Хүмүүжиж буй 16-18 хүртэлх насны 24 хүүхдийн сурч боловсрох эрхийг хангана
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2015.09.28

Хүмүүжиж буй 16-18 хүртэлх насны 24 хүүхдийн сурч боловсрох эрхийг хангана

Хүүхдийн төлөө үндэсний газар, ШШГЕГ-ын 411-р ангийн захиргаа НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенци, МУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 103 дугаар зүйл, 18 дугаар бүлгийн 124,125,130 дугаар зүйл болон бусад холбогдох баримт бичгийг удирдлага болгон хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 

Хамтын ажиллагааны хүрээнд:

ШШГЕГ-ын 411-р ангид хүмүүжиж буй 16-18 хүртэлх насны 24 хүүхдийн сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах үүднээс Хан-уул дүүргийн 110 дугаар бүрэн дунд сургуулийн сургалтын орчин, нөхцөл, номын сан, хичээлийн анги танхим зэргийг зохих сатндартын түвшинд хүргэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах боллоо. 

Мөн хорих ангиас суллагдсан хүүхдүүдийг дахин давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор харъяа орон нутгийнхаа ерөнхий боловсролын сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлж зохих байгууллагуудтай хамтран шийдвэрлэх, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, насан туршийн боловсрол олгох төвд сургах, харъяа аймаг, орон нутаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст зуучлан ажлын байраар хангах ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Хүүхдийн төлөө үндэсний газрын зүгээс ШШГЕГ-ын 411-р ангийн бие бүрэлдэхүүн, нийгмийн ажилтныг хүүхэд хамгааллын чиглэлээр мэдлэг, мэдээллээр хангах, чадавхижуулах сургалтанд хамруулж, арга зүйгээр хангах, байгууллага хоорондын үйл ажиллагааг өргөжүүлэх санал санаачлагыг дэмжих талаар харилцан санал солилцож, хамтын ажиллагааны гэрээнд ХТҮГ-ын дарга, хатагтай И.Нарантуяа, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П. Хосбаяр нар гарын үзэг зурлаа.