Агаар бохирдуулагч гол бодисууд 1.7 дахин буурсан
Жижиг ширхэгт тоосонцор 24 хувъ, азотын давхар исэл 32 хувиар буурсан.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2010 оноос эхлэн тодорхой ажлуудыг хийж эхлүүлсэн. Үүний хамгийн гол ажил нь АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”, Дэлхийн банкны “Улаанбаатар Цэвэр агаар” төслийн дэмжлэгтэйгээр 2011-2013 онд 136,924, 2014 онд 21,735,2015 онд 9459 гээд нийт 168,118 сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд олгосон байна.
Энэ нь гэр хорооллын нийт өрхийн 91 орчим хувь хамрагдсан үзүүлэлт юм. Энэ хугацаанд Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”-гаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудад нийт 88.82 тэрбум төгрөг зарцуулжээ.
Бас нэг томоохон дэвшил нь Улаанбаатар хотын агаарын чанарыг хянадаг болсон явдал билээ. Ингэхдээ нийт 14 цэгт агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий (802), азотын давхар исэл (N02), том ширхэглэгт тоосонцор (РМ10), нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хийн (СО) агууламжийг тодорхойлж байна.
Гэр хорооллын айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед дээрх үзүүлэлт нь чамлахааргүй амжилт юм.
Хяналтын 14 цэгийн 10 нь Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын албанд, дөрөв нь нийслэлийн Агаарын чанарын албанд харьяалагддаг. ЖАИКА-гаас хэрэгжүүлж буй Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төслөөс санхүүжүүлж, орчин үеийн техник технологи бүхий автомат суурин харуул нэг, Засгийн газрын “Цэвэр агаар сан”-гийн санхүүжилтээр мөн нэг суурин харуул худалдан авахаар шийдвэрлэсэн.
Эдгээр харуулын найм нь гэр хороолол дунд болон түүнтэй хил залгаа байрладаг. Ийнхүү агаарын чана-рыг хянаснаар дараах үр дүнгүүдийг тодорхой болгожээ. 2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сарын агаар дахь том ширхэглэгт тоосонцрын сар бүрийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулая.
Аравдугаар сард хоёр хувь, арваннэгдүгээр сард дөрвөн хувь, арванхоёрдугаар сард 38 хувь, нэгдүгээр сард 32 хувь, хоёрдугаар сард 26 хувь, гуравдугаар сард бүр 39 хувь, дөрөвдүгээр сард 29 хувиар тус тус багассан үзүүлэлттэй байна. Гэр хорооллын айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед дээрх үзүүлэлт нь чамлахааргүй амжилт юм.
“Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг нэвтрүүлж www.agaar.mn цахим хуудас нээн ажиллуулах болсныг дагаад android болон 0S үйлдлийн систем бүхий гар утаснаасаа энэ талаарх мэдээллийг иргэд авах боломж бүрдсэнийг онцолж болно. Мөн агаарын чанарын долоо хоног тутмын хэмжилтийн мэдээг нэгтгэн холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд хүргэдэг болсон юм.
Ийнхүү дээрх арга хэмжээг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд авч хэрэгжүүлснээр 2014 оны хэмжилтийн дүнтэй харьцуулахад том ширхэгт тоосонцор гурван хувь, жижиг ширхэгт тоосонцор 24 хувь, хүхэрлэг хий дөрвөн хувь, азотын давхар исэл 32 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, хүйтний улиралд Улаанбаатар хотын агаар бохирдуулагч гол бодисуудын агууламж өмнөх онуудтай харьцуулахад 1.1-1.7 дахин буурсан байгаа нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа гол үр дүн гэж хэлж болно.