг зүйл болж байгаа мэт.
Тэд улсыг хөгжүүлэх бус хөнтрөх, төрийг тогтворгүй болгож, түүнээс гарах шийдвэрийг нь сулруулах бодлогыг баримталж салбар салбараар нь самарч, сарниах бодлогыг албаар бариад ч байгаа юм уу эсвэл хар хайрцагны бодлогоо өөрчилчөхсөн юм болов уу гэмээр харагдаж байна.
Уг нь Монгол Улсын сайд гэдэг хэн дуртай нь намтартаа чимэг болгон бичүүлдэг шагнал биш. Дуртайг нь бус чадахыг нь, хүссэнийг нь биш хийхийг нь олон олон шүүлтүүрээр шүүн томилж, зарцалдаг төрийн нэн чухал алба болохоос ханцуйндаа наймаалцдаг хэрэгсэл хүртэл биш.
Сайд нарын суудалд суусан нөхдүүдийг хараад байвал монголыг бус ганцхан хүний эрх ашгийг хамгаалагч, хөдөлмөрлөснөөрөө бус хуурамчаар анкетаа зузаатгагч, сахилагагүй гудамжны бацаан шиг салаавч гаргагч, үдэш оройгүй нутгийн дүү хүүхнүүдийн зургийг дарагч, тоон дотроос үсгийг хайгч гээд их л эмгэнэлтэй.
Үнэхээр эрх баригчдад, тэдний хамсаатан болсон “Шударга ёс” эвсэлд нь эднээс илүү хүн даанч байсангүй бололтой юм. Ёстой нөгөө оргүйгээс охинтой нь дээр гэж хэлдэг шиг л зүйл боллоо. Нөгөө давхар дээл бол бүр цаашаа. Дан дээлийг тайлуулахаар эхэлсэн засгийн хямрал эргээд давхар дээлтнүүдээр данхайлаа.“Жагсаалтын гай” гэх халаглал дуусаагүй байхад бүр бүгд давхар дээл өмсөөд амжлаа. “Нянгар хаданд гарсан нь” гэдэг л энэ байх. Удахгүй өвөл ч боллоо.
Барилга хот байгуулалтын сайдыг гэр хороололд амьдардаг болохоор салбараа сайн мэдэх хүн гэнэ. Тийм биш бол Долоон буудлын Должин эмээг хэзээний сайдаар тавиагүйгээс өнөөгийн Улаанбаатарт эмх замбараагүй барилга босч, орон сууц нь үнэтэй, дэд бүтэцгүй, галын машин гарах орох газаргүй болтлоо мухарласан юм байх. Даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр өнөөгийн Монголын улс төрийн хүчнүүдийн явцуу бүлэглэл ёс зүй байтугай, хууль дүрмээс ч илүү эрх мэдэлтэй болж юу санаснаа төвөггүй гүйцэлдүүлдэг болсны илрэл нь энэ.
Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн эсвэл өөрт оногдсон ажлаа хэнээс ч илүүгээр хийж чаддаг чадварлаг залуус төрд ажиллах нь гутамшиг гэж үзэх боллоо. Улс төрийг ашиг олох хэрэгслээ болгосон эрх мэдэл эд хөрөнгөөрөө нам дамжин сүлбэлдэгсэд, тэдний залгамж халаа өсч өндийн хэлээ зажилсан эрхийн тэнэгүүд улс орны хүнд хэцүүг нуруундаа үүрдэг салбарыг толгойлон онхолдуулдаг болж.
Цүнх барьсан балайнууд тамга барьж тоглоод ирэхээр эдийн засаг, улсын хөгжил яаж олигтой байх вэ? Өрсөлдөх чадвартай, сонгосон мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшсэн, аливаа залуус төрд ажилласан ч зугтаадаг, эрдэм, мэдлэгээр бус танил талаараа албан тушаал ахидаг болсоныг харах тусам ой гутна.
“Төрийн эрх мэдэл ард түмэнд хадгалагдана” гэсэн ойлголт үнэндээ утгаа алдаж. Ийм л хэцүү нэртнүүдийг бид төрд гаргаж, улсаараа тоглуулж сууна. Тэднийг сонгосон нь бидний алдаа ч гэлээ тэдэнд төрийг ингэж самрах эрх байхгүй. Баасан дээр ялаа суудаг нь жам. Суугаад өтөө цацдаг нь ёс. Нэгэнт цацсан өт үрждэг нь амьдралын хууль. Тиймээс л бохирын хоолой байдаг. Төр нь бохирдоод, бүр бөглөрчихсөн байхад цэвэрлэж чадаагүй улс төв цэвэрлэх байгууламжаа янзалж чадах уу?!
Дулаан байранд ялаа өвөлжих боломжтой ч түүнийг намнах боломж хэзээд байдаг шиг азаар өнөөдөр тэд сайдад томилогдсон ч сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн л гэж тайвширъя.