Үхэл наймаалагч ба “дахин ачаалалт”
2010.11.18

Үхэл наймаалагч ба “дахин ачаалалт”

Зохиолч Джордж Крайл «Чарли Уилсоны дайн» хэмээх өөрийн бестселлерт өнгөрсөн зууны 80-аад онд Афганы моджахедуудад зэр зэвсгийг нууцаар нийлүүлж, цэргийн техникийн хангамж үзүүлэхэд АНУ-ын Тагнуулын Төв Газрын тасаг ямар үүрэг гүйцэтгэсэн талаар өгүүлсэн байсан. Югослав, Египет, Хятад зэрэг янз бүрийн орны нийлүүлэгчдээс зэр зэвсэг, цэргийн хангамжийг худалдаж авахад “үхэл наймаалагчид” буюу зуучлагчид гол үүрэг гүйцэтгэдэг. Тэд нэг бол хар зах дээр захиалгын дагуу хэрэгтэй бүхнийг худалдан авдаг эсвэл төр засагтай гэрээ, хэлцэл хийхэд халхавч, бамбай болдог юм байна.

Николас Кейдж гол дүрд нь тоглосон 2005 оны “Зэвсгийн барон” киног бүтээгчдийн онгодыг хөглөсөн Оросын зэвсгийн наймаачин Виктор Бут гэгч этгээд Москвагийн ашиг сонирхлын төлөө иймэрхүү үүрэг гүйцэтгэж байсан уу? Тухайлбал “Financial Times” зэрэг хэвлэлд Бутыг “Оросын цэргийн тагнуулын удирдлагатай нягт холбоотой” хэмээн бичсээр байна. Хэрэв Бутыг ЗХУ нуран унасны дараа үлдсэн Зөвлөлтийн цэргийн машины хог хаягдлыг ухдаг хар захын жирийн наймаачин гэж үзвэл түүнийг Таиландаас АНУ руу шилжүүлэх үед Орост дипломат шуугиан дэгдсэн нь нэн хачирхалтай. Мэдээж, энэ нь сүүлийн 20 жилд Ази, Африк, Латин Америкт хийсэн Бутын гэрээ, хэлцэл бүхнийг Оросын төр засаг мэдэж байсан гэсэн үг биш. Гэхдээ Оросын төр засаг өөрийн олон тооны, авъяаслаг хакеруудтай хэрхэн харьцдагийг анхаарч үзвэл, Кремль заримдаа өөрийнх нь ашиг сонирхлыг бусад салбарт хамгаалсан тохиолдолд /жишээлбэл кибер дайн явуулах потенциалыг бүтээхэд Москвад тусалж байгаа бол/ иймэрхүү янз бүрийн ажиллагааг нүдээ аниад өнгөрөөдөг гэж төсөөлж болно.


Орос улс өөр хоорондоо харшилдсан, зөрчилдсөн ашиг сонирхлын асуудалд хутгалдах нь олонтаа. Энэ улсын батлан хамгаалахын үйлдвэрлэл бол тус улсын экспортод ажиллаж байгаа хамгийн өндөр ашиг, орлоготой салбарын нэг. АНУ болон Европын зарим орны нэгэн адил Орос улс нь цэргийн төрөл бүрийн техникийн борлуулалтаар дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ Оросын зэр зэвсгийг худалдан авагч зарим нөхөд нээлттэй, шууд наймаа хийх боломжгүй, тухайлбал хоригоос болоод. Оросын төр засаг “С-300” зенит-пуужингийн цогц системээ Иранд нийлүүлэхээс татгалзахдаа нилээд их хэмжээний санхүүгийн алдагдал хүлээсэн. Орос тэрчлэн Сири, Судан зэрэг улс орнуудад цэргийн техник нийлүүлснийхээ төлөө шүүмжлэлд их өртдөг. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн засаглал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай харилцаагаа “дахин ачаалах” асуудлаар ажиллаж байхдаа бүхэл улс орны хувьд чухал үр дагавартай олон арга хэмжээ авсан билээ.



