Л.Болдод үгээ дайж, явуулын үйлчилгээг хүртсэн “бонус”-тай өдрүүд
“Явуулын нэг цэгийн үйлчилгээ-2015”
2015.09.29

Л.Болдод үгээ дайж, явуулын үйлчилгээг хүртсэн “бонус”-тай өдрүүд

Хан-Уул дүүргийн иргэдэд зориулсан “Явуулын нэг цэгийн үйлчилгээ-2015” арга хэмжээ энэ өдрүүдэд үргэлжилж байна. Дүүргийн ЗДТГ-аас УИХ-ын гишүүн Л.Болдын ажлын албатай хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Өнөөдөр дүүргийн зургаа, долоо, наймдугаар хорооны иргэдийг явуулын үйлчилгээг үзүүлсэн юм. Арга хэмжээнд дүүргийн газрын алба, нийгмийн халамж, хөдөлмөрийн хэлтэс, өрхийн эмнэлэг, албан бус боловсролын төв, цэргийн штаб зэрэг ЗДТГ-ын дэргэдэх 13 хэлтэс албад оролцож байна. Бас кадастр, нотариатийн хямдралтай үйлчилгээ, Албан бус насан туршийн боловсролын төвийнхөн үнэ төлбөргүй үсний засалттай “бонус”-тай өдрүүд Хан-Уулд үргэлжилж байгаа нь энэ.

Явуулын нэг цэгийн үйлчилгээний хамгийн эрэлттэй нь газрын алба болон хөдөлмөрийн хэлтэс байлаа

Газар, хөдөлмөрийн хэлтсийнхэн ачаалал ихтэй 

 Нийслэлчүүдэд цахимаар газар олгож эхэлсэнтэй холбогдуулан бүртгэлийн асуудлаар мэдээлэл, тодруулга хүссэн иргэд дийлэнх байв.

“Явуулын цэгийн үйлчилгээ иргэд бидэнд маш их хэрэгтэй. Настай хүмүүс тэр бүр хороо, дүүрэгт хүрээд байх чадалгүй” гэж байв.

Дүүргийн Өмч харилцааны газрын албаны мэргэжилтнүүд 13:00 цагийн байдлаар 40 гаруй иргэн ханджээ. Газар олголтын 52 байршлаас долоо нь тус дүүргийн газар нутаг. Дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтаар дөрөв байршил зарлагдаж 3,000 гаруй хүн түс дүүрэгт газар өмчлөх эрхтэй болжээ.

Харин бүртгүүлсэн ч газартай болж чадсангүй гэх иргэд олноор хандаж байгааг албаны мэргэжилтэн М.Тэгшжаргал хэлж байлаа. Учрыг лавлавал “Цахим бүртгэлийн программ өндөр нууцлалтай. Хэн нэгний нөлөөллөөс ангид ажиллагаа юм. Тиймээс иргэдийн хүсэлтийг сонсч, ярилцаж байхад бүртгүүлчихээд өгөгдсөн байршлуудаа сонгоогүй тохиолдол олон байна.

Мөн цахим бүртгэлд бүртгүүлчихээд сонгогдсон иргэд баталгаажуулахдаа тойрч будилах тохиолдол ч байна. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна Хан-Уул дүүргийн иргэн СХД-д газар өмчлөх хүсэлтээ гаргаад соногдсон бол тухайн дүүргийнхээ газрын албанд хандаарай” гэв. Цахим бүртгэлийн дөрөв дэх буюу сүүлийн удаагийн шалгаруулалтад тус дүүргээс 2,040 иргэн газартай болжээ. Газраа баталгаажуулж өргөдөл гаргах хугацаа ирэх сарын 3-нд дуусах юм байна. 

