УИХ-ын дарга “Мах маркет” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд
2015.08.01

УИХ-ын дарга “Мах маркет” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.08.01/ “Мах маркет” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Мах Маркет” ХХК нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 2004 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өдгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний томоохон аж ахуй нэгж болжээ. Тус үйлдвэр хоногт 1000 толгой бог мал төхөөрөх хүчин чадалтай эхлэн боловсруулах цех, нэг ээлжиндээ 5 тонн бууз, банш, бөөрөнхий мах үйлдвэрлэх хүчин чадалтай хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, 10 тонн бог болон бод малын мах шулах хүчин чадалтай шуллалгааны цех, нэг ээлжиндээ 5 тонн хиам, зайдас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бэлэн бүтээгдэхүүний цехтэй бөгөөд 7500 тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах багтаамж бүхий хамгийн сүүлийн үеийн хөргөлтийн системээр тоноглогдсон агуулахтай юм. Өнөөдрийн байдлаар дотоодын зах зээлд 14 төрлийн 35 нэрийн бэлэн бүтээгдэхүүн, 7 төрлийн 14 нэрийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон боловсруулан, ангилсан мах худалдаалж байгаа юм байна.

 

Сүүлийн 2 жилд 60 гаруй ажлын байр шинээр бий болгож, өнөөдөр 180 гаруй мэргэжлийн чадварлаг ажилтнуудтайгаар олон улсын  стандартад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа талаараа тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Болор Улсын Их Хурлын даргад танилцуулж байсан юм.

2014 онд Монгол Улсад ердөө ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн гаргах зөвшөөрөлтэй 2 компани байсан бол энэ жил 7 үйлдвэр ОХУ руу, 6 үйлдвэр БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх авч, бэлтгэлээ хангаж байгааг энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний эдгээр үйлдвэр адууны махан бууз, банш экспортод гаргахад бэлэн. Харин шүлхий гарсантай холбоотойгоор хонь, үхрийн махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар л боловсруулж экспортлох бололцоо байгаа болохыг дуулгалаа. Малчид болон махны чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих үүднээс төр засгийн зүгээс тулгамдаад буй зарим асуудлуудыг шийдвэрлэх талаар хөрш орнууд болон олон улсын байгууллагуудтай ярилцаж байгаа юм байна.

Түүнчлэн, ОХУ болон БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий компаниуд тоног төхөөрөмжөө шинэчлэхээр авсан хөнгөлөлттэй зээлийн хугацаа нь дуусч, 08 дугаар сарын 01-нээс арилжааны банкны зээл рүү шилжих болоод байгаа, мөн эргэлтийн хөрөнгөгүй байгаа зэрэг бэрхшээлийг шийдвэрлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Засгийн газарт асуудал оруулж байгаа талаараа мэдээлэл өгөв.

 

Улсын Их Хурлын дарга үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ, “Махны үйлдвэрүүдтэй танилцахын өмнө хоёр аймгийн зуншлагын байдалтай танилцаад ирсэн. Ирэх мичин жилийн өвөлжилт хүндэрч болзошгүйг тооцож малчид бэлтгэлээ хангах хэрэгтэй. Мах бэлтгэл нэмэгдлээ гэхэд манай махны үйлдвэрүүд боловсруулалт хийж, экспортлоход бэлэн байна уу, асуудал бэрхшээл нь юундаа байна вэ гэдгийг судлахаар өнөөдөр махны үйлдвэрүүдэд ажиллаж байна. “Мах маркет” ХХК бол олон улсын стандарт хангасан цөөн үйлдвэрүүдийн нэг.

Бид 2009, 2010 оны зуднаас авсан сургамжаасаа суралцах ёстой. 2008 оны намар би Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүний хувиар мах боловсруулах үйлдвэрийн мэргэжилтний хамтаар орон нутгаар явж, ирэх өвөл хүндрэх төлөвтэй учраас малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдлээс сэргийлэхийг уриалж байсан. Зарим малчин сайн ажилласан, ихэнх малаа худалдсан бол үлдсэн хэсэг нь үнэ нь бага гэдэг шалтгаанаар худалдаагүй юм. Тэр жилийн зуднаар Өвөрхангай аймаг 3 сая малынхаа 1 саяыг алдаж, 80 тэрбум төгрөгийн хохирол амссан. Тэгэхээр энэ мэт гашуун сургамжаасаа суралцаж, Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуйн яам 60 сая дөхсөн малынхаа 10 сая гаруйг нь эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр санаачилга гарган ажиллаж байна. Малчид үүн дээр хамтарч, цаг үеийн бэрхшээлийг хохирол багатайгаар давах боломж байгааг тооцох хэрэгтэй юм” гэлээ.

