"Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхээр хэлэлцэнэ
Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөж шилжүүлж, 647,710,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгний орлогыг тус тус хууль бусаар төвлөрүүлж, иргэдийг хохироосон болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.
Иргэд өөрт учирсан хохирлоо барагдуулахаар нэг нэгээрээ шүүхэд хандахад зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд “Шударга төрийн төлөө” ТББ болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм. Тэгвэл шүүхэд гаргасан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг өнөөдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх юм.