БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол орон нутагт ажиллалаа
УИХ-ын гишүүн, БОНХАЖ- ын сайд Д.Оюунхорол энэ сарын 11-16-ны өдрүүдэд Өвөрхангай, Архангай, Завхан аймгуудад ажиллав.
Эдгээр аймгийн цаг үеийн байдал, БОНХАЖЯ- ны харьяа газруудын үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн удирдлага, ард иргэдийн санал бодлыг сонсч, тодорхой зарим асуудлаар арга хэмжээ авч, үүрэг, чиглэл өгөх нь хөдөө орон нутгийн томилолтын гол зорилго байв. Аймгуудын удирдлага, Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон дээрх аймгууд дахь Онги таац гол, Орхон Чулуут гол, Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааны удирдлага, албан хаагчидтай уулзаж, ажил төрөлтэй нь танилцсан юм. Завхан аймгийн хувьд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын гурван ч удаа сонгогдсон тойрог нь учраас томилолтын багагүй хугацааг цаст Отгонтэнгэрийн орчимд өнгөрүүлсэн билээ. Өнөө жилийн хувьд Завхан аймагт харьцангуй эрт зун болж, сүүлийн жилүүдэд хатаж ширгээд байсан гол горхи, нуур цөөрөм бүхэн сэргэж, урссанд хүн зоны магнай ёстой л нэг тэнийжээ.
Нийт газраар гандуу хуурай байхад нутагт нь олон жилийн дунджаас ахиу хуртай байсанд нутгийнхан тун ч бэлгэшээн баярлаж байгаагаа УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайддаа ярьж байв. Тус яамнаас “Цэвэр орчинд хоггүй наадья” аян зарлаж, долдугаар сард улс нийтээрээ хогоо цэвэрлэхийг уриалж, болзолт уралдаан зарласан. Аянд идэвхтэй оролцохыг Д.Оюунхорол сайд очсон газар бүртээ уриалж, идэвхтэй оролцож буй зарим газрыг сайшааж явлаа. Ялангуяа хүн зон олноор холхисон аялал жуулчлалын бүс нутгууд хоггүй орчныг бий болгож, бусдадаа үлгэр дууриал үзүүлэх ёстой ажээ. Архангай аймгийн Тариат сум Тэрхийн Цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаараа жуулчдыг татаж, өдөрт 1000 орчим аялагч ирж очдог болжээ. Иймээс тус аяллын бүс нутагт хог хаягдалгүй орчин бүрдүүлж ажиллах шаардлагатай нь БОНХАЖ-ын сайдыг ажиллах үед анзаарагдсан юм. Тус яамнаас мөн “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг зарлаж, өнгөрсөн хавар улс даяар нэг сая гаруй мод тарьсан.
Намар дахиад тарина. Одоо бол тарьсан модоо арчилж, ургуулах шаардлагатайг сайд Д.Оюунхорол очсон газар, уулзсан хүн бүртээ анхааруулж явлаа. Ногоон моддыг олноор ургуулах хөдөлгөөнд Завхан аймаг даяараа идэвхийлэн оролцож байгаад мөн талархал илэрхийлсэн юм. Салбарын сайд Завхан аймаг дахь Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой асуудлуудаар үүрэг, чиглэл өглөө. Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр БОНХАЖ-ын сайдын өнгөрсөн зургадугаар сарын эхээр гаргасан журам газар дээрээ амжилттай хэрэгжиж байна.
Отгонтэнгэр хайрханы байгалийн үзэсгэлэнг үзэж сонирхохоор жилд 5-6 мянга орчим дотоодын, 600 орчим гадаадын жуулчин зорин очдог ажээ. Дэд бүтэц хөгжүүлж, аялагчдын тав тухыг хангах орчныг бүрдүүлэх замаар байгаль дэлхийдээ ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхээр дээрх журмыг гаргажээ. Одоогийн байдлаар аялагчдын замд буюу хайрханы бэлд амрах, отоглох цэг, бие засах газар, хог бөөгнүүлэх цэг, танилцуулгын самбар зэргийг байгуулжээ. Ойрын хугацаанд машины зогсоол, хүндэтгэлийн хаалга, гүүр зэргийг хийж дуусгах юм байна. Аялагчдыг машинаа тавих зогсоолтой болгож, уул өөд явах замыг хааснаар цагаан уулынхаа хөрс шороог талхлах үзэгдэл зогсоно гэж Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга Батдэлгэр ярьсан юм.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын багт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ө.Сумьяабаатар, ГЗБУНБЗГ-ын дарга Г.Мөнх- Эрдэм, ХШҮДАГ-ын дарга Ч.Даваасамба, Байгаль хамгаалах сангийн захирал Х.Батжаргал нар ажилласан. Мөн UBS телевизийн “Ногоон ирээдүй” нэвтрүүлгийн багийнхан хамт ажиллав. Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул сумдын ард иргэдэд Үндэсний их баяр наадмын бэлэг болгож, UBS телевизийн бүтээл “Содура” уран сайхны киног үзүүллээ.
Байгаль, хүний хүйн холбоо хэлхээг уран сайхнаар харуулсан уг бүтээл Каннын кино наадамд улсаа төлөөлөн өрсөлдөх гэж байгаа гэнэ. Ийм сайхан бүтээл үзүүлсэнд иргэд сонгогчид тун ч баяртай байлаа. Мөн УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ажил үйлсээрээ манлайлсан олон хүнийг баяр наадмыг тохиолдуулан төрийн болон салбарын шагналаар шагнаж урамшуулсныг гардууллаа. “Наадмын дараа намар” гэдэг учраас өвөлжилтийн бэлтгэлээ цаг алдалгүй хангаж ажиллахыг аймаг сумдын удирдлагад сануулж, үүрэг чиглэл өгсөн юм.