Хүүхдүүдийн саналыг хуулийн төсөлд тусгана
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И. Нарантуяа
2015.10.29

Хүүхдүүдийн саналыг хуулийн төсөлд тусгана

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд иргэд, олон нийтийн саналыг авахаар хүүхдийн эрхийн ногоон карт аяныг зарласан билээ.

Энэ талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И. Нарантуяагаас тодруулав.

-Хүүхдийн эрхийн ногоон карт аян дөрвөн сар үргэлжилж, энэ сарын 25-нд дууссан. Бүх аймаг, дүүргээр аялсан ногоон картанд иргэдээс олон санал ирсэн гэж сонссон. Дийлэнх нь ямар асуудлыг хөндсөн байна вэ?

-Хүүхдийн эрхийн ногоон карт аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын ажилтан, орон нутгийн удирдлага, төрийн байгууллагын ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид, иргэн, аж ахуйн нэгжээс санал авч багцаллаа. Иргэд, олон нийтээс ирүүлсэн саналыг багцалж үзэхэд хэд хэдэн үндсэн чиглэлд хамгийн олон санал ирсэн байна.

Тухайлбал, хүүхдийн эрх, хамгаалалд салбар дундын зохицуулалтыг сайжруулах, Хүүхдийн эрх, хамгааллын чиг үүрэг хүлээх байгууллага, ажилтнуудын эрх, үүргийг тодорхой болгох, нийгмийн баталгааг хангах, Хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтолцоо, санхүүжилтийг оновчтой болгох, Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр олон нийтийн оролцоог бүхий л талаар идэвхжүүлэх, байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар олон санал ирсэн.

-“Өмнө нь ийм олон санал УИХ дээр ирж байгаагүй. Энэ удаа хүүхдүүд өөрсдөө саналаа өгсөн” гэж байсан. Хүүхдийн эрхийн ногоон карт аян дээрх хуулийн төслийг хэлэлцэхэд голлох үүрэг гүйцэтгэж чадах болов уу?

-Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг бид УИХ-д өргөн барихад зарим бүлэг, зүйлүүдийг илүү тодруулах талаар зөвлөмж өгсөн. Энэ дагуу Хүүхдийн эрхийн ногоон карт аян, олон нийтийн уулзалт, хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллийн хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулах гэх мэт олон аргаар санал авсан. Түүнээс хуулийн тусгаж өргөн барих гэж байна.

Мөн анх удаагаа иргэд, олон нийтээс хуульд санал авч байгаагаараа онцлог юм. Хүүхдийн эрхийн ногоон карт аяны хүрээнд нийт 24478 санал ирсэн. Энэ олон саналыг хуулийн төсөлд тодорхой хэмжээгээр тусгана гэдэгт итгэлтэй байна.