2010.12.19

Н.Энхболд: Цагаатгах ажил дуусах шатандаа явж байна.

Цагаатгах ажил удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 20 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан тус комиссын дарга, УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн 20 жилийн хуга-цаанд хичнээн хүнийг цагаатгаад байна вэ. Ер нь цагаатгах ажил хэдийд эхэлсэн бэ?

-Цагаатгалын ажлын түүхийг эртнээс ярих хэрэгтэй юм билээ. 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үеийн дараахнаас нь буюу 1939 оноос эхлэн цагаатгалын ажил эхэлсэн байдаг. Тиймээс 1939 оноос 1990-ээд оны эхэн үе хүртэл 3000 гаруй хүнийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдүүлсэн байна гэж үзээд цагаатгасан байдаг. 1990 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдаад 20 жил болж байна. Монголын түүхэнд улс төрийн хэргээр хилсээр хэлмэгдээд цагаатгагдсан хүмүүсийн тоо 30-аад мянгад хүрч байна. Комисс байгуулагдсан 20 жилийн хуга-цаанд 26 мянга орчим хүнийг цагаатгасан байдаг. Энэ бол комисс байгуулагдсан гол үр дүнгийн нэг гэж хэлж болно.

Бид цагаатгах, цагаатгагдсан хүмүүст туслалцаа үзүүлэхээс гадна хэлмэгдсэн хүмүүсийн нэр төрийг сэргээх, алдрыг нь мөнхжүүлэх, судалгааны ажлуудыг хийх, хэлмэгдүүлэлтийн учир шалтгаан, нөхцөл байдлыг тодотгох, ямар хүмүүс, юунаас болж хэлмэгдсэн байна зэргийг судлах үйл ажиллагаа явуулдаг.

-Жилдээ хичнээн өргөдөл хүлээн авдаг вэ?

-1990-ээд оны эхэн үеэр комисс байгуулагдах үед жилдээ хэдэн мянгаар нь цагаатгадаг байсан. Одоо бол жилдээ 60-70 хүний өргөдөл ирж, шүүхээр хэлмэгдсэн гэдэг нь тогтоогдвол комиссоос нөхөх олговор олгох, бусад туслалцаа дэмжлэг үзүүлэх, судалгаанд хамруулах ажлыг хийж байна.

-Хэдий хэрийн хүнийг цагаатгах ёстой гэх тойм тоо байдаг уу?

-Бидэнд байгаа тооцоогоор Их хэлмэгдүүлэлтийн үеэр 35-40 мянга орчим хүн улс төрийн хэргээр шийтгэгдсэн байдаг. Яг хэлмэгдсэн эсэхийг нь нарийн хэлэхэд төвөгтэй. Хэлмэгдсэн, үгүй нь тодорхойгүй олон хүн байна. Тухайн үед улс төрийн хэргээр шийтгэгдэж байсан 5000 орчим хэрэг Тагнуулын ерөнхий газрын архивт байна. Энэ хэргүүдийг 2010 онд багтаагаад бүрэн хянаж дуусгахаар ажиллаж байна. Цагаатгалын ажил гэдэг бол ганц манай комиссын хийх ажил биш л дээ. Тагнуулын ерөнхий газар, шүүх, прокурорын байгууллага зэрэг олон байгууллагын хамтарч хийдэг ажил. 5000 гэдэг бол тойм тоо. Эдгээрийг шалгаад үзэхээр хэлмэгдсэн гэдэг нь үнэн байх нь бий ч заримынх нь мэдээ материал нь олдохгүй байдаг ч юм уу, эсвэл үнэхээр хэрэг хийснийх нь төлөө тухайн үеийн Эрүүгийн хэргийн дагуу шийтгэсэн нь зөв байжээ гэсэн дүгнэлт ч гардаг. Нийт өргөдөл өгсөн 30 гаруй мянган өргөдлийн 500 орчим мянга нь хийсэн хэргийнхээ төлөө тухайн үеийн хуулийн дагуу шийтгэгдэж байсан байдаг.

-Цагаатгах ажил ер нь хэдийд дуусах вэ?

-Анх эхэлж байсныгаа бодвол дуусах шатандаа явж байна. Жилийн өмнө УИХ-аар Цагаатгалын хуулийн зарим зүйл заалтын хуга-цааг дуусах заалтыг сунгах талаар яригдсан. 2011 оныг дуустал хугацаанд эцэг, эх эмээ өвөөгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаа хүм үүс өргөдлөө гаргах эрхтэй байгаа. Ер нь бол манай Цагаатгалын комиссын ажил нь 1990-ээд оны эхэн хүртэл асуудлыг шалгах, цагаатгах үүрэгтэй. Түүнээс хой-ших үйл явдлыг цагаатгах эсэхийг шалгах хуулиар оногдсон үүрэг байхгүй. Тэгэхээр цаг хугацааны хүчин зүйлээсээ аваад үзсэн ч гэсэн дуусах шатандаа явж байгаа. Өргөдөл өгөх хугацааг хуулиар 2011 оныг дуустал хэмээн заасан байгаа ч тухайн нөхцөл байдлыг судлах, хэлмэгдэгсэд туслалцаа үзүүлэх гэх мэт ажил үргэлжлэн явагдана.

-Төр иргэдээ хэлмэгдүүлснийх нь төлөө хойч үеийнхнээс нь уучлалт гуйж нөхөн олговор олгож байна. Харин тухайн үед хэлмэгдүүлсэн нам нь иргэдээсээ уучлалт гуйх асуудал хуулиар зохицуулагдсан байдаг уу?

-Энэ нь цагаатгалын, хэлмэгдүүлэлтийн асуудлыг тойрсон хамгийн их яригддаг асуудал. Олон нийтийн тодорхойлсноор бол МАХН одоогийн МАН ганцхан хийж байсан мэтээр ойлгодог. Гэтэл түүхэн үнэн талаасаа боловсон хүчин, улс төрийн хүчнийхээ хувьд хамгийн их хохирсон нь МАХН байдаг. МАХН-ын хувьд энэ үйл явдал болсонд албан ёсоор уучлалт гуйсан байдаг.

-Хэдэн онд вэ?

-2000 онд. Бид зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд хандаж болохгүй. Түүхэн үнэнийг тогтооход оролцох нь Цагаатгалын комиссын үлдэж байгаа хугацаанд хийх хамгийн том ажлын нэг болоод байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.