Нэг алдсан ч алдаагаа засч чадаж байгаа нь маш том үр дүн
25-р суваг тв-ын “Ярилцья л даа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Болд оролцлоо.
Өнөөдөр танай байнгын хороо ямар асуудлыг хэлэлцэв. Өршөөлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, цэцийн дүгнэлт гэх мэт асуудал ярьсан энэ талаар ?
-Анхаарлын төвд байгаа цэцийн дүгнэлтийг ярьлаа. Хууль зүйн байнгын хорооны дийлэнх нь энэ дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэж байгаа. Мэдээж хэрэг эцсийн дүнг чуулган гарган. Гэхдээ энэ цаг үеэ авч үзэхэд цэцээс гаргасан нааш цааш болж төрийн тогтолцоог доргионд оруулах шийдвэрийг олон талаас нь шүүж үзэх хэрэгтэй байдаг. Энэ талаар нэмээд ярьж болно. Өршөөлийн хууль гарсан нь цагаа олсон ард түмний хүсэн хүлээж байсан хууль.
Гэхдээ дотор нь бол олон талаасаа маргаантай, зөрчилтэй зүйл байсан. Хориг ирсэн, хүлээж авсан. Хоригын дагуу дагаж гарах нэмэлт өөрчлөлтийн хуулийг хэлэлцээд санал хураалтаа гаргаад шийдлээ. Энэ дотор нэг зүйлд баярлаж байгаа.
Дөнгөж сая хууль зүйн байнгын хороон дээр авилгачдыг бол өршөөхгүй гэсэн саналыг олонхоороо шийдэж гаргалаа. Чуулганаар баталгаажих юм бол ард түмний авилгатай хийх тэмцэл хүрэх зорилгодоо хүрэх боломжтой болно. Үүнийг хууль зүйн байнгын хороо олонхооро шийдвэрлэлээ.
Өршөөлийн хуулийн цаг үеэ олсон чухал хууль гэж ярьж байгаа. Гол ололт нь юу бэ? Зарим шүүмжлэгчид хэт ойр ойрхон гараад байна ардчилсан нам сүүлийн үед ойр ойрхон гаргачихлаа гэсэн яриа бий. Үүн дээр хувь саналаа бас хэлнэ үү?
-Өршөөлийн хууль ойрхон гарч байгаа хоёр шалтгаан бий. Нэгд бид хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулж байгаа. Үүний тулд энэ хууль гарах шаардлага байгаа юм. Жишээлбэл 7-р сарын нэгэнд хуулиараа үзвэл олон зуун залуучууд гэмт хэрэгтэн болох гээд байгаа. Нийгмийн өөрчлөлтийн төлөө эсэргүүцэл илэрхийлсний төлөө шүү дээ гэх мэтчилэн зайлшгүй шаардлага бол байгаа.
Хоёрт манай улсын хууль эрх зүй тогтолцоо систем нь шинэ нийгмийн системд нийцэхгүй байгааг харуулж байна. Хуулийг гуйвуулж, буруу ашиглаж, хүн хэлмэгдүүлж болоод байна. Үнэхээр 100 хүнээс 10 нь хэлмэгдэж байгаа нь харамсалтай зүйл. Иймэрхүү асуудлын үүднээс өршөөлийн хууль ойрхон давтамжтай гараад байгаа.
Хятад улсад бол өршөөлийн хууль 50 жилдээ нэг гардаг. Үнэхээр манай улс зөв нийгэм байгуулж гэдгийг харж байгаа. Өршөөлийн хуульд хамрагдсан иргэдийн 94 хувь нь дахин гэмт хэрэгт орохгүй байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүжилтэй нийгэмдээ хэрэгтэй идэвхитэй гишүүдийг бий болгож байна. Нэг алдсан ч алдаагаа засч чадаж байгаа нь маш том үр дүн. Миний хувьд өршөөлийн хууль энэ утгаараа цагаа олсон гэж бодож байгаа.