Гэр ажлын байр биш
2015.07.31

Гэр ажлын байр биш

Уншигч та бүхэндээ АНУ-ын нэрт маркетингийн мэргэжилтэн, судлаач, стратегийн маркетингийн зөвлөх Жеффри Жеймс Фоксын “Жижиг бизнесээр хэрхэн их мөнгө олох вэ?” номын өгүүллүүдээс орчуулан хүргэж байна. Түүний зарим номыг дэлхийн 35 хэлнээ орчуулжээ.

21. Гэр ажлын байр биш

Хэрэв та ганцаараа амьдардаггүй бол гэрээ ажлын байр болгоод хэрэггүй. Ганц бие байсан ч гэрийн офист зурагт, хөргөгч, гэрийн нохой, цонхны цаадах орчин гээд өрсөлдөгч мундахгүй. Хэрэв та өөр хэн нэгэнтэй амьдардаг бол өдрийн турш өөрөөс чинь өөр хүн гэрт байх ёсгүйгээс гадна утасны дуудлага авахгүй, хаалга тогшвол нээхгүй, сонин уншихгүй, нохойтойгоо зугаалахгүй  байх хэрэгтэй болж, нэг үгээр хэлбэл та дээд зэргээр төвлөрөх шаардлага гарна.  

Хэрэв та гэрээ ажлын байр болгосон бол, эхнэр юмуу нөхөр, хүүхдүүд, эсвэл өөр хэн нэгэн хамт байдаг бол ажлын өдөр ямар ч үр дүн авчрахгүй. Өрөөгөө дуу нэвтрэхгүй болгон тусгаарлаж, үүдэнд нь зуумхай нохой уясан ч та тайван ажиллаж чадахгүй.  Гэрт байхад аар саар ажил, хэлцэх ёстой асуудал мундахгүй.

Гэрийн офист үйлчлүүлэгчдээ дагуулж ирж болохгүй.

Хэрэв гурван настай охин тань урагдсан бамбаруушны чихмэлийг нь оёод өгөөч гэвэл энэ нь тэр хүмүүжилгүй гэсэн үг биш, зүгээр л түүний чухал ажил таны чухал ажилтай давхцаж буй хэрэг. Дэргэд нь байгаа цагт та тусалж л таарна.

Гэрийн офист үйлчлүүлэгчдээ дагуулж ирж болохгүй. Гэрт өөд өөдөөсөө хараад ажил хэрэг ярих боломжгүй. Тэр тусмаа нийлүүлэгчид болон бусад компаний төлөөллийг хүлээж авч болохгүй. Цаг, мөнгө зарах шаардлагатай ч өөр газарт уулзахаас өөр аргагүй.

Боломж гарангуут тусдаа офис түрээсэл. Та сэрүүлгийн дуунаар босдог, дасгалаа хийж хувцсаа өмсчихөөд ажилдаа явдаг ажил хэрэгч нэгэн болно. Сахилга бат гэж байх ёстой. Нүдээ нухлан орноосоо өндийж халаадтайгаа компьютерийн өмнө суухаас шал өөр. Назгайрсан хүний ажлын чанар мууддаг жамтай. Түрээслэх офис тань тансаг байх албагүй. Эхэндээ хаягдсан гараш ч байж болно. Хотын захын нурах дөхсөн байшин ч тохирно.

Гэрийн офис түрээс, татварын зардал хэмнэдэг ч та цаг хугацаа, төвлөрөх боломжоо алдана.

Хэрэв таны ажиллах орчин гэрээс түрээсийн офист шилжвэл гэрт чинь хүүхдүүд тоглох зай гарна. Хэдий чинээ их зай төдий чинээ бага стресс, хэдий чинээ бага стресс төдий чинээ үр бүтээлтэй амьдарна.

Гэрийн офис түрээс, татварын зардал хэмнэдэг ч та цаг хугацаа, төвлөрөх боломжоо алдана. Хэмнэсэн мөнгө гэрийн нөхцөл дэх хөдөлмөрийн бүтээмжийн доголдол, ажлын удаашралыг нөхөж чадахгүй.