Эрдмийн өргөө эздээ хүлээн авлаа
2015.09.08

Эрдмийн өргөө эздээ хүлээн авлаа

Өчигдөр  Монгол 3 дугаар сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтанд орж, 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд шинэ сургуульдаа хичээллэхийг хүссэн сурагч багачууд, тэдний эцэг эх, тус сургуулийн багш хамт олноос гадна хэвлэл мэдээллийнхэн, БСШУ-ын сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Нармандах, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн нарын хүндэт зочид оролцлоо.

Сүхбаатар дүүргийн 3-р сургууль нь 1921 оны 11-р сарын 02-ны өдөр Монгол Улсын анхны бага сургууль болон байгуулагджээ. 1948 он хүртэл үлгэр жишээ бага сургууль, 1951 оноос бүрэн дунд сургуулийн статустай ажиллаж иржээ.

Түүхэн хугацаандаа дүүргийн тэргүүний сургуулиар 3 удаа, нийслэлийн тэргүүний сургуулиар 1 удаа шалгарч байсан төдийгүй бусад олон амжилтын эзэд төрөн гарсныг нээлтийн үйл ажиллагааны үеэр тус сургуулийн захирал В.Хоролгарав онцолж байлаа.

Энэхүү хичээлийн шинэ байр нь олон улсын стандартаар баригдсан, сурагч өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлсэн номын сан, интернэт танхим, чийрэгжүүлэлт, урлаг, хөгжмийн, биеийн тамирын өрөө танхимтай бөгөөд 960 хүүхдийн хүчин чадалтай, нийт 89 өрөө тасалгаатай, өдөр тутмын хичээл ордог 35 анги танхимтай, 70 бүлэгт 2800 сурагч хичээллэх боломжтой юм.

Ийнхүү маш олон хүний хүсэн хүлээсэн, шат шатандаа хичээж босгосон тус сургуулийн багш сурагчид, хүүхэд багачуудад, энэ барилгыг хугацаанаас нь өмнө хичээн зүтгэж ашиглалтанд оруулсан “Алтан булаг трейд” ХХК-ийн хамт олонд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан баярласнаа илэрхийлээд хичээл сурлага, ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.