 

Улсын Их Хурлын дарга үйлдвэрийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм. "Мах Маркет” ХХК-ийн дотоод хяналтын лаборатори нь 2011 онд MNS ISO/IEC17025:2007 стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн байна. Энэхүү лаборатори мах махан бүтээгдэхүүнд 40 гаруй нэр төрлийн хими, физик, микробиологи, серологийн шинжилгээг гүйцэтгэж, аюулгүй байдлыг баталгаажуулдаг.

2011 онд дотоодын махны аж үйлдвэрийн салбарт анх удаа эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо буюу НАССР тогтолцоог нэвтрүүлж, олон улсын аудитын компаниар шалгуулан тэнцэж, хүнсний аюулгүй байдлыг хангах суурь тогтолцоог бүрдүүлжээ. 2014 онд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000:2005 стандартыг үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлснээр Монголын махны болон хүнс үйлдвэрлэлийн салбарт шинэ ололт амжилт гаргаж, компанийн төдийгүй улс орныхоо хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм байна.

ISO22000 стандарт нь үйлдвэрлэлийн бүх шатанд хүнсэнд нөлөөлж болохуйц аюул, эрсдлийг илрүүлж, хяналтанд авч, удирдах баримтжуулсан тогтолцоо бөгөөд эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тус стандартыг нэвтрүүлэхийн тулд “Мах Маркет” ХХК нь нэлээд хугацаа зарцуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэснээс гадна ажилтнууддаа эрүүл ахуйн байнгын сургалт, дадлага олгож, дотооддоо 50 гаруй бодлогын баримт бичиг, 200 гаруй журам, заавар, бүртгэлүүдийг бий болгож, мөрдөн ажиллаж байна. Үүнээс гадна Монгол Улсын 40 гаруй хууль эрх зүйн акт, 100 гаруй стандартын шаардлагуудыг хэрэгжүүлжээ.

Ийнхүү олон улсын аудитын компаниар шалгуулан гэрчилгээ авснаар “Мах Маркет” ХХК-ийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гадаад зах зээлд гаргах нөхцөл бүрдэж БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох  шалгалтанд тэнцэж эрхээ авсан бөгөөд энэ оны намраас экспортоо эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Компанийн удирдлагууд энэ үеэр санхүүгийн асуудлаас үүдэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа талаар хэлж байлаа. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар суурилагдсан хүчин чадлынхаа 30 хувийг ашиглаж байгаагаас үүдэн энэ онд БНХАУ руу 6000 тонн мах экспортлох юм байна. Харин санхүүгийн дэмжлэг авах юм бол экспортын бүтээгдэхүүний хэмжээг 12000 тонн болгон нэмэгдүүлэх боломж байгааг “Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор танилцуулсан юм.
 

 

Улсын Их Хурлын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Д.Батцогт, Монголын махны холбооны хийсэн судалгаагаар Монгол Улс хонины махны экспортоос жилд 800 сая ам.долларын орлого олох тооцоо гарсныг дуулгаад, нөхөн сэргээгддэг энэ баялагтаа тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх нөөц Монголд байгааг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд малаа эрүүлжүүлэх, мөн хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангасан боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах тал дээр анхаарах шаардлагатай байгааг онцолж байв. Тэрээр “Улсын Их Хурлын дарга болон салбарын сайд, гишүүд өнөөдөр олон улсын хоёр ч стандартыг хангасан “Мах маркет” компанийн үйл ажиллагаатай танилцаж байна. Ийм жишгийн үйлдвэрээс мах, махан бүтээгдэхүүнийг аль ч улс руу экспортлоход асуудалгүй. Монголын махны холбоо болон холбогдох байгууллагууд махны нийт үйлдвэрлэлийг энэ жишигт хүргэхэд анхаарч ажиллах юм бол экспортыг сайжруулах боломж бий. Экспорт төдийгүй дотоодын зах зээлийг ч энэ жишгээр бэлтгэж, боловсруулсан бүтээгдэхүүнээр хангах чиглэлийг цаашдаа баримтлах нь зүйтэй” хэмээлээ.

Улсын Их Хурлын даргыг “Мах маркет” ХХК-д ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөхөөр Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.