Сайдуудыг парламентаас сонгох нь зөв
УИХ-ын гишүүн, Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ
2015.08.11

Сайдуудыг парламентаас сонгох нь зөв

УИХ-ын гишүүн, Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэтэй  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 Засгийн газрын гишүүдийг  нөхөн томилох асуудал Ардчилсан нам болон “Шударга ёс  эвсэл хооронд хийх улс төрийн , зөвшилцлөөс хамаарах болчихоод буй юм.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрийн дараа Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг бүлгийн хуралдаанаар ярина” хэмээн мэдэгдсэн. Танай бүлгийн хуралдаанаар энэ талаар хэлэлцэв үү?

-2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам, "Шударга ёс” эвслийн бүлгийн хооронд байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг албан ёсоор ярьж байна. Одоогийн байдлаар бүлгийн эцсийн шийдвэр гараагүй байгаа. Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Өршөөлийн хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцсэний дараа л Засгийн газрын гишүүнийг томилох талаар бүлэг авч хэлэлцэнэ. Засгийн газрын гишүүнийг томилох асуудалд эвслийн бүлэг ач холбогдол өгөхгүй байгаа. Тиймээс эхлээд Өршөөлийн хуулиа баталъягэдэг байр суурийг илэрхийлж байна.

-Танай намын бүлэг Өршөөлийн хуульд яагаад ингэж их ач холбогдол өгөөд байгаа юм бэ?

-Би дээр хэлсэн, энэ хууль нийгэмд хүлээлт үүсгээд байгаа. Манай улс 2009 оноос хойш иргэддээ өршөөл үзүүлж байгаагүй. Өршөөлийн хууль нь нийгэмд төдийгүй Монгол Улсын эдийнзасагт чухал ач холбогдолтой. Тиймээс үүнд гол анхаарлаахавлуулж бауна.

-Улс орны эрх  ашгаа бодсон ч эхлээд Засгийн газрын гишүүдийг яаралтай томилох хэрэгтэй юм биш үү?

-Гишүүд өөр өөрсдийн байр сууринаас асуудалд хандаж байгаа байх. Миний хувьд хэлэлцэх асуудлын дарааллаас хамаарч асуудалд хандах учиртай гэж бодож байна. Засгийн газрын гишүүдийг томилох асуудалтай уялдуулан гацаах сонирхол манай эвслийн бүлэгт байхгүй.

Өршөөлийн хуулийг яаралтай батлах нь нийгмийн захиалга. Гэвч “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн хэн нэгэнд “хаяглан” батлуулахаар улайрч байна хэмээн харах хүмүүс ч цөөнгүй бий?

-Манай намын гишүүдээс Өршөөлийн хуулийг анх санаачилсан юм. Тухайн үед намын дарга Н.Энхбаяр хоригдож байсантай холбогдуулан, “даргыгаа гаргах гэсэн гишүүдийн хуулийн төсөл” гэдэг өнцгөөс нийт харж байсан тохиолдол бий. Мөн бидэнд нэр хаяг өгч, маш их хардалт үүссэн. Тиймээс бид Их хурал дахь бусад намын гишүүдтэй хамтран хуулийн төслөө боловсруулан, нэр бүхий 25 гишүүн өргөн мэдүүлсэн. Нийгэмд Өршөөлийн хууль хүлээлттэй байгаа нь үнэн. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур хэсгийнхэн, анх удаа гэмт хэрэг хийсэн болон санамсаргүй байдлаар алдаж эндсэн залуусын ар гэрийнхэн хуулийн төслийг яаралтай батлахыг хүлээж байгаа юм.

-Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй. Тиймээс ийм хууль гаргах шаардлагагүй гэж үзэгсэд ч байгаа. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Хуулийн төслийг хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Өршөөлийн хууль батлагдсанаар олон гэмт хэрэгтэн шоронгоос суллагдах нь, тэр хүмүүс дахиад онц ноцтой

хэрэг хийж нийгэмд айдас жихүүдэс дагуулна гэж ярьж байна. Гэхдээ онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн тухайд ялын хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулах заалт орж ирж байгаа болохоос, бүхэлд нь хүчингүй болгохгүй. 1991 оноос хойш удаа дараа гаргасан Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийн зургаан хувь нь давтан гэмт хэрэг үйлдсэн байдаг. 94 хувь нь дахиж гэмт хэрэгт холбогдоогүй.

-Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Таны хувьд энэ талаар ямар ажлууд хийвэл үр дүнтэй гэж боддог вэ?

-Эрх зүйн үр дагаврыг тооцоолж хуулийн төслийг боловсруулсан байх. Өнөөдөр өршөөлөөр гарсан хүн бүр хэрэг хийнэ гэж харах юм бол хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм гэх зарчмаа алдана. Харин шоронжсон нийгэм рүү л явна гэсэн үг. “Чи буруутай юу. Тэгвэл ялаа эдэл” гэдэг байдлаар хандах юм бол өнөөдөр Монгол Улсад дээрээсээ доошоо хүртэл бараг бүгд шоронд орчихно. Харин түүний оронд дунд сургуулиудад хууль сурталчлах талын ажлыг хийж өгөх хэрэгтэй. Бид өнөөдөр хүнийг шоронд хорьсноосоо тэр хүнд ухамсар суулгаад байгаа юм биш.