Тэгэхээр Бут тогтоосон хоригийг хэрхэн тойрон гарах талаарх нууц мэдээллийг мөрдөн байцаалт дээр илчлэх учраас л түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхөд нь оросууд ингж их түгшсэн юм болов уу? Эсвэл Оросын цэргийн техник байх ёсгүй газраас гэнэт олдох үед тус улсын тагнуулынхны “үнэмшилтэй үгүйсгэдэг” олон аргыг тэр дэлгэж өгч магадгүй юм.


“Agence France Press”-ын нийтлэлч Дмитрий Закс энэ талаар Оросын хоёр шинжээчийн санал бодлыг ийнхүү хүргэж байна. Стратегийн үнэлгээний хүрээлэнгийн удирдагч Александр Коновалов “Зэр зэвсгийн нууц нийлүүлэлтэд хэн оролцдог байсан, мөн өөрөө хэзээ ийм гэрээ, хэлцэл хийсэн гээд хэтэрхий олон юмыг Бут ярьж магадгүй” хэмээн мэдэгдсэн байна. Харин Улстөрийн технологийн төвийн Алексей Макаркин “Бут бол зэр зэвсгийн нийлүүлэлтийн гэрээний талаар дэндүү их юм мэддэг хүн” гэж хүлээн зөвшөөрчээ.


Энэ бүхэн зарим талаар ичингүйрэх мэдрэмжээс үүдэлтэй байх талтай. Орос улс дэлхийн зэвсгийн наймааны зах зээлээс том хувийг авахаар тэмүүлэн, Европын олон компанитай шинэ холбоо тогтоож,  гэрээ хийх гэж оролдож байхад Бутын нэр сонинуудын тэргүүн нүүрэнд залрах нь 1990-ээд оны “хуучны, муу өдрүүд”-ийг эргэн сануулж байна.


Бутыг АНУ руу шилжүүлэхэд Таиландад саад болж чадаагүй Москва дахин нэг, таагүй сануулга авлаа. Энэ бол хэрвээ Америк улс ямар нэг асуудлыг шийдэхээр хамаг хүч чадлаа дайчлан, барьж авбал хэдийгээр Орос хүчирхэгжиж байгаа ч, тэрчлэн АНУ өөрөө дотооддоо асуудалтай байгаа ч гэсэн Москва, Вашингтоны хооронд эн тэнцүү өрсөлдөөн байхгүй гэсэн үг юм. Олон туйлт ертөнц болон АНУ бууран доройтож байгаа гэсэн элдэв яриаг үл харгалзан Вашингтон Бутыг авч чадсан нь тус улс дэлхийн тавцан дээр урьдын адил хүчирхэг, нөлөө бүхий хөшүүрэгтэй хэвээр гэдгийг баталж байна.

 

Иймээс л ОХУ-ын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дэд тэргүүлэгч Леонид Слуцкий “АНУ орчин үед дэлхийн улстөр ба олон улсын харилцаанд өөрийн нөхцлүүдээ тулгахыг оролдсоор байна” гэж гомдоллож байгаад гайхах юм алга.


Гэхдээ энэ нь жаахан хэтрүүлэгтэй сонсогдож байна. Мэдээж, тагнуулынханд “мэргэжлийн ямар нэг нууц” байж болох юм. Тэгээд ч Москва үүнийг нь Бут илчлээсэй гэж хүсэхгүй байгаа. Гэхдээ “дахин ачаалалт” нь илүү чухал, олон хүчин зүйлээс хамааралтай, тухайлбал Стратегийн давших зэвсгийг хязгаарлах шинэ гэрээнээс өгсүүлээд иргэний атомын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүртэл. Зургадугаар сарын “нууц туршуулуудын дуулиан” нь ердөө есхөн өдөр л этгээд, содон сонсогдож байсан бөгөөд хоёр орны харилцаанд хөнгөн цав суулгаад л өнгөрсөн. Бутыг АНУ-д хүлээлгэн өгсөн явдал ч мөн ийм ач холбогдол багатай үзэгдэл байж болох юм. Хэрэв “дахин ачаалалт”-д хохирол учирдаг юм аа гэхэд ямар ч гэсэн Бутыг г шилжүүлсэн өгснөөс болохгүй. 

АНУ-ын
"The National Interest" сонинд нийтлэгдсэн Николас Гвоздевын материалыг орчуулсан Ашим.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.