Удам дамжсан сайд
УИХ- ын гишүүн Б.Болор
2015.09.11

Удам дамжсан сайд

Засагт залуу боловсон хүчнээр бүл нэмсэн нь УИХ- ын гишүүн Б.Болор.  Бодлого зангиддаг    чухал дөрвөн яамны нэг Сангийн яамыг удирдах болсон шинэхэн сайд Б.Болорыг “Хэн нь хэн бэ?”-д онцолж байна.

Шинээр томилогдсон сайд нараас залуу, бас үгүй гадаад харилцааны салбарт овоо туршлага хуримтлуулсан гэж тодорхойлж болно. Архангай аймгийн уугуул тэрээр 1997 онд Бельгийн вант улсын Европын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэгэхээр Сангийн яаманд харьцангуй мэргэжлийн сайд томилогдсон гэж болох талтай. Нөгөө талаасаа салбартаа мэргэжлээрээ төдийлөн удаан ажиллаж байгаагүй нь шүүмжлэлд өртөх сул тал нь болоод байгаа.

Дунд сургуульдаа толгой сайтай байсан тэрээр тухайн үед Төрийн сангийн зээлээр гадаадад боловсрол эзэмшсэн цөөн залуусын нэг. Гадаадад боловсрол эзэмшиж ирээд төрийн өмчит “НИК” компанид гадаад харилцааны мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж байсан.

Хожим нь аялал жуулчлалын салбарт дориун амжилттай  ажилласан гэдэг. Б.Болор “НИК” компанид хэдэн жил ажиллаад, дараа нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Гарьд тур” компанийг байгуулан богино хугацаанд олонд танигдах том компани болгож хөл дээр нь босгосон гэдэг. Англи, орос, франц хэл сурсныхаа ачаар компаниа төвөггүйхэн авч явдаг байсан тухайгаа тэрээр одоо хэр нь ярих дуртай байдаг юм билээ. Бас аялал жуулчлалын салбарт ажилладаг байхаасаа л улс төр сонирхдог байж. Ингээд 2001 онд АН-д гишүүнээр элссэнээр түүний улс төрийн карьерийн эхлэл тавигдсан гэж болно. УИХ-ын гишүүн, дэд сайд, сайд     гээд дэвшиж явна. Үүнээс гадна Б.Болор 2006 - 2008 онд Тиара Монголиа төслийн удирдагч, 2010 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч гээд бас ч үгүй залуу улстөрчийн хувьд боломжийн төвшинд яваа гэж намынхан нь дүгнэдэг. 2012 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрээр Төсвийн байнгын хорооны даргын албыг давхар хашдаг юм.

Шинэхэн сайдыг тодотгох өөр нэг зүйл бий. Түүний өвөө Сэд- Очир нь Архангай аймгийн бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан Төрийн томоохон зүтгэлтэн байсан. Тухайн үеийн Ой модны аж үйлдвэрийн яам, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд орлогч сайдаар олон жил ажиллаж байж. Харин түүний аав Баярбаатар Үйлдвэр худалдааны сайд байсан. Энэ тухайгаа Болор сайд “Гурван үеийн сайд гэдэг ховор хувь тохиол” хэмээн бахархдаг юм билээ.

Мөн Б.Болор АН- ын “Нэг ардчилал” фракцийн гишүүн. Хааяа цаг үеэ дагаад МҮДН фракцийн гишүүн болчихдог болохоор намын гишүүд нь яг аль фракцад харьяалагддаг нь эргэлзээтэй хэмээн шоглонгуй шүүмжилдэг тал бий. Ямартай ч өөрийгөө аль фракцад харьяалагддагийг албан ёсоор хэлдэггүй Б.Болор сайд АН-ынхаа бусад залуу гишүүдийг бодвол хэлэх гэснээ хэлчихдэг нэгэн. Нам доторх хагарал, талцал хэрээс хэтэрч, хэрүүл мэтгэлцээн нь тогооноосоо халихад намын гишүүд нь мэдсэн ч мэдээгүй мэт дуугуй суудаг. Харин эрхэм гишүүн намынхаа ах нарт хандаж, залуу гишүүддээ гай бололгүй эртхэн зайгаа тавьж өгөх хэрэгтэй гээд ширүүхэн үг чулуудчихаж чаддаг. Хэн нэгэн нэртэй зүстэй улстөрчийн нөмөр нөөлгөөр биш өөрийн мэдлэг чадвартаа илүү найддагаа ч ил хэлчихдэг юм.

Намынхаа ах гишүүдтэй  ана мана үзэлцдэг сайд улс төрөөс гадна спорт сонирхдог, бараг л бүх төрлөөр нь хичээллэдэг бас идэвхтэй дэмжигч нь. Зав цаггүй улс төрийн ажлын хажуугаар Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний тэргүүн, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч хийдэг. Мөн тэрээр 11 настайгаасаа хойш цуглуулсан хөлбөмбөг, хоккейчдийн зургаар хийсэн олон альбомоо одоо хэр нь хадгалж байдаг аж. Гадаад харилцаа, аялал жуулчлалын салбарт чамгүй мэдлэг, туршлага хуримтлуулсан гэдэг тодотголтой шинэ сайдын тухайд нэг иймэрхүү.

Сайд болохынхоо өмнө тэрээр Төсвийн байнгын хорооны даргын хувиар ажлын хэсэг гаргаж, Сангийн яамнаас аж ахуйн нэгжүүдэд гаргаж буй вексель бичих ажиллагааг шалгах шийдвэр гаргасан нь МАН болоод аж ахуйн нэгжүүдийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Асуудал бүрэн шийдэгдэж амжаагүй байтал Б.Болор Сангийн сайдаар томилогдсон. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ. Сангийн сайд Б.Болор өөрийнхөө гаргасан шийдвэрийн учрыг салбарт нь очиж олох нь дамжиггүй болов. Нөгөөтэйгүүр өр зээл, төсвийн тодотгол хийх шаардлагатай болсон гээд байдал хүндхэн байгаа энэ үед залуу сайд мэдлэг, чадвараа ашиглан эдийн засгаа өөд нь татах хариуцлагатай, чухал үүрэг түүнд ногдож байгааг сануулъя.