Харин ч мэргэшсэн гэмт хэрэгтэнг бэлтгэх зам руу оруулж байгаа юм. Насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн нөхцөл байдалтай танилцах үед ял эдэлж байгаа хүүхдүүд “Бидэнд хууль тайлбарлаж өгдөгтүй. Тэгсэн мөртлөө ганц алдаа гаргахад ял оноож байгаа нь хатуу байна. Эрх чөлөөтэй байгаа хүүхдүүдэд хуулийг сайн тайлбарлаж өгөөч” гэж байсан л даа. Үнэхээр хүүхдүүдэд чи энэ хуулийн, тэр заалтыг зөрчвөл ийм хариуцлага хүлээнэ  гэдгийг ойлгуулж байх хэрэгтэй юм болов уу гэж боддог.

-Энэ удаагийн Өршөөлийн хуульд авлига болон албан тушаалтантай холбоотой хэргүүд хамрагдах уу?

-Тодорхой хэргүүд хамрагдана.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах төсөл санаачлахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Уг нь “Шударга ёс” эвсэл өнөөгийн нөхцөлд Засгийн газрын гол хамтрагч. Энэ талаар бүлэг ямар нэгэн байр суурь илэрхийлэх ёстой юу?

-Нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна билээ. Хэчнээн гишүүн гарын үсэг зураад байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга. Гэхдээ энэ бол өмнөх намрын чуулганы үеэр хөндөгдсөн зүйл шүү дээ. Өөрөөр хэлбэл, МАН Засгийн газраас гараагүй байх үед гэсэн үг.

-Зарчмын хувьд хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байгаа эвслийн гишүүн ийм шийдвэр гаргаж байгаа нь хэр зохимжтой юм бол?

-2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам, “Шударга ёс” эсвлийн бүлэг хамтарсан гэрээг байгуулж, өнөөдрийг хүртэл гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Ийм тохиолдолд Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах санал гаргаж байгаа нь таагүй хэрэг. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудал нь олны анхаарал татаж байгаа учир манай эвслийн бүлгийн гишүүд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Тийм учраас бүлгийн гишүүндээ нөлөөлөх оролдлого хийх нь зохимжгүй. Хувь гишүүний асуудал гэхээс илүүтэйгээр улс орны эрх ашиг хөндөгдөж байгаа учир манай бүлгийн гишүүд ажиглагчийн байр сууринаас хандаж байна.

-Бүлгийн хурал дээр энэхүү асуудлыг хэлэлцсэн үү?

-Хэлэлцээгүй байгаа.

-Г.Уянга гишүүний үйлдэл нь бусдыг шахах гэсэн  оролдлого хэмээн тайлбарлах хүмүүс цөөнгүй байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Тэр бол хувь хүний асуудал.

-Засгийн газраас МАН гарснаар зургаан сайдыг нөхөн томилох шаардлагатай боллоо. Шинээр томилогдох зургаан сайд хэн байх талаар бүгд л таамаг дэвшүүлж байна. Хамтран ажиллах гэрээний дагуу танай эвслийи бүлэгт сайдын суудлын квот оногдох байх. Хэчнээн сайдын квот оногдох бол. Ардчилсан намын зүгээс энэ талаар тодорхой шийдвэрийг танай эвслийн бүлэгт хүргүүлсэн үү?

-Засгийн газрын зургаан сайд огцорсонтой холбоотойгоор манай эвслийн бүлэгт Ардчилсан намын зүгээс тодорхой санал тавих байх. Өнөөдрийн байдлаар аль яам, агентлагийг манай бүлэгт хамтарсан гэрээний дагууөгөх талаар нарийн яриагүй байна. Асуудлыг дарааллын дагуу хэлэлцэнэ.

-Ардчилсан намынхан Засгийн газрын зургаан сайдыг УИХ дотроосоо томилохоор болсон. Танай бүлгийн хувьд өөрт оногдсон квотод ямар байдлаар нэр дэвшүүлэх вэ?

-Манай эвслийн бүлэг Ардчилсан намын байр суу- рийг хүндэтгэнэ. Сонгууль дөхөж байгаа учир Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэдэгт санал нэгдэж байгаа. Эцсийн шийдвэрийг бүлгийн хуралдаанаас гаргана.

-Танай эвслийн бүлэг сайдын суудлын квотыг тэгш байдлаар хуваарилах уу?

-“Шударга ёс” эвсэл парламентад суудалтай бусад улс төрийн хүчинтэй харьцуулахад гишүүдийн суудлын  тоо цөөхөн. Тиймээс сайдад нэр дэвшүүлэх асуудал маргаан дагуулах хэмжээнд хүрэхгүй байх. Миний хувьд оногдсон сайдын квотод мэргэжил, ажлын туршлага, гаргасан амжилт, үр дүнг харж томилгоо хийх байх гэж бодож байна.