Харин Хөдөлмөрийн хэлтэст ажлын байр, зээл тусламж, төсөл хөтөлбөрүүдийг сонирхож асуусан иргэд ирж байв. Одоогоор дүүргийн хэмжээнд 1,800 гаруй идэвхтэй ажил хайгч байгаа гэнэ. Харин 250 ажлын байрны захиалга бэлэн байгааг Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Г.Буянхүү иргэдэд дуулгаж байв. Голдуу барилга,  худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр ажилтан авах юм байна.

Хан-Уул дүүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт өрнөж, тэр хэрээр газар нутаг нь тэлж буй билээ. Буянт-Ухаа, Шинэ Яармаг гээд томоохон хороолол босч байна. Шинэ Яармаг хорооллыг барьж буй “Дельта констракшн” компани дүүргийн ажилгүй иргэдийг сургаж ажлын байраар хангаж байгаа гэнэ. Ирэх сард засал чимэглэлийн сургалт явагдана. Харин төсөл хөтөлбөрийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан үйлчилгээ байгааг иргэд лавлаж хэрэгтэй мэдээллээ авч байв. 

УИХ-ын гишүүн Л.Болдод санал, хүсэлтээ дайлаа

“Явуулын нэг цэгийн үйлчилгээ-2015”

Газар, ажлын байрны талаар мэдээлэл авахаас гадна хөгшчүүд өрхийн эмч нарт даралтаа үзүүлж, нийгмийн халамжаас хүнсний талон, рашаан сувиллын хуваарийг сонирхож байв. Иргэдийн амьдралд нэн шаардлагатай ажил үйлчилгээг ийнхүү ойртуулсан нь алба, хэлтэс бүрийн ажилтнуудын өмнө иргэд дугаарлан зогсч байгаагаас тод харагдана.

Зургадугаар хорооны иргэн П.Баатарчулуун газрын албанаас хүссэн мэдээллээ аваад, бас дээрээс нь даралтаа үзүүлчихээд  сэтгэл хангалуун гарч явна. Тэрбээр “Явуулын цэгийн үйлчилгээ иргэд бидэнд маш их хэрэгтэй. Настай хүмүүс тэр бүр хороо, дүүрэгт хүрээд байх чадалгүй” гэж байв. Халамжийн үйлчилгээнээс ач охиныхоо халамжийн талаар мэдээлэл лавласан наймдугаар хорооны иргэн О.Жаргалсайхан ч ам сайтай байлаа. 

Төрийн үйлчилгээ нэг дор төвлөрсөн явуулын цэгт УИХ-ын гишүүн Л.Болдын ажлын алба ажиллаж иргэдийн санал хүсэлтийг сонсч байв. Гэр хороолол олонтой дүүргийн хувьд иргэд гэр болон газрын асуудлаар нэлээд хүсэлтээ дайж байхтай таарсан юм. Ажлын албаныхан иргэдийн санал, хүсэлтийг тэмдэглэн авч шийдвэрлэх арга замын талаар тайлбарлаж байв.

Гэртэй болгож өгөөч гэсэн хүсэлтүүдийн хариуд энэ талаар төсөл хэрэгжүүлж байгааг дуулгасан. Шувуун фабрикийнхан цахилгааны асуудалд анхаарахыг хүсэв. “Дүүргийн дэд бүтэц сүүлийн жилүүдэд сайжирсан”, “Гишүүд ингээд ард олныгоо сонсох нь ховор. Харин Л.Болд гишүүн бол өөр”, “Хийсэн ажилтай олонд танигдсан хүн шүү” гэх яриа ажлын албанд ирсэн хүмүүсийн дунд өрнөж байв.   

Хан-Уулчууд энэ өдрүүдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй авахаас гадна санал хүсэлтээ дайж, үсээ үнэгүй засуулж буцахдаа энэ үйлчилгээг улирал тутамд зохион байгуулж байхыг албаны хүмүүсээс хүссэн юм. Явуулын нэг цэгийн үйлчилгээг энэ сарын 27 хүртэл иргэдэд хүргэх ажээ.