Хилийн тухай хуулийн төслийн Хууль зүйн байнгын хороонд буцаалаа
2015.10.23

Хилийн тухай хуулийн төслийн Хууль зүйн байнгын хороонд буцаалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Тэмүүжин “ Хил хамгаалах байгууллага, шалган гаалийн гэх мэтчилэн боомт дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүх эрх мэдлийг өөр рүүгээ татаж байна. Машинд хууль бус эд бараа, хүний цогцос орж ирж байна гэдэг нь гаалийн хяналт сул байгаатай холбоотой. Гаалийн байгууллагыг ойлгодог ойлголт ч гажуудалтай байна. Дэлхийн бусад улс оронд гаалийн байгууллага хилээрээ хууль бус бараа, үйл ажиллагааг нэвтрүүлэхгүй байх зорилготойгоор ажилладаг.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Өнгөрсөн өвөл хил боомтуудаар явсан. Тиймээс өнөөдрийн оруулж ирж байгаа асуудлыг дэмжиж байна. Энэ хил хамгаалах, туслах хүчний сайн дурын үйл ажиллагааг дэмжинэ гээд оруулаад ирсэн байна. Техник болон үйл ажиллагаа явуулах боломж хэр зэрэг хангагдсан байна вэ? Иргэний харьяат, визийн зөрчил зэрэг харьяатын чиглэл өөрчлөгдөх юм байна. Энэ салбарын халагдах солигдох тооцоо судалгааг хийсэн юм уу.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өргөдлийн байнгын хороонд өргөдөл их ирсэн. 1990 оноос хойш хоёр удаа хилээр цогцос нэвтрүүлэхээр завдсан тохиолдол гарлаа. Монголоос Хятад руу, Хятадаас Монгол руу. Бүхэл бүтэн хүнийг гарч байхад л шалгаж чадахгүй байхад жижиг хэмжээний алт гарахад яаж мэдэх вэ дээ” гэлээ.   

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Эргэлзээтэй зүйл их байна. Дахиад нэг баахан нүүдэл суудал болох юм байна. Миний сонссоноор 500 хүн ширээ сандлаа чирээд явах юм байна. Ийм богино хугацаанд нүүдэл хийх шаардлага байна уу. Ажлын чанар муудсан гэдэг нь ямар учиртай юм бэ? Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл санаа ямар байгаа юм? Ер нь нүүдэл суудлын асуудлыг яарч шийдэхгүйгээр байнгын хороогоо дахиад авч үзвэл яасан юм бэ?

Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Хуулийн нийт заалтын 50-иас дээш заалт өөрчлөлт орох юм бол шинэчилэн найруулдаг. Гэтэл өнөөдрийн яригдаж байгаа асуудал бол 30 хувийн өөрчлөлт орж байна. Хоёрт ширээ сандал зөөх бол асуудал биш. Ганцхан ямар удирдлагын доор хэн юу хийдэг болчихов гэдэг нь чухал. Зөрчлийг илрүүлэх ажил муудсан, үхсэн хүнийг ачаанд хийгээд хэд хэдэн удаа оруулж ирсэн. Шаардлагатай бол хилийн зөрчлийг хэлээд өгч болно. Дутуу харж хийсэн юмаа янзлах хэрэгтэй, ухаантай харж амьдрал дээр яаж хэрэгжиж байгааг харах хэрэгтэй.

Үүний дараа Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд буцаалаа. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ, Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН нар хийсэн юм. Энэ хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн зүгээс 75 хувийн дэмжлэг авч Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.