Өршөөх үү эс өршөөх үү
Төсвийн байнгын хороо
2015.05.18

Өршөөх үү эс өршөөх үү

Өнөөдөр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэнэ. Уг хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа аж.

Оны эхний дөрвөн сарын байдлаар төсөвт бүрдэх татварын нийт орлого өмнөх 38.3 тэрбум төгрөг буюу өнгөрсөн жилийн мөн үеийнхээс  2.7 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан байна. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 115.0 тэрбум төгрөг буюу 27.6 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 17.0 тэрбум төгрөг буюу 16.4 хувиар буурсан аж.

Хэдий тийм ч бусад татвар, төлбөр хураамжийн орлого 102.8 тэрбум буюу 72.4 хувь, онцгой албан татварын орлого 31.5 тэрбум буюу 23.2 хувь, нийгмийн даатгалын орлого 23.3 тэрбум буюу 8.2 хувиар өссөн нь нэлээдгүй сайн тоо юм.

Гэхдээ зарим аж ахуй нэгж компаниуд "Эдийн засгийн ил тод байдлын тухай" хуулийн сургаар татвараа хугацаанд нь төлөхгүй байгаа гэх мэдээлэл бий. Хэрвээ хууль батлагдавал 11 мянга гаруй аж ахуй нэгж өршөөлд хамрагдана гэдгийг хууль зүйн сайд хэлсэн. Харин УИХ-д суудалтай нам, бүлгүүд уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа удаа дараа илэрхийлээд байгаа.

Өчигдөр л гэхэд АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Эдийн засгийн өршөөлийн тухай хууль бол цагдаа, татвар дээр юм уу эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад янз бүрийн торгуультай аж ахуй нэгжүүдийг чөлөөлөх эсэхийг шийдвэрлэнэ. Тиймээс энэ хуулийн төсөл чухал ач холбогдолтой гэж үзээд байгаа.

Харамсалтай нь улс төрийн ашиг сонирхлоор энэ хуулийг мушгин гуйвуулах явдлаас болгоомжилж уг хуулийн төсөлд их няхуур хандаж байна. Ямар ч байсан Эдийн засгийн өршөөлийн тухай хууль зайлшгүй гарах ёстой хуулийн төсөл” хэмээн мэдэгдсэн. АН-ын бүлэг хоёр дахь долоо хоногтоо бүлгийн хуралдаанаар уг хуулийг хэлэлцэж байгаа нь нэлээд сонирхол татаж байна.

Харин МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуультай холбоотой асуулгыг Ерөнхий сайдад хүргүүлсэн байгаа. Тэрээр асуулгадаа “Төслийн зарим заалт татвараас бултаж, хөрөнгөө нуух замаар хяналт шалгалтаас бултаж чадсан этгээдүүдийг өршөөх агуулгатай байгааг онцолсон байна.

Харин үүний оронд бүртгэл тайлангаа цаг тухайд нь ирүүлж, хяналт шалгалтад хамрагдаж байсан ч эдийн засгийн хямралаас болж үйл ажиллагаа нь доголдож татварын өрөнд орсон, торгууль тавигдсан, хэрэг үүсгэгдсэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэхийг” шаардсан. Ямартай ч бизнес эрхлэгчдийг дэмжсэн хуулийн төсөл дуншиж, дуншиж ашгүй нэг хэлэлцэхээр боллоо.

Ингээд бизнес эрхлэгчид бол улс төрийн хүрээллийн зарим эрхмүүдийн хуультай холбоотой байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: “Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг нэн яаралтай батлах хэрэгтэй. Улстөрчдийг хасаад энэ хуулийг батлах ёстой. "Чингис" бондоос идсэн улстөрчид гарч ирэх л байх. Бизнес эрхлэгчдийг л энэ хуульд хамруулах хэрэгтэй” /2015 оны нэгдүгээр сарын 6, Хууль зүйн байнгын хороонд хэлсэн үгнээс/

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд: “Цаг алдалгүй энэ хуулийг баталсан бол хэдийнэ өгөөжөө өгөх байв. Наад зах нь хямралд арай өөрөөр тусах боломж өчнөөн байсан гэдэгт эргэлзэхгүй байна. /2015 оны нэгдүгээр сарын 30-ны “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа/

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав : “Хууль гарснаар санхүүгийн системийг зөвөөр ашиглах, компани, хувь хүн, иргэд өөрийн хөрөнгө, эд баялгаа өсгөх бүх бололцоо бий болно. Бизнес эрхлэгчид, пүүс, компаниуд ажлаа шинээр эхэлнэ. НӨАТ-ын хуулийн татварын буцаан авалтаар иргэн, аж ахуй нэгж яалт ч үгүй татвараа төлдөг тийм байдал руу очих ёстой”