“Эх орон-36” хөтөлбөрт 12000 гаруй хүүхэд хамрагджээ
Эх оронч үзэл, аливаа эрсдэлийг даван туулах чадвар, тэсвэр тэвчээр, хатуужил өнөөгийн өсвөр үеийнхэнд хэрэгтэй.
Харамсалтай нь сүүлийн үед эдгээр чанар манай хүүхдүүдэд маш их дутагдалтай байгаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн хүүхдүүд ихэнх цагаа интернет, сошиал ертөнцөд өнгөрөөж байна.
Хоёрхон настай хүүхдээс эхлээд гар утсыг хэнээс ч туслалцаа авалгүй хэрэглэж байгаа нь нууц биш юм. Хүний үг даахаас эхлээд амьдралын наад захын энгийн зүйлийг мэдэхгүй, эх орон, ард түмнээ хайрлах үнэ цэнийг мэдэх асуудал маш их дутагдалтай болсон энэ цаг үед хүүхдэд эх оронч төлөвшлийг бий болгох “Эх орон 36” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь хамгийн сайшаалтай юм.
ХАХНХ-ын сайд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх "Эх орон 36" хөтөлбөрийг санаачилж, 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийн тоо улам бүр нэмэгдэж байна.
Баянгол дүүргээс хамрагдсан 400 хүүхдүүд энэ сарын 15-аас 20-ны хооронд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд амарч “Эх орон 36” хөтөлбөрт хамрагдлаа. Тэгвэл уг хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг мэдэхээр Найрамдал төвийг зорилоо.
Уг хөтөлбөр нь 36 цагийн дотор 36 төрлийн цогц мэдлэгүүдийг өртөөчилсөн хэлбэрээр явуулдгаараа онцлогтой юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хүүхэд залууст хөрөнгө оруулалт хийж хүүхдүүдийн төлөө “ЗА” гэж хэлж чадвал хүүхдүүд маань эх орны төлөө “ЗА” гэж хэлж чадна. Тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрт 12 мянга гаруй хүүхэд хамрагдсан. “Эх орон 36” хөтөлбөр яагаад хүүхдүүдэд хэрэгтэй вэ гэхээр хүүхдийн төлөвшил гэдэг маш чухал зүйл болоод байна. Манай Монголын хүүхдүүд хаана ч гологддоггүй олон улсын уралдаан, олимпиад, тэмцээнд тэргүүлдэг. Хамгийн гол асуудал бол эх оронч үзэл, хүүхдийн хүмүүжил төлөвшил багаар ажиллах чадвар, өөрөө өөрийгөө аваад явах чадвар зэрэг энэ бүх зүйл Монгол хүүхдүүдэд хэрэгтэй болоод байна. Хүүхэд залууст хөрөнгө оруулалт хийж хүүхдүүдийн төлөө “ЗА” гэж хэлж чадвал хүүхдүүд маань эх орны төлөө “ЗА” гэж хэлж чадна. Хөрөнгө мөнгө зарахгүй, тусгай сургалт хийхгүйгээр, дан ганц ерөнхий боловсролын сургалт програмд баригдах юм бол тус хөтөлбөр үр дүнд хүрэхгүй, чанаргүй болно. Үүнд сургагч багш хангалттай бэлтгэн хүүхдүүдийг Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бэлдэж байна. Улс орон даяар энэ хөтөлбөр хэрэгжиж байна. Аймгуудаас сургагч багш ирж байна. Аймгууд өөр өөрсдийн зуслан дээр “Эх орон 36” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна.
Энэ хөтөлбөр байнга үргэлжилж байх ёстой. Гурван жилийн хугацаанд улсын төсөв хөрөнгийг суулгасан. Дараа жилүүдэд үргэлжлээд явахад хувийн зуслан компани өөрсдийн хөрөнгөөр өөрсдийн ажилчдын хүүхдүүдээ сургах боломжтой. Энэ жил Апу компани “Сансар” зусланд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна.
23 дугаар сургуулийн сурагч Б.Дөлгөөн: Гадаа гудамжинд хог хаяхгүй байхыг эх оронч үзэл гэж боддог.
Би энд ирээд их зүйлийг сурч байна. Бүлгийн ахлагч хийж байгаа. Цэрэгжилтийн байдал, ууланд авирах, галыг ганцаар унтраах, багаар унтраах, бие хамгаалах урлаг зэрэг олон зүйлийг сурч байна. Эх оронч үзэл гэдэг нь миний бодлоор хүнд туслах нэгнээ аврах бие биеэ гэсэн сэтгэлтэй байх. Энгийнээр хэлэхэд гадаа гудамжинд хог хаяхгүй байхыг л хэлнэ дээ. Энэ хөтөлбөрийг санаачилсан С.Эрдэнэ, С.Одонтуяа гишүүндээ баярлалаа гэж хэлье.
Намрын эхэн сар гараад цаанаа л нэг жиндүү хүйтэн. Гадаа бороотой 12 хэмийн хүйтэнд хүүхдүүд хүйтнийг ажрахгүй бүлэг бүлгээрээ уралдан өртөө өртөөн дээр очин багш нартаа сурсан зүйлээ харуулж байна. Үүнээс харахад 36 цагийн дотор ямар олон зүйлийг сурсан, мэдсэн нь илт байсан юм. Хүүхэд өсвөр үеийнхнийг бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн болон оюун санааны хэрэгцээ, хүсэл сонирхлоо биелүүлж, хөгжиж, төлөвшихөд нь чиглэсэн 36 төрлийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх цогц үйл ажиллагааг богинохон хугацаанд маш сайн эзэмшүүлж чадсан нь гайхалтай.
Тухайлбал, сургалтад хамрагдсан хүүхдүүд сэтгэхүйгээ хөгжүүлэх, нууц дохио тэмдгийг мэдэх, замын хөдөлгөөний дүрэм, гал түймэр гарсан үед галыг түргэн хугацаанд унтраах, ууланд хурдан авирах, утаат хийн багыг ашиглах, хий гарсан үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, багаар ажиллаж сурах, бэрхшээлийг даван туулах, Монгол орны засаг захиргааны нэгж, газар зүйн томоохон онцлогуудын талаарх мэдээлэл авах зэрэг олон зүйлийг сурч, мэдэж чаджээ.
Энэ удаагийн зуслан цугларалтыг ХАХНХ-ын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Цагдаагийн ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Зэвсэгт хүчний 150-р анги Олон Улсын хүүхдийн найрамдал төв, Уулын спортын холбоо хамтран зохион байгууллаа.
Өнгөрсөн жил тус хөтөлбөрт нийслэлийн төвийн зургаан дүүргийн 2500 орчим хүүхэд хамрагдаж, эх орноо хайрлах, аливаа эрсдэлийг даван туулах тэсвэр тэвчээр, бие даах чадварт суралцсан бол энэ жил 8000, явуулын сургалтаар 4000 гаруй, нийт 12000 орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулаад байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд гэхэд улсын хэмжээнд 10,995 хүүхэд хамрагджээ.
Хөтөлбөр жилээс жилд хүрээгээ тэлж орон нутгийн хүүхдүүд олноор хамрагддаг болсон нь уг хөтөлбөр ямар үр дүнтэй явагдаж байгааг харуулж байна.