“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжлийн төв” хоёр жилийн дараа ашиглалтад орно
УИХ-ын гишүүн, ХАХНХЯ-ын сайд С.Эрдэнэ Хятад улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар олгосон мөнгөөр хувийн бизнесийг дэмжлээ гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Тэгвэл энэ талаар сайд С.Эрдэнэ албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тэрээр охиных нь нэр дээр байдаг “Шонхор таур”-ын барилга анхнаасаа хүүхэд залуусын боловсролыг дэмжих зориулалтаар газар барилгын зөвшөөрлөөр баригдсан төдийгүй улсын мөнгөөр барьсан зүйлгүй гэдгийг хэлсэн.
Харин нэг жил гаруйн өмнө БНХАУ-ын засгийн газраас манай улсад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжлийн төв”-ийг 60 тэрбум төгрөгөөр барьж өгөхөөр болж тус улсын талаас зураг төслийг нь гаргаснаар эцсийн байдлаар ирүүлжээ. Харин манай улсын тал Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Сонсголонгийн гүүрний дэргэд гурван га газрыг дэд бүтэцтэй нь шийдэж өгсөн байна.
УИХ-ын гишүүн, ХАХНХЯ-ын сайд С.Эрдэнэ: Холбогдох дэд бүтцийн асуудлыг Монголын тал шийдэхээр тохиролцсон. Үүнд 2016 оны улсын төсвөөс одоогийн байдлаар 2 тэрбум төгрөг суусан. Үүгээр дулаан, цэвэр, бохирын шугамын асуудлыг шийдэх юм. Тендер нь зарлагдаж байна. Шалгарсан компани энэхүү байгууллагын гадна дэд бүтцийн ажлыг хийх юм.
Дээрх 60 тэрбум төгрөг нь манай улсад бэлнээр орж ирэхгүй. Энэ мөнгөөр Хятадын тал өөрсдөө бүх зүйлийг барьж дуусгах юм байна. Нийт 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан энэ төв ойролцоогоор хоёр жилийн дараа ашиглалтад орох төлөвлтэй байна.