Өмнөд Солонгосчууд бас иргэдээ өршөөлөө
УИХ-ын ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулийг баталсан.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсанд бизнесийнхэн, эдийн засгийнхан баяртай байгаа бол Өршөөлийн хууль олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулах болсон.
Монгол Улсын төр засаг эдийн засгийн хямралтай энэ үед бизнес эрхлэгчдээ дахин нэг боломж олгож байгаа шиг Өмнөд Солонгос улс ч бизнесменүүдээ өршөөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хатагтай Пак 6000 гаруй гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэхээр болсон байна. Тэдний дунд хөрөнгө завшсан хэргээр хоригдож буй тус улсын гурав дахь том бизнес группын тэргүүн багтаж байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлэх болжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын-Хэ өршөөл үзүүлэх шийдвэр гаргаснаа эдийн засгаа бэхжүүлэх, өсөлт нь удааширч байгаа эдийн засгаа сэргээх зорилготой гэж тайлбарласан байна. Хэдийгээр хэрэгт холбогдсон томоохон бизнесменүүдээ өршөөсөнд тус улсын шүүмжлэгчид тун дургүй байгаа ч Өмнөд Солонгос Улсын Хууль зүйн сайд Ким Хен-вунгийн хэвлэлд өгсөн тайлбараар авлигын хэрэг болон төсвийн мөнгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдсон улстөрчид, төрийн албан хаагчид өршөөлд хамрагдахгүй гэсэн байна.
Харин замын хөдөлгөөний зөрчил гаргасны улмаас жолооны үнэмлэхээ хураалгасан, торгуулсан эгэл жирийн хүмүүс өршөөлд хамрагдаж байгаа аж. Тодруулбал амьдрахын эрхээр хулгай, залилан, дээрэм зэрэг хэрэг үйлдэн хөнгөн ял эдэлж буй 3650, ялынхаа гуравны хоёрыг эдэлж дуусгасан хөнгөн ялтай, сахилга баттай, засарсан онц хүмүүжигч 588, эдийн засаг гэмт хэрэг үйлдсэн ч хохирлоо барагдуулж дуусч буй 50 хүн тус тус багтжээ.
Энэхүү Өршөөл үзүүлэх шийдвэр нь Ерөнхийлөгч Пак-ийн хамгийн анхных бөгөөд дэлхийн II дайн төгссөн, Японы эзлэн түрэмгийлэгчид Солонгосын хойгоос гарсны 70 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог гэнэ. Харин манайд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулж байгаагаар онцлог билээ.