Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Монголын 50 хүүхэд оролцоно
УИX -ын гишүүн Я.Санжмяmав
2015.08.12

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Монголын 50 хүүхэд оролцоно

УИX -ын гишүүн Я.Санжмяmавтай ярилцлаа.

-Зургаан сайдыг өргөн барих асуудал анхаарлын төвд байсаар байгаа. МАН-ын зургаан сайдыг чөлөөллөө гээд л янз бүрийн яриа гарч байна. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Их л сүрхий дэвэргэж яриад байгаа болохоос аль ч улс оронд сайдууд нь огцорч, чөлөөлөгдөж л байдаг шүү дээ. Засгийн газар нь бүрэлдэхүүнээрээ огцорчихсон биш МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, орных нь сайд нарыг томилох асуудал яригдаж байна. Энэ бүхэн процедурын дагуу явах ёстой. Одоо цаг бага үлдсэн тул ажил хийх хүнээ даруйхан сонгоод цаашаа явах нь хамгаас чухал байна. Сандал суудлын төлөө биш санаандаа хүртэл ажиллаж чадах хүнээ суудалд нь тавих л үлдлээ шүү дээ.

-Таны санаачилсан нэгэн томоохон ажлын талаар мэдээлэл авах гэсэн юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Завхан аймгийн 24 суманд “Өсвөрийн 9999 монгол шатарчид”-ын тэмцээн болсон. Энэ үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов ирээд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Тэгвэл хэдхэн хоногийн дараа Монголын нийслэлд өсвөрийн дэлхийн шатрын олимпиад болох гэж байна?

-Энэ жил Монгол Улсад 16 нас хүртэлх хүүхдүүдийн шатрын дэлхийн олимпиад болох гэж байна. Уг тэмцээн нь олон улсын шатрын холбооны календарт орчихсон төсөв санхүү нь улсын төсөвт суучихсан төлөвлөгөөт арга хэмжээ. Сүүлийн үед монгол хүүхдүүд шатрын спортоор хичээллэн үр дүн нь сайн гарч байгаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт мөнгөн медаль авч байна. Нас насныхаа ангилалд рейтинг нь өсч байгаа гэдгийг манайхан  анзаарсан байх. Хүүхдүүд, шатар тоглон тодорхой хэмжээний үр дүнгүүд гараад  байгаа хэдий ч олон улсын томоохон тэмцээнүүдэд олноороо орох боломж тааруу байгаа юм.

-Зардал хөрөнгөтэй холбоотой юу?

-Олон улсын тэмцээнд явахад тухайн орон нэг багийн зардлыг л даадаг. Манайхан гурван багтай явах гэхээр хоёрынх нь зардлыг өөрсдөө  олох шаардлага тулгардаг. Тиймээс тэмцээнд оролцох таван тамирчин нэг дасгалжуулагчаас бусад хүмүүс тэмцээнд оролцоход эдийн засгийн хувьд хүнд болдог. Монгол хүүхдүүд бусад орнуудын хүүхдүүдээс оюун ухааны чадамж, сэтгэлгээ муутай биш эдийн засгийн асуудлаас болж хохирч үлддэг л дээ. Энэ байдлаас гарах гарцыг би хувьдаа эрж хайдаг юм’

Ноднин 9999 хүүхдийн шатрын тэмцээнийг Завхан аймагт зохион байгуулж, дараа нь Улаан-Үдэд хүүхдүүдээ тэмцээнд оруулсан. Мөн Завханы хүүхдүүд БНСУ-д тэмцээнд оролцоод ирсэн. Монгол хүүхдүүдийн хувьд бусад орны олон жил системтэй бэлтгэгдсэн хүүхдүүдээс илүү байна уу гэхээс дутахааргүйгээр тэмцээнд оролцдог. Тийм болохоор манай орноос хол болдог байсан дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэл төрсөн хэрэг. Тиймээс ноднин 9999 шатарчдын тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Илюмжиновт санал тавьсан юм.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах орнуудын дунд өрсөлдөөн хэр байсан бэ?

-Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад гурван орон өрсөлдөж Монгол Улс эрхээ авсан. Учир нь 9999 хүүхдийн шатрын тэмцээнийг нэг аймагт зохион байгуулж чадсан юм чинь Дэлхийн аваргыг танай улс зохион байгуулж чадна гэж үзээд эрхийг олгосон. Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах Засгийн газрын шийдвэр, Эрүүл мэнд спортын яамнаас тушаал гарсан байгаа. Миний хувьд Монголын шатрын хвлбооны тэргүүн дэд ерөнхийлөгч гэсэн сонгуульт ажилтай хүн. Тиймээс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны даргаар томилогдсон.

-Энэ удаагийн Дэлхийн аваргад хичнээн орны өсвөрийн шатарчид өрсөлдөх юм бэ?

-Одоогоор 24 орны 32 гаруй баг тэмцээнд оролцоно гэдэг мэдүүлгээ өгчихөөд байгаа. Манай орны хувьд дээрх багууд  дээр нэмж 10 баг оролцуулах юм. 10 удаагийн Дэлхийн аваргад оролцох зардлыг хэмнэж энэ тэмцээнд оролцуулж байгаа гэж ойлгож болно. Би мөнгөгүй улмаас  Дэлхийн аваргад оролцож чадсангүй дээ гэдэг харууслыг үр хүүхдүүд минь сэтгэлдээ тээж, доголон нулимстай үлдээхгүй гэдэг утгаар нь бүх хүүхдүүдээ ижил гараанаас оролцуулахаар болсон юм.

 Монгол Улсын хөгжлийн түлхүүр нь мөнгө санхүү гээд олон зүйлийг манайхан ярина. Хамгийн чухал үндсийн үндэс нь хүн байдаг. Тэр дундаа улс орны ирээдүй болсон хүүхдүүд байдаг юм. Бид зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх, чадамжтай Монгол Улсыг бий болгохын тулд хүүхдүүдийн сэтгэн бодох, хөгжил дэвшил рүү явах бололцоог нь шатрын спортоор олгоё л гэж байна. Сумын хүүхдүүд аймагтаа, улсдаа уралдаад медалийнх нь тоо нэмэгдээд байдаг. Ер нь монголдоо хичнээн медаль авсан бай тивийн аваргад ядаж оролцохгүй байгаа нь харамсалтай байгаа байхгүй юу.

Тэр хүүхдийн оюун санааны хөгжилд нь олон улсын тэмцээн их нөлөөлнө биз дээ. Дэлхийн түвшний тэмцээнд оролцох хүүхдүүдийн хүслийг гүйцэлдүүлж эх оронд минь болж буй дэлхийн аваргад хэнийгээ оролцуулах вэ гэж толгой өвтгөх асуудалгүй боллоо. Энэ тэмцээн болсноор Дэлхийн хэмжээний ринг дээр Монголын 50 хүүхэд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Гадаад дотоодын үеийн нөхдөөсөө өөрийнхөө чадвар хэр байгааг мэдрэх боломж бүрдэж байгаагаараа энэ тэмцээн онцлог болно.

Ирэх оноос Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авах хүсэлтэй байгаа. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээ эх орондоо зохион байгуулмаар байна. Магадгүй 2020 онд Монголд дэлхийн шатрын аварга шалгаруулахтэмцээнийг авах боломжтой. 2020 он гэхэд манай орон дэлхийн шатрын аваргатай болохыг үгүйсгэхгүй. Миний хүсч байгаа зүйл бол 2022 оноос өмнө дэлхийн шатрын аваргатай болох.

Тэмцээнд ямар рейтингтэй хүмүүс оролцох бол ?

Дэлхийн аварга гэдэг утгаараа тааруу тамирчин оролцохгүй. Тэмцээнд оролцох тамирчид 2000- аас дээш рейтингтэй супер мастер 10 оролцоно. Шатрын спорт өндөр хөгжсөн орнуудаас маш олон мастерууд хүрэлцэн ирнэ. Тэр хүмүүс Монголын хүүхдүүдэд шатрын спортын чадамжийг мэдрүүлж өгнө гэдэг нь маш чухал. Дэлхийн олон шилдэг шатарчид ирснээр манай орны хүүхдүүдийг дасгалжуулах бэлтгэлийг нь хангуулах боломж бүрдэнэ. Чадварлаг шатарчин хүүхдүүдийг гадаадын сургуульд сургах бололцоо эндээс бүрдэнэ гэж  харж байгаа. Тиймээс гурван сарын өмнөөс бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн болохоор ажил дуусч байна. Тэмцээн маш сайн болно гэдэгт итгэлтэй байгаа. Мөн дэлхийд монголоо сурталчлах юм.

-Монголоо сурталчлах ямар боломж байгаа юм бэ?

-Олон улсын шатрын холбоо дэлхийн 181 оронд салбартай. 181 оронд 10 өдрийн турш үргэлжлэх тэмцээнийг онлайнаар шууд үзэх юм. Тэмцээн наймдугаар сарын 19-нд эхэлж 29-нд дуусах өдөр хүртэл тэмцээний дундуур монгол гэж ямар орон бэ гэдгийг харуулна. “Найрсаг Улаанбаатар’’  гэдгээ сурталчилж өгмөөр байна. Монгол гэдэг улсад уул уурхайгаас гадна хөгжих боломж байна, хөрөнгө оруулах бололцоо бий гэдгийг мэдрүүлэхийн тулд ажиллаж байгаа. Эдийн засгийн форум гээд хоёр өдөр хуралддаг.Тэгвэл  монголд хөрөнгө оруулалт хийж байгаа компаниуд бидэнтэй хамтарч ажиллаад арван өдөр компаниа дэлхийд сурталчлах юм. Үүгээрээ давуу талтай тэмцээн болно.

Өдөрт 4-5 цагийн тэмцээн болох тул үүнийг дэлхийн орнууд шууд үзнэ. Тэмцээнд ирсэн орнууд манай улсыг сонирхож таарна. Тэр үеэр нь танай компанийг болон ямар салбарт хөрөнгө оруулалт хүсч байгаа талаар нь сурталчилна. Бид эдийн засгийн хүндрэл байна гээд гараа хумхин суулгүй гарц гаргалгаатай, хөрөнгө бага зардаг хэрнээ илүү үр өгөөжтэй төсөл хэрэгжиж байгааг дуулгамаар байна.

Миний хувьд хаврын чуулган завсарлахаар тойрогтоо ажиллаад, дараа нь эх орондоо хэрэгтэй нэг зүйл хийе гэсэн нь энэхүү Өсвөрийн дэлхийн шатрын олимпиадыг зохион байгуулах ажил байлаа. Ямартай ч тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ гар утас, компьютерийн тоглоомоос хэрхэн холдуулах вэ гэдэг асуудал толгойны өвчин боллоо. Хүүхдийг үүнээс хол байлгах нэг арга нь энэхүү шатрын спорт ч юм шиг. Өнгөрсөн жил Завханы 9999 хүүхдийг шатар тоглож сургасан нь тус аймгийн хүүхдүүдэд оюуны том хөрөнгө оруулалт болсон гэж тус аймгийнхан ярьдаг юм билээ?

-Эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоосон нэгзүйл бол хоолгүй, хувцасгүй байх биш тоглоомонд донтсон хүүхдүүдээ яах вэ гэдэг асуудал болоод байгаа нь үнэн. Хүүхдүүдийг шатраар дамжуулан арай өөр зүйл рүү анхаарлыг нь хандуулах хэрэгтэй байна. Манай Завханы хүүхдүүд аялалд явах юм уу хэд хэдээрээ нийлээд ийшээ тийшээ явахдаа За ганц нүүчих үү" гэдэг болсон. Бидний үед бол барилдчих уу, тэвэг тоглочих уу гэдэг байсан бол охидууд нь матик, черта тоглох уу гэдэг байлаа. Одоо бол Завханы хүүхдүүд морин хуураа нэг хөглөчихье, шатар нүүчихье гээд сэтгэхүй нь өөр болсон байгаа. Тиймээс эрүүл хүүхэд өсч торних нэг боломжийг нээж өглөө хэмээн дотроо сэтгэл хангалуун байгаа.

-Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадын үеэр нас харгалзахгүй оролцох “Mongolia open” тэмцээн болно гэсэн мэдээлэл байгаа. Тэр нь ямар учиртай тэмцээн юм бэ. Хүссэн хүн бүхэн оролцож болох юм уу?

-“ Mongolia open” нээлттэй тэмцээн нас, зэрэглэл харгалзахгүй. Гэхдээ зэрэглэлийн хувьд өндөр рейтингтэй хүмүүс нь 40 ам.доллар төлөх бол рейтинг багатай оноогоо нэмэх гэж байгаа хүмүүс 100 ам.доллар төлж оролцох юм. Одоогоор 122 хүн бүртгүүлээд байна. Ноднин 9999 шатарчдын тэмцээнийг зохион байгуулсан хүний хувьд энэ тэмцээнийг өөрийнхөө ивээл дор зохион байгуулж байгаа. Энэ тэмцээн маань мөн л наймдугаар сарын 19-29-ний хооронд 10 хоног үргэлжилнэ. Мастерт дэвшиж оноо цуглуулж байгаа хүмүүс оролцож оноогоо ахиулах боломжтой л доо. Хожсон тохиолдолд зургаан сая төгрөг авах юм. Үндсэндээ бооцоот тэмцээн маягийн зүйл явах юм. Тиймээс энэ өдрүүдэд хоёр тэмцээн зэрэг явна гэсэн үг.

Тэмцээний үеэр манай тамирчин бусад орны шилдэг тамирчидтай найз нөхдийн, багш шавийн барилдлага тогтоохболомжтой. Энэтэмцээн "Хүннү молл” цогцолборт болно. Тэр утгаараа бид “Хүннү молл”-ыг сурталчилж өгөх үүрэг авч байгаа юм. 181 оронд бид “Хүннү молл”-ын үйл ажиллагааг сурталчилж өгнө. Үүний дүнд “Хүннү молл” бидэнд үнэгүй талбайгаа ашиглуулж байгаа. Бид ингэж л хэн хэнийхээ дутууг нөхөж ажиллах ёстой. Нямдаваа захиралтай “Хүннү молл"-ынхондоо талархаж байгаагаа хэлмээр байна. Тэмцээнд оролцохоор ирсэн хүмүүс шатар тоглохоос гадна олон үйлчилгээг монголд авна. Энэ нь бас л эдийн засаг шүү дээ. Эдийн засаг  тодорхой эргэлтийг бий болгох юм. Хүнээ хөгжүүлж, нөхөрлөлөө бий болгож, эдийн засагтаа бага гэхгүй эргэлт бий болгож, монголоо сурталчилсан арга хэмжээ белно. Мэдээллийн спонсороор ТВ9 телевиз ажиллана.

-Нэг зүйлийг лавлахад дэлхийн шатрын холбооны гишүүнээр монголын маш олон хүүхэд элсэхээр болсон гэв үү?

-Ноднин 9999 тэмцээнд оролцсон хүүхдүүд дээр нэмэгдээд 10182 хүүхэд Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элсэх юм. Монгол Улс шатрын орон гэдгийг, монгол хүүхэд цаашид дэлхийд хүчтэй өрсөлдөгч болон гарч ирнэ гэдгийг тунхаглаж байгаа нэг зүйл энэ байх болно. Дэлхийн өнцөг булан бүрт шатар сайн тоглож байгаа хүүхдүүдээс дэлхийн нэртэй компаниуд ирээдүйн боловсон хүчнээ сонгон шалгаруулдаг дэлхийн жишиг байна. Тэдгээр компаниуд Монголын хүүхдүүд яахаараа ийм мундаг байдаг юм бэ гээд түрүүлж санал тавьдаг болгохын тулд хийж байгаа ажил. Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элссэн хүүхэд жилд 24 мянган төгрөг төлнө. Сард 2000 төгрөг гэсэн үг.

Тэр хүүхэд дэлхийн хаана ч болж байгаа тэмцээнийг үзэх боломжтой болохьн сацуу ямар ч тэмцээнд онлайнаар оролцох боломжтой.  Шатрын тухай шинээр гарсан бүх номуудыг өөрийнхөө картаар хуулаад авах бололцоотой гээд давуу тал ихтэй. Хүүхдүүд комьютерийг тоглох хэрэгсэл гэдэг нүдээр биш арай өөр чиглэлд ашиглаж сурахад нөлөө үзүүлнэ. Дэлхийн шатрын холбоонд гишүүн элсүүлэхэд заавал бүгдийг нь хотод дуудах шаардпагагүйгээр хөдөө малын бэлчээрт байгаа хүүхэд модемоор интернэтэд холбогдон өөрийн анкетыг өгөөд л гүйцээ. Гишүүн болсон бүх хүүхдийн картыг тэмцээн дууссаны дараа хүргүүлнэ. Эхний ээлжинд 24 мянган төгрөгийн асуудлыг шийдсэн байгаа.