УИХ-ын гишүүн Я.Содбаатар орон нутагт ажиллаж байна
Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос сумдын эмэгтэйчүүд, залуучуудын чуулга уулзалтыг Бүрд, Есөнзүйл, Өлзийт суманд амжилттай зохион байгууллаа.
МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” аяны хүрээнд залуучуудын дуу хоолойг сонсох, Төрөөс залуучуудыг дэмжих бодлогод санал бодлыг нь тусгахаар НАМЗХ-ноос 21 аймагт 1000 залуусын чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн залуучуудын чуулга уулзалт өнөөдрийн байдлаар 12 аймагт зохион байгуулагдаад байгаа юм.
Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны дэргэдэх НАМЗХ-ны хувьд чуулга уулзалтаа сум бүрт очиж зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Сумдын залуучуудын байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх, залуучуудын эвийн хүч, нөхөрлөлийг бататгах зорилготойгоор ийнхүү сум бүрт чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Ингэснээр 2000 гаруй залуус хамрагдана хэмээн Өвөрхангай аймгийн НАМЗХ-ны дарга М.Батзориг онцоллоо.
/25-р суваг тв/
Энэ хүрээнд нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос мөн чуулга уулзалтыг давхар зохион байгуулж байгаа юм байна. Чуулга уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон УИХ-аас баталсан хууль, тогтоомж болон хэлэлцэж байгаа асуудлуудын талаар иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар мэдээлэл хийсэн юм.