Би тийм ярилцлага өгөөгүй
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 9 бүлэг 53 зүйл бүхий барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. БХБ-ын сайд З.Баянсэлэнгээс цөөн зүйлийг тодруулж амжлаа.
- Уучлаарай тантай хэдхэн хором ярилцъя. Байнгын хороогоор Барилгын хуулийг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Шинэ хуульд тусгагдсан гол гол заалтуудаас дурдахгүй юу?
- Барилгын хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр болж байна. Ер нь хуулийн төслийг эрчим хүч, автозам зэрэг холбогдох бүхий л салбартай нягт уялдаатай боловсруулсан. Барилгын ажилтнуудыг амь насны даатгалд хамруулах, барилгын компани ажилтнуудыг бүртгэлжүүлж мэдээллийг ил тод байлгах, ашиглалтын гэрчилгээг чанар аюулгүй байдлын түвшингээр нь ялгах, төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх гээд шинэ зохицуулалтууд нэлээд бий.
- Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх гэдэг нь ямар учиртай юм бэ?
- Төрийн үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх, олон шат хүнд суртлыг багасгах зорилгоор барилгын ажилтныг давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох, барилгын тусгай зөвшөөрөл олгох зэрэг төрийн ажлыг мэргэжлийн холбоо ТББ аар гүйцэтгүүлэхээр заасан байгаа. Жишээ нь барилгын тусгай зөвшөөрөл авахтай холбоотой ямар их чирэгдэл гардгийг бид мэднэ.Тэгэхээр өмнө нь тусгай зөвшөөрөл 28 хоногт олгогдог байсныг өөрчилж, 10 хоногт олгож байхаар тусгаж байна. Ер нь яам аж ахуйн үйл ажиллагаа явуулах биш бодлогын яам байя гэж тусгасан.
- Саяхан газар хөдөлсөн. Барилга нурахад хариуцлага хэн хүлээх вэ гэдэг зохицуулалт байхгүй гэж та БХ-ны хурал дээр хэлсэн?
- Хуулийн зохицуулалтгүй явж ирсэн асуудал. Үүнийг одоо шинэ хуулийн төслөөр зохицуулан оруулж ирж байна. Манай яам журам гаргадаг. Нийслэлд яамнаас давсан журам гаргадаг. Жишээлэхэд газар хөдлөлөө гэхэд барилга нурсан тохиолдолд нийслэл хариуцах уу, яам хариуцах уу гэдэг зохицуулалт өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар байхгүй байна.
- Та ажил аваад сар болж байна. Нэлээд ажил амжуулж байгаа бололтой. Эмэгтэй хүнд бол хүндхэн салбар биз?
- Ер нь эрэгтэй салбар гэж ярьцгаадаг л даа. Гэхдээ дийлэнх нь эмэгтэйчүүд л ажилладаг юм билээ. Ачаа үүрч алдаа гаргахгүйг хичээж өөрийгөө их шахаж ажиллаж байгаа даа.
- Би шагналаа хүртсэн гэж ярилцсаныг уншсан юм байна. Та сайдын суудлыг хэлсэн үү, яагаад тэгж зоригтой ярьсан юм?
- Би тэр ярилцлагыг харсан. Энэ дашрамд би албан ёсоор хэлье. Би тийм муухай агуулгатай тийм аймар үг хэллэгтэй ёс зүйгүй ярилцлага өгөөгүй. Надтай зөвхөн салбарын тухай л ярилцсан. Миний хэрэглээний үгийн санд тийм “бацаан, новш, хулгайч,товарищ” энэ тэр гэсэн үг байхгүй. Би өөрөө гайхсан. Зориуд миний үг хэллэгийг мушгин гуйвуулж эвгүй хурц хэллэгтэй муухай өнгөтэй ярилцлага гаргасан байна лээ.
Тэр сэтгүүлч өөрийнхөө үзэл бодол эмоцио нэмж шингээгээд биччихсэн юм шиг байна. Би аль болох алдаа гаргахгүйг хичээж ажиллаж байгаа. Хүнийг ингэж муухайгаар цацаж болохгүй шүү дээ. Залруулах хэрэгтэй. Бусад гишүүд шиг ярилцлагаа цацаж нийтлэхээс нь өмнө харж хянаагүй нь миний алдаа болсон.
- Баярлалаа танд амжилт хүсье