Тарвага шиг хошгируулж байгаад иргэдээ буудах нь
УИХ-ын чуулганаар Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцлээ
2015.06.12

Тарвага шиг хошгируулж байгаад иргэдээ буудах нь

Өчигдөр УИХ-ын үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан.

УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн сайд Д.Дорлигжав хэлсэн.

Харин гишүүд хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг зэрэг хэлэлцэхгүй бол эвгүй байдал үүсгэнэ. Увайгүй, таагүй бизнесийн орчноо өөрчлөх цаг нь ирсэн.

Нэг удаагийн алдаа дээр нь дөрөөлсөн, шоронжсон байдлаасаа салах хэрэгтэй. Татвар төлөгчдөө, баялаг бүтээгчдээ нэг удаа ч болов хуулийнх нь гох дэгээнээс гаргаж өгч байна гэдэг утгаар хуулийг батлах ёстой. Батлахдаа Эдийн засгийн өршөөлийн хуультай цуг батлах ёстой.

Ингэхгүй бол данс тооцоогоо нэг болгох гэх мэт ажлууд гацна. Хариуцлагын заалт байхгүй учраас сайн дураараа хуулийн байгууллагад дуудагдаж очихыг хэн ч хүсэхгүй. Хоёрдугаарт, гишүүдийн дунд авлигыг өөгшүүлэх нь, авлигын хэргийг хамруулах нь гэдэг төөрөгдөл бий.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар нэг ч албан тушаалтан авлигын хэргээр өршөөгдөхгүй. Эрүүгийн шүүхэд Эрүүгийн хуулийг л хэрэглэдэг. Энэ хуулийг баялаг бүтээгчид, аж ахуй нэгжүүд хүлээж байгаа шүү, МАН-ынхаан. Ганц удаа бид баялаг бүтээгчдээ дэмжээд, энэ хуулийг нь батлачихад яах вэ дээ.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хамтад нь хэлэлцэхгүй бол болохгүй. Эдийн засгийн өршөөлийн тухай хууль бол аж ахуй нэгжүүдэд асар их хэрэгтэй. Ил тод байдлын тухай хууль бол хууль бус аргаар олсон хөрөнгө мөнгийг ил болгох тухай асуудал